| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0766/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/796 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/796
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ачбадрал,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808024630691 дүгээр хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Орбитын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Э-ын М /РД:****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “Хангай” захын орчим явж байсан иргэн Б.Ж-ы араас довтолж хоолойг нь боож халаасанд нь байсан “Нокиа” маркийн гар утас, мөрөндөө үүрсэн байсан үүргэвчтэй хувцсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Дахин хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1808024630691 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Жы: “2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ согтуу байсан чинь охин намайг “архи уулаа, яв” гээд хөөхөөр нь би хувцсаа цүнхэндээ хийгээд гарсан. Алхаад явж байтал араас нэг хүн хоолой боогоод газар унагаасан, ухаан балартсан. Намайг боосон залуу миний цүнхийг татаад авахаар нь “миний дүү наана чинь миний хиртэй хувцас байгаа” гэж хэлтэл намайг боосон залууг нөгөө хэд нь “болиочээ” гээд байх шиг байсан. Тавингуут нь би зугтаасан. Араас нэг танихгүй залуу “цагдаа нар ирсэн байна, та буцаад яв” гэхээр нь буцаад нөгөө дээрэмдүүлсэн газраа очтол нөгөө 4 залууг цагдаа нар барисан байсан. Намайг боосон залуу цохиж зодоогүй, хамт явсан 3 залуу нь миний биед ерөөсөө хүрээгүй. Миний өмдний халааснаас гар утас алга болсныг дараа нь мэдсэн. Намайг боосон залуу миний халааснаас гар утас авсан байх гэж бодоод байна. Би гар утас, цүнхтэй хувцсаа цагдаа нараас авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч С.Б-ын: “...Бид нар хүнээс дээрэм хийх талаар тохиролцсон асуудал байхгүй. “Хангай” захын тэнд замын баруун талд явж байтал М ах замын эсрэг тал уруу гараад гүйсэн. М ах замын зүүн талд явж байсан 50 орчим насны ахын араас боогоод унагаасан. Тэгснээ өмдний халаасыг нь ухаад “Нокиа” маркийн гар утас аваад М ахад өгсөн. М ах шууд Бад юу ч хэлэлгүй өгсөн. Б аваад халаасандаа хийчихсэн. Нөгөө ах бүр унах гээд байхаар нь Б бид хоёр М ахыг болиулж салгасан. Тэгтэл М ах нөгөө хүний цүнхтэй хувцсыг үүрээд цаашаа явахаар нь араас нь очоод “хүний юмыг буцааж өг” гэж бид гурав хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд бид дөрвийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг” /хх-17/,
Насанд хүрээгүй гэрч Э.Бын: “2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...“Хангай” захын орчим 01 цагийн үед замын баруун талд явж байтал М ах гэнэт замын эсрэг тал уруу гүйгээд 50 орчим насны ахын араас хоолойг нь боогоод газар унагаасан. М ах, Б бид гурав явж очоод М-ыг болиулах гэтэл М ах нөгөө ахын өмднийх нь халааснаас нь “Нокиа” маркийн товчлууртай гар утас аваад М ахад өгсөн. Тэгтэл М над уруу өгсөн би сандрахдаа халаасандаа хийчихсэн. М ах эрээн өнгийн хувцастай цүнхийг нь аваад үүрсэн. Тэгэхээр нь би “гар утас, цүнхийг нөгөө хүнд нь өгөөч” гээд зогсож байтал цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Бид нар дээрэм хийх талаар урьдчилан тохиролцсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг” /хх-18-20/,
Гэрч Б.М-ын: “2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр М, Б, Б нартай уулзсан. Тэгээд архи ууцгаасан ...шөнө 01 цагийн орчим Б-ын гэрт очих гээд Хангай захын орчим явж байтал М зам хөндлөн гараад гүйгээд явсан. М нэг настай ахыг араас нь боогоод унагаасан. Би нэлээн согтуу байсан, нэг мэдсэн чинь миний гарт нэг жижиг “Нокиа” гар утас байхаар нь Б-ад өгсөн. Тэгтэл хоёр цагдаа ирээд бид нарыг авч яваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Бид нар ерөөсөө дээрэм хийнэ гэж яриагүй...” гэх мэдүүлэг” /хх-21-22/,
Гэрч Г.Ч-йн: “2018 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгээд “Хангай” захын ар талд байх “О” караоке баарыг шалгаад явж байтал нэг танихгүй иргэнээс 4 залууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг аваад автобусны буудлын орчим очиход сэжиг бүхий 4 залуу явж байсан. Шалгахад хамгийн нас залуухан насанд хүрээгүй Бын биеэс хохирогчийн гар утас гарсан. Уг гар утсыг ямар байдлаар авсан бэ гэхэд надад “Тугал буюу М ах дамжуулж өгсөн, би авъя гэж бодоогүй, тэр ахыг Т /М/ ах араас нь боож унагаасан цүнхийг нь авсан” гэх зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Шүүгдэгч Э.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим М, Б, Б нарын хамтаар “Хангай” захын баруун талын автобусны буудал дээр явж байтал замын нөгөө талд цүнх үүрсэн 50 орчим насны согтуу ах гуйваад явж байхаар нь би “гар утсыг нь авчихъя” гэж бодоод шууд гүйж очоод араас нь боогоод өмдний халааснаас “Нокиа” маркийн хар өнгийн гар утас аваад Мт өгсөн. Б, Б, М нар намайг “болиоч ээ, наад ах чинь уналаа шүү дээ” гээд намайг салгасан. Би тэр ахыг тавиад цүнхийг нь авч үүрээд цаашаа гурав алхаад явах гэтэл хоёр цагдаа хүрч ирээд бид нарыг аваад цагдаагийн хэлтэс дээр авчраад М бид хоёрыг эрүүлжүүлсэн. Дээрэм хийх талаар би л мэдэж байсан, би М, Б, Б нартай “дээрэм хийе” гэж үгсэж тохиролцсон асуудал байхгүй. Би тэр ахыг цохиж зодоогүй зүгээр л араас нь боож унагааж дээрэмдсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31, 46-47/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-4, 5/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7, 8/, гэрч Э.Уранчимэгийн мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргаж өгсөн хорооны тодорхойлолт, халамжийн дэвтрийн хуулбарыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” захын орчим явж байсан иргэн Б.Ж-ы араас довтолж хоолойг боож “Нокиа” маркийн гар утас, үүргэвчтэй хувцсыг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Ж-ы “...Миний араас гэнэт нэг хүн хоолой боогоод газар унагаасан. Намайг боосон залуу миний халааснаас гар утас авсан байх гэж бодоод байна...” гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч С.Б-ын “...М ах замын зүүн талд явж байсан 50 орчим насны ахын араас боогоод унагаасан. Тэр настай ахын цүнхийг М аваад үүрсэн байсан” гэх мэдүүлэг” /хх-17/, насанд хүрээгүй гэрч Э.Б-ын “замын баруун талд явж байтал М ах гэнэт замын эсрэг тал уруу гүйгээд 50 орчим насны ахын араас хоолойг нь боогоод газар унагаасан. М ах нөгөө ахын өмднийх нь халааснаас “Нокиа” маркийн товчлууртай гар утас аваад...” гэх мэдүүлэг” /хх-18-20/, гэрч Б.Мын “М нэг настай ахыг араас нь боогоод унагаасан...” гэх мэдүүлэг” /хх-21-22/, шүүгдэгч Э.Мын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Замын нөгөө талд цүнх үүрсэн 50 орчим насны согтуу ах гуйваад явж байхаар нь би “гар утсыг нь авчихъя” гэж бодоод шууд гүйж очоод боогоод өмднийх нь халааснаас “Нокиа” маркийн хар өнгийн гар утас аваад, цүнхийг нь авч үүрээд...” гэх мэдүүлэг /хх-30-31, 46-47/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жд 44.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд түүний “...дээрэмдүүлсэн эд зүйлээ бүгдийг нь авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт 2 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэл дээр маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй, эд хөрөнгийн хохирол биет байдлаар буцаан төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын М-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мын урьдчилан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Мын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР