| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2017/03733/И |
| Дугаар | 181/ШШ2018/00332 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2018/00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЖФ ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
үнэлгээгхүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3. “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө...” гэж заасны дагуу 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 4/28300 дугаартай мэдэгдэх хуудастай танилцахад “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хэт багаар үнэлсэн, манай барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн байгаад гомдолтой байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүтэд гаргаж болно...” гэсний дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар барьцааны зүйл болох хувийн сууцны үнэлгээг хийлгэсэн боловч тогтоосон үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт хямд, үнэгүйдүүлсэн байдалтай байх ба мөн үнэлгээ хийгдсэн компанийн мэргэшсэн үнэлгээчний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн үйл ажиллагааны зөвшөөрлийн баримт бичиг хавсаргагдаагүй, үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ гаргасан гэж үзэн тогтоогдсон үнэлгээний дүнд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн шийдвэрээр Б.Б, Ч.Б нараас 40.167.938 төгрөгийг гаргуулж “ЖФ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, хувийн сууцыг Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 01/151 тоот тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул битүүмжилсэн хөрөнгийг Эд хөрөнгө хураах 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 02/13 тоот тогтоолоор хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Б.Б-д хариуцуулан үлдээсэн.
Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Б, өмчлөгч Д.М нар нь 70.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн, төлбөр төлөгч Ч.Б үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Жф ББСБ” ХХК-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул Шинжээч томилох тухай 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 321 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо хувийн сууцыг хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 18.915.200 төгрөгөөр үнэлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жф ББСБ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үнэлгээ болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/0357 дугаар захирамжаар Б.Б, Ч.Б нараас 39,988,991 төгрөгийг гаргуулж “ЖФ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2016/0357 дугаар захирамж, 2016 оны 9 сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2016/04069 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу бичигдсэн 412 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 16281351 дугаар тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 01/19 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 01/151, 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 02/13 тогтоолоор тус тус хурааж битүүмжилсэн, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 321 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилжээ.
“Хөрөнгө эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр 15,915,200 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 4/28300 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн, зохигч энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2017 оны 11 сарын 20-ны өдөр анх гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэхдээ шинжээчээр томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан боловч, энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангасан, үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
“Хөрөнгө эстимэйт” ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагын аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээ гаргажээ.
Иймд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 1561.1., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “ЖФ ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР