Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/789

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч П.М, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт П.М, Б.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808023310767 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Баянголын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгаар зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг хугацааны өмнө мөн хугацаагаар тэнссэн, А овогт П-ийн М /РД:****/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын О /РД:****/.

Яллагдагч П.М, Б.О нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн С.Э-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэвтэрч “Тошиба” загварын 42 инчийн зурагт, сваровский шигтгээтэй хүзүүний зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн1808023310767 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Э-ийн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед гэрээсээ гарч ...19 цагийн үед гэртээ ирэхэд онгорхой байхаар нь ороод хартал хоймор хэсэгт байдаг 42 инчийн зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай 2 охин гэрээ цоожлоод гарсан. Би алдагдсан зүйлээ олуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Гэрч П.М-гийн: “...2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байхад манай төрсөн дүү М гэрт ирээд “манай найз тантай уулзана гэсэн” гэхээр нь би хашааны гадаа гартал саарал өнгийн машинд Мтой нас ойролцоо нэг охин сууж байсан. Намайг хараад машинаас бууж ирээд “сайн байна уу та, эгчээ таниас нэг зүйл асуух гэсэн юм. Та дүүдээ тус болооч манай гэр хоол ундгүй болчихоод хоёр гурав хонож байна. Дүү нь зурагтаа ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримтаа гээчихсэн. Та итгэхгүй бол манай нөхрөөс асуу” гээд надад машин дотор байсан 40 инчийн “Тошиба” гэсэн бичигтэй хар өнгийн хүрээтэй зурагт харуулж гуйгаад байхаар нь бичиг баримтаа авч Мыг 2 дүүгээ харж бай гэж хэлээд гэрт үлдээж нөгөө охины хамт 21 дүгээр хорооллын “Хишигт Од” нэргтэй газар байрлах ломбарданд 200.000 төгрөгөөр барьцаалж, буцааж намайг гэрт хүргэж өгчихөөд М тэр охины хамт явсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоног М миний дугаар руу залгаж “та нөгөө ломбарднаас нэмээд 50.000 төгрөг аваад өгөөч” гэхээр нь би “чи хүний юмыг тэгэж болохгүй” гэхэд “би зурагтны эзэнд хэлсэн нэмээд авчих гэсэн” гээд гуйгаад байхаар нь “чи яг эзэнд нь хэлсэн үү” гэхэд “хэлсээн” гэсэн. Тэгээд намайг 50.000 төгрөг нэмж авч өгсөн. 2018 оны 6 дугаар сарын эхэн үеэр /өдрийг нь сайн мэдэхгүй байна/ М над уруу залгаж “таны бичиг баримтаар тавьсан зурагт хулгайн зурагт байсан юм. Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст баригдсан байгаа цагдаа нар тан уруу залгаж болсон хэргийн талаар асуух байх” гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдөр М-той хамт явж байсан охиныг урьд өмнө нь Их наранд зүс харж байсан. Танихгүй надад өөрийгөө О гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч Б.О-гийн: “...О барилгын сургуульд орсон цагаасаа хойш гадуур тэнэдэг болсон. ...Хамгийн сүүлд манай гэрт 2018 оны 5 дугаар сарын 30-нд ирээд явсан. Тухайн үед өөрийнхөө үеийн насны эрэгтэй хүүхэдтэй хамт явж байхаар нь би юун хүүхэд, хаанаас дагуулаад гэрт ирж байгаа талаар асуухад “манай найз” гэж хэлээд хувцсаа сольж өмсөөд гараад явсан. Тэр өдрөөс хойш Отэй уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-28-30/,

“Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2018.06.16-ны өдрийн 18/118 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-38-39/,

Шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М бид 2 явж байтал М надтай яаж мөнгө олох талаар ярилцаж айлуудын хашааны завсраар харж байгаад хашааны төмрөн том хаалга нь ногоондуу зэвэрсэн өнгөтэй хашааны завсраар харчихаад “энэ айлын байшин, гэр хоёр нь цоожтой байна би орчоод ирье чи гадаа хүн харж бай” гээд уг айл уруу орсон. Удалгүй М гарч ирээд” энд 42 инчийн зурагт байна миний найз яваад такси олоод ирээч” гэхээр нь би Хөтөлийн автобусны буудал дээр очиж хар ногоон өнгийн “Сонота-2” машинтай 60 орчим насны ах зогсож байхаар нь “таксинд явах уу” гэж асуутал “явна” гэхээр нь Мын байгаа айлын гадна очтол М ногоон өнгийн бүтээлгээр ороочихсон зурагт тэвэрч гарч ирээд таксины арын суудал дээр тавиад бид хоёр 21 дүгээр хорооллын “Шөнийн зах”-ын ломбарданд очсон. М орж уулзаж ирээд “бичиг баримтгүй бол авахгүй гэнээ” гэхээр нь би “чи эгч рүүгээ ярьчих” гэсэн. М-ын төрсөн эгч М-ийн гэрт очсон.  М эгч надтай уулзаж” хэний зурагт юм яах гэж байгаан” гэж асуухаар нь би “манай гэрийн зурагт байгаа юм та итгэхгүй байгаа бол манай нөхрөөс асуу манай гэрт идэж уух хоолгүй болчихоод зурагтаа ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримтгүй болчихоод байна гээд” гуйсан чинь Мыг гэртээ хүүхдүүдээ харуулж үлдээгээд надтай хамт “Х” баарны нэг давхарт байрлах “Э” гэсэн нэртэй ломбарданд 200.000 төгрөгөөр барьцаалсан. “Б” нэртэй дэн буудал руу архи, пиво идэж уух юм аваад орж тэндээ идэж ууж хоночихоод салсан. Би зүүлт авсныг мэдэхгүй. Хэрэв зүүлт авсан бол М надад хэлэх байсан. Надад өөр хийсэн гэмт хэрэг байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж буруугаа ойлгож байна... гэх мэдүүлэг /хх-104-106/,

Шүүгдэгч П.Мын яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ...О бид 2 Хөтөлийн автобусны буудлын урд талын “Овоот” гэсэн гудамжаар ороод явж байтал хашааных нь том хаалга ногоон, зэвэрсэн бор өнгөтэй айлын хашааны завсраар би хартал нэг байшин, монгол гэр цоожтой харагдсан. “Чи хүн харж бай” гэж хэлээд уг хашааны явган хүн ордог жижиг хаалга онгорхой байхаар нь уг хашаанд ганцаараа орж монгол гэрийнх нь үүдэнд очиж түлхүүрийг нь ойр орчимд байж магадгүй гэж бодоод ...модон гишгүүрийг сөхөөд хартал ногоон оосортой ганц ширхэг түлхүүр байхаар нь аваад монгол гэрийн хаалганы цоожийг онгойлгож орсон. Мөнгө болгочих эд зүйл хартал “Тошиба” гэсэн бичигтэй 42 инчийн ЛСД зурагт харагдахаар нь гэрээс гарч Отэй уулзаж “чи такси олоод ир, том ЛСД зурагт байна” гэж хэлэхэд О “за” гэж хэлж яваад 3 минут орчмын дараа ногоон өнгийн “Сонота-2” загварын такси аваад ирэхээр нь би нөгөө айлын зурагтыг баруун орон дээр байсан ногоон өнгийн бүтээлгээр боож гараад таксины арын суудал дээр явсан. М эгчийн гэрт очиж уулзаж “Тантай манай найз уулзъя гэнээ. Гадаа таксинд сууж байгаа, нэг зурагт ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт хэрэг болчихоод байна” гэж хэлэхэд М эгч Отэй уулзахаар гарсан. Би тэр хооронд М эгчийн 2 хүүхдийг нь харж байсан. Тэр 2 хамт яваад 21 дүгээр хороололд байрлах “Э” гэсэн нэртэй ломбардад “40 инчийн зурагт байна гээд 200.000 төгрөгт тавьчихлаа” гээд ирсэн. О бид 2 буудал уруу 200.000 төгрөгөөрөө архи, пиво, идэж уух юм авч орон хоночихоод салсан. Тэгээд гараад М эгчийг гуйж байгаад “Э” нэртэй ломбарднаас 50.000 төгрөг нэмж авахуулж өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр зурагтыг Маралмаа эгчид Огийнх гэж хэлсэн, хулгайнх гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-110-112/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, илтгэх хуудас /хх-92/, эд зүйлийн үнэлгээ /хх-38/, барьцаат зээлийн гэрээ /хх-43/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-47, 50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-114, 115/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхэд гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан бичиг, илтгэх хуудас, Б.Огийн хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.М, Б.О нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дугаар гудамж, *** тоотод байрлах иргэн С.Э-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Тошиба” загварын 42 инчийн зурагт, сваровский шигтгээтэй хүзүүний зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.М, Б.О нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.М, Б.О нар “Энэ хэргийг гурвуулаа үйлдсэн. О гэж хүн хамтран оролцсон. Түүнийг шалгуулахыг хүсэж байна” гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон боловч хэрэгт авагдсан баримтуудаар тухайлбал гэрч П.М-ийн мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч нарын мэдүүлэг /хх-104-106, 110-112/ зэргээр тухайн гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэн талаар зохих ажиллагаа хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-эд 900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О хохирогч С.Э-д 450.000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлбөр төлбөргүй гэж үзсэн болно. Харин шүүгдэгч П.М-оос үлдэгдэл төлбөр болох 450.000 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч С.Э /Сонгинохайрхан лүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД-*****/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.О-г 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.М-ыг 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 03 хоногоор тогтоож, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч П.Мын хувьд ялыг хөнгөрүүлж өгнө үү. Харин шүүгдэгч Б.О-гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн доод хэмжээнээс доогуур ял буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Б.О-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч П.М-од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг  дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ялгамжтай хорих ял оногдуулж, тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.М нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгаар зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Мод энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 04 сар 03 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.М-ын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон нийт 15 хоног, шүүгдэгч Б.Огийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 26 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.М, Б.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын О, А овогт П-ийн М нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.М-ыг 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ог 1 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.М-од энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 06 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоо оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, П.М-ын нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 03 /гурав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.М, Б.О тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн урьдчилан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, шүүгдэгч П.М-ын урьдчилан хоригдсон 15 /арван тав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.М-оос 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг 2 /хоёр/ сарын гаргуулж, хохирогч С.Э /Сонгинохайрхан лүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД-*****/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.М, Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР