Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/783

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Гансугар,   

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч, шүүгдэгч Н.Т,

хохирогч, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тилеунур, Б.Анарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808028140835 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Т/РД:*****/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын ** дүгээр гудамж,** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ы А/РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Тнь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын *** тоот хашаанд хамтран амьдрагч Б.Айгүлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.А 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын *** тоот хашаанд хамтран амьдрагч Н.Т-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Анх удаа алдлаа дахин алдахгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Өглөө хүүхдээ хүргэж өгөөд орой авдаг болохоор торгох ял өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808028140835 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Т-ын: “2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой ажлаасаа ирэхэд эхнэр А байхгүй болохоор нь ээжээс асуухад “надтай хэрүүл маргаан хийгээд явсан” гэж хэлсэн. Том хүүгийн хоолой нь өвдөөд халуурч байхад нь ээж “хүүхдэдээ эм авч өг” гэж хэлэхэд “чадахгүй” гээд гараад явсан гэсэн. Би 4 дүгээр сарын 28-ны өдөр хорооны цагдаа Б болон нийгмийн ажилтанд “хүүхдээ хаяж явсан гэдгээ” хэлсэн. Тэрнээс хойш Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хүмүүс ирж хоёр хүүхэд эргэж тойрдог байсан. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би хоёр хүүхдээ хараад гэртээ байж байхад Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хоёр эмэгтэй, хорооны нийгмийн ажилтан 3 хүн ирээд хүүхдийн “ээж нь ирсэн үү, хоол унд байгаа юу, хүүхдүүдийн чинь биеийн байдал зүгээр үү” гэж асуугаад бичлэг хийгээд явсан. Тэдгээр хүмүүс хэлэхдээ “танайд хоол хүнс муутай байна, чи хоёр хүүхдээ ээж А-д нь аваачиж өг” гээд явсан. Би тэр өдрөө хоёр хүүхдээ усанд оруулаад хувцсыг нь солиод, хоол унд өгөөд хадмындаа хүүхдээ дагуулаад очиход А ээж, аавын хамт байж байхаар нь учраа хэлээд хоёр хүүхдээ үлдээгээд явсан. Орой 20 цагийн үед хашааны хаалга нүдэхээр нь хашаа даваад үзэхэд эхнэр хоёр хүүхдээ дагуулж ирээд би харж чадахгүй ээж, аав дургүйцээд байна гэсэн. Би хариуд нь “улсаас өгч байгаа хүүхдийн мөнгийг надад өгчих, би хоёр хүүхдээ тэжээе” гэхэд “мөнгө өгч чадахгүй” гэсэн. Би хашааны хаалгаа онгойлгоод гарахад хоёр хүүхдээ машин зам дээр үлдээгээд зугтаахаар нь би барьж аваад гарыг нь бариад хашаа уруу чирч оруулахад миний зүүн гарын шуунаас хазаад, төмсөг рүү өшиглөөд, доошоо суухад толгой уруу хатуу зүйлээр цохиод толгой хагалсан. Толгойгоо бариад сууж байхад баруун тохой уруу хатуу зүйлээр цохиж арьс зулгарсан. А хашаа даваад зугтах гэхээр нь би цүнхний оосроос татаад цүнхийг нь барьж байгаад нүүр рүү нь шидсэн. Би эхнэртээ гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-8-10/,

Хохирогч Б.А-ын: “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажлаас ирэхэд нөхөр 2 хүүхэд хашааны завсар оруулж орхиод явсан байсан. Би ээжээс асуухад нөхөр хашааны гаднаас орилж “2 хүүхэд та нар хараарай, би Казакстан явлаа” гэж хэлээд явсан гэсэн. Би 2 хүүхдээ аваад 22 цагийн үед нөхөртэйгөө учраа олох санаатай очоод хашааны хаалга нүдэхэд хаалгаа тайлахгүй хашаа давж толгойгоо цухуйлгаад “гичий минь 2 хүүхдээ аваад зайл, чамайг 2 хүүхэдтэй чинь би хаяж байна” гэж хэлсэн. Би “2 хүүхдээ чи өөрөө өсгө, би ажил хийж талхны мөнгө олно” гэж хэлээд 2 хүүхдээ үлдээгээд явж байхад араас гүйж ирээд намайг багалзуурдаж үсдэж чирээд хашаа уруугаа оруулаад байшингийн үүдэнд газар унагаагаад гараа атгаж байгаад толгой уруу 2-3 удаа цохиод, багалзуурдсан. Би босож ирээд “чи яагаад хүн зодож байгаа юм” гэж хэлэхэд ээж нь хажуунаас “хүүхэд харж байгаа хүн мөнгө авах ёстой” гээд байсан. Миний үүрч явсан жижиг хар цүнхнээс татаж оосрыг нь тасдаад өөрийгөө цүнхээр цохиод “чамайг шоронд чинь хатаана” гээд цүнхээр миний нүүр рүү 2 удаа цохисон. Би хашаанаас зугтаж гараад “Цахир үзүүр” гэдэг дэлгүүрийн үүдэнд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би нөхөртөө гар хүрээгүй. Ер нь мөнгө төгрөгөөс болоод хэрүүл маргаан хийгээд байдаг. Би гомдолтой байна. Тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-13-15/,

Гэрч С.З-ийн: “...Манай хашаанд манай хүү Т, эхнэр А 2 хүүхдийн хамт байшин бариад амьдардаг юм. 2018 оны 6 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Т эхнэр А-ын гараас бариад хашаанд ороод ирсэн. Гадаа чанга чанга дуугараад орилоод байхаар нь гараад ирсэн чинь А манай хүү Т-ыг өшиглөж, Т гэдэс хавиа гараараа бариад тонгойсон А газраас нэг юм бариад Т-ын толгой уруу нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч П.Н-ы: “...Т нь эхнэр А-тэй маргалдаад гудамжинд зогсож байсан. Ань бага насны 2 хүүхдийнхээ нэгийг тэврээд байж байснаа нөхөр рүүгээ шидээд гудамж уруудаад гүйсэн. Т араас нь гүйж очоод бариад авсан тул би очиж 2 хүүхдийг нь авч, ээжид нь өгсөн. Буцаад иртэл эхнэр нөхөр хоёр ирж байснаа муудалцаад эхнэр А нь нөхрийгөө үснээс нь зулгааж толгойд чулуугаар цохиод байгаа харагдсан. Ээж нь хажууд нь хараад зогсож байсан болохоор оролцоод яахав гэж бодоод гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Б.Д-ын: “Би 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо “Цахир” дэлгүүрийн үүдэнд эмэгтэй хүн хэвтэж байна, мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын ** тоотод манай эхнэр хоёр хүүхдээ хаяж явсныг би сая барьж авлаа, одоо гараад зугтах гээд байна” гэх дуудлагууд ирсэн. Нэг эмэгтэй “гар эвгүй болсон гээд гараа барьсан, нөхөр намайг зодсон” гээд хэвтэж байсан. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын ** тоотоос дуудлага өгсөн хүн рүү ярихад “эхнэр гараад явсан байна” гэхээр нь “чи “Цахир үзүүр” дэлгүүр дээр хүрээд ир” гэж дуудсан. Тэр залуу ирээд уг эмэгтэйг хараад “манай эхнэр байна” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “эхнэр гараад зугтаахаар нь цүнхнээс нь татаад цүнхний оосор тасдсан” гэж хэлсэн. Намайг очиход эхнэрийнх нь хацар шалбарсан, нүүр, хувцас хунар нь нэлэнхүйдээ шороо болсон, нөхрийнх нь толгойн оройн хэсгээс цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Т.К-н: “...Тхашаан дотроо эхнэртэйгээ хэрэлдэж маргаад орилж хашгираад байхаар нь би “та нар болиоч, ойр хавийн айл хүмүүсээс ичиж зовдоггүй юм уу” гэж хэлсэн. Намайг харахад хоорондоо зууралдаж ноцолдоод байсан. Эхнэрийн нүүр, ам, үс нь сэгсийсэн байсан. Тэр үед З гэрээсээ гарч ирсэн байхаар нь би З-д хандаж “наад хоёроо салгаач” гэж хэлсэн. Тэр үед бэр нь хашаанаасаа гараад гүйсэн. Эхнэр нь зодуулсан бололтой үс нь сэгсийсэн байсан. Гадаа харанхуй байсан болохоор нүүр амнаас нь цус гарсан эсэхийг хараагүй, мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.07-ны өдрийн 7112 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.Н.Т-ын биед зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд хазагдсан шарх, зулгаралт, баруун сарвууны 3 дугаар хуруунд хазагдсан шарх, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.07-ны өдрийн 7109 дүгээр шинжилгээний дүгнэлтэд:1.Б.А-н биед уруулын салст, жавьжинд язралт, нэг шүдний сулрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,

Шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн: “Би Тилеунуртай 2012 онд танилцсан. Дундаасаа 2 хүүтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай ээж хоёр хүүхдийн дуу чимээнд ядраад даралт нь ихсээд харж дийлэхгүй байхаар нь хадмынд учраа хэлээд үлдээгээд явсан. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...22 цагийн үед нөхөртэйгөө учраа олох санаатай гэрийн үүдэнд очсон. Би нөхөртөө гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-62-64/,

Шүүгдэгч Н.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Аминий зүүн хацар уруу алгадахаар нь би зөрүүлээд баруун хацар уруу нь алгадсан. Миний зүүн шуунаас хазаад тавихгүй болохоор нь гараа угзраад тавиулсан. Тэр үед миний эрхтэн рүү өшиглөөд өвдөөд доошоо суухад толгой уруу хатуу зүйлээр нэг удаа цохиод толгой хагараад цус гарсан. Би босож А-ыг “арай ч дээ” гэж хэлээд цүнхийг нь барьж аваад нүүр рүү нь шидэхэд А хашаа даваад зугтаагаад явсан. Би эхнэрээ алгадсан. А-ын барьж явсан цүнхийг нь нүүр рүү нь шидсэн. Өөр байдлаар гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-67-70/,

өргөдөл /хх-1/, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэдээлэл, илтгэх хуудас /хх-43, 44/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-46-47/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-52, 53-57/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76, 86/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-84/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85, 92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-94/, Хас банкны дансны хуулга /хх-100/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-101/, Хаан банкны дансны хуулга /хх-102/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-103-104/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Т , Б.А нар 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чулуутын ** дүгээр гудамж, ** тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, харилцан хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Т-ын “...би араас гүйгээд барьж аваад хашаа уруу чирч оруулахад миний зүүн гарын шуунаас хазаад, төмсөг рүү өшиглөөд би доошоо суухад толгой уруу хатуу зүйлээр цохиод толгой хагалсан. Толгойгоо бариад сууж байхад баруун тохой уруу хатуу зүйлээр цохиж арьс нь зулгарсан. Ахашаа даваад зугтах гэхээр нь би цүнхний оосроос нь татаад цүнхийг нь барьж байгаад нүүр рүү нь шидсэн...” гэх мэдүүлэг /хх-8-10/, хохирогч Б.А-ын “...араас гүйж ирээд намайг багалзуурдаж үсдэж чирээд хашаа уруугаа оруулаад байшингийн үүдэнд газар унагаагаад гараа атгаж байгаад толгой уруу 2-3 удаа цохиод, хоолой багалзуурдаад байсан. Цүнхээр миний нүүр рүү 2 удаа цохиход хамраас цус гараад би манараад доош суусан...” гэх мэдүүлэг /хх-13-15/, гэрч С.З-ийн “...А манай хүү Т-ыг өшиглөж байсан. Тгэдэс хавиа гараараа бариад тонгойсон Агазраас нэг юм бариад Тилеунурын толгой уруу нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч П.Н-ы “...эхнэр нөхөр хоёр ирж байснаа муудалцаад эхнэр А нь нөхрийгөө үснээс зулгааж толгойд чулуугаар цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Б.Д-ын “Намайг дуудлаганд очиход эхнэрийнх нь хацар шалбарсан, нүүр, хувцас хунар нь нэлэнхүйдээ шороо болсон байсан. Нөхрийнх нь толгойн оройн хэсгээс цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-20-21/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.7-ны өдрийн 7112 дугаар “1.Н.Т-ын биед зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд хазагдсан шарх, зулгаралт, баруун сарвууны 3 дугаар хуруунд хазагдсан шарх, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-31/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.7-ны өдрийн 7109 дүгээр “1.Б.А-н биед уруулын салст, жавьжинд язралт, нэг шүдний сулрал, баруун нүдний зовхинд цус хуралт, уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-34/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Т, Б.А тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т, Б.А нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан боловч нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн Б.А-н “Гомдол саналгүй, нөхөртэйгээ хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-61-64/, Н. Т-ын “Гомдолгүй” гэх хүсэлт /хх-116/- үүдийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар рэхлсэн тодорхой ажилтай гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч Б.А“Хүүхдээ цэцэрдэгт нь хүргэж өгч авдаг. Бусад цагт нь ажил хийдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч Н.Т“Ажил хийж байгааг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Бас торгох ялын хэмжээг анхаарч үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харьцаанаас үүссэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Н.Т, Б.А тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т, Б.А нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Т, С овогт Б-ы А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.А т ус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.А тус бүрийг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.А нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т, Б.А нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР