| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2017/03896/И |
| Дугаар | 181/ШШ2018/00334 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2018/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ДБҮЭГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжэээний олговор 6,504,330 төгрөг гаргуулах, төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б би ДБҮЭГ-ын захирлын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн тушаалаар энэ байгууллагад ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллах болсон.
Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2017 оны 3 сарын 22-ны өдрийн Б/23 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Улмаар би ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжэээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 07-ны өдрийн 01655 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу ДБҮЭГ-ын захирлын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн Б/156 дугаар тушаалаар намайг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон тул шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 6 сарын 07-ны өдрөөс ажилд томилогдсон 2017 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 105 хоногийн цалин болох 6,504,330 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Харин нэхэмжлэлийн шаардлагын төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 210/МА2017/01920 дугаар магадлалын дагуу Б.Б-ыг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 17,749,154 төгрөгийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлж, бичилт хийж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлд дурдсан 6,504,330 төгрөгийг дахин олгох боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Б 2014 оны 7 сарын 24-ний 6/248 дугаар Гадаад харилцааны Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүрэг гуйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 01 сарын 10-ны өдрийн 6/10 дугаар тушаалаар чөлөөлж Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын мэдэлд шилжүүлсэн. Тухайн үед ДБҮЭГ ТӨҮГ нь төсөвт үйлдвэрийн газрын статустай төрийн захиргааны байгууллага биш байсан учраас Б.Б-ыг төрийн албан хаагчийн тангараг өргүүлэх үүрэг хүлээхгүй.
Б.Б-ын төрийн албаны тангараг өргөх асуудал нь манай байгууллагын мэдэлд томилогдож ирснээс хойших хугацаанд хамаарахгүй ба энэ асуудлаар Гадаад харилцааны яаманд хандах нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ДБҮЭГ Төрийн өмчит ААТҮГ-т холбогдуулан, Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6,504,330 төгрөг гаргуулах, төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тус шүүхийн 2017 оны 6 сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/ДБҮЭГ байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит ААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3,407,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 210/МА2017/01920 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн Б/156 дугаар тушаалаар Б.Б-ыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон болох нь хэргийн 29-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 6 сарын 07-ны өдрөөс хойш ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.
Иймд тус шүүхийн 2017 оны 6 сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01655 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг 61,946 төгрөг гэж тогтоосныг үндэслэн Б.Б ажилгүй байсан хугацааны /105 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт бүгд 6,504,330 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэцэх хэмжээний олговор 6,504,330 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, зохих журмын дагуу сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан ДБҮЭГ Төрийн өмчит ААТҮГ-аас 6,504,330 төгрөгийг гаргуулж Б.Б-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн тангараг өргүүлэхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 6,504,330 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, зохих журмын дагуу сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит ААТҮГ-т үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч ДБҮЭГ Төрийн өмчит ААТҮГ-аас 119,019 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР