Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 02757

 

2017 оны 10 сарын 20 өдөр                 Дугаар 102/ШШ2017/02757                                Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, Ч.Ш нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг, Г.М холбогдох хүүхдийн тэтгэлгийн алданги 1.192.373 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ч.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.М-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн  102/ШШ2015/02315 дугаартай шийдвэрээр, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн М.Г, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн М.С нарыг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.М-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл мөн оны 3,4,5,7,9 сарууд, 2017 оны 1,3,6 саруудын хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлөөгүй.

Иймээс Г.М-аас дээрх саруудын тэтгэлэгийн 2.384.747. төгрөгийн алданги 1.192.373.5 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

         

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэгч хариуцагчаас “Гэр бүлийн тухай” хуулинд зааснаар хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй хоног тутамын алданги нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр М.Г, М.С нарыг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдсэн. Нэхэмжлэлийн шардлагаа 2000 төгрөгөөр багасгаж, тэгшитгээд 1.190.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй тул анх нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

         

           Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн хэсэгт 232 дугаар зүйлийн 232.1, 232.2, 232.7 дахь хэсгүүдэд зааснаар бид хоёрын хооронд ямар нэгэн алданги тооцох гэрээ байгуулаагүй, төлөхгүй. 2017 оны 9,10 сараас бусад мөнгийг төлсөн талаар Ч.Ш болон шийдвэр гүйцэтгэгч нар мэдэж байгаа. Хэрэгт баримтуудыг өгсөн. Тэтгэлгийн алданги гэж банкны хүүгээс ч өндөр мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч Ч.Ш, хариуцагч Г.М-т холбогдуулан хүүхдийн тэтгэлгийн алданги 1.192.373 төгрөг 50 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хуульд заасан алданги төлөх гэрээ байгуулаагүй, төлөхгүй гэж маргаж байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

     2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч “ анхан шатны шүүхийн шийдвэр 5 сард гарсан, энэ сараас эхлэн алданги тооцох ёстой”, хариуцагч “шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл тэтгэлэг төлөх боломжгүй байсан” гэх талуудын тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/02315 дугаартай Шийдвэрээр, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Г, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү М.С нарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар “11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Г.М-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагч тэтгэлэг төлөх нь тогтоогдож байна.

      Нэхэмжлэгч “Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй.

      Иймээс Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх Хуралдааны Тогтоолоор дээрх хэрэг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн  тул нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 10 сар дуустал хүүхдийн тэтгэлгийн алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1,3,4,5,7,9 дүгээр сарууд, 2017 оны 1,3,6 саруудын алдангийг тооцоход:

      -2015 оны 11 дүгээр сард төлөх тэтгэлгийн хэмжээ

             185.400 төгрөг х 0.5%=927 төгрөг /нэг өдрийн алданги/

              927 төгрөг х 30/хоног/=27.810 төгрөг /нэг сарын алданги/

      -2015 оны 12 дугаар сар:

              185.400 төгрөг х 0.5%=927 төгрөг /нэг өдөр/

               927 төгрөг х 31/хоног/=28.737 төгрөг /нэг сар/

      -2016 онд 1 дүгээр сард 185.400 төгрөг төлөхөөс 290.000 төгрөг төлсөн алданги тооцохгүй, 290.000 төгрөг-185.400 төгрөг=104.600 төгрөг /үлдэгдэл/

       2 дугаар сард 183.700 төгрөг төлөхөөс 183.700 төгрөг-104.600 төгрөг /үлдэгдэл/ =79.100 төгрөг үлдэж байгаагаас 2 дугаар сард төлсөн 555.000 төгрөг-79.100 төгрөгийн үлдэгдэл=475.900 төгрөг үлдсэн тул 3 дугаар сард 183.700 төгрөг төлөхөөс 475.900-183.700=292.200 төгрөг үлдсэн учраас 3 дугаар сард алданги тооцохгүй. 4 дүгээр сард 183.700 төгрөг төлөхөөс 292.200 төгрөг /үлдэгдэл/-183.700 төгрөг =108.500 төгрөг үлдсэн, 4 дүгээр сард алданги тооцохгүй, 5 дугаар сард 183.700 төгрөг төлөхөөс 183.700 төгрөг-108.500 төгрөг /үлдэгдэл/ -20.500 төгрөг /төлсөн/=54.700 төгрөгийг төлөх тул 54.700 төгрөгх0.5%=274 төгрөг /нэг өдрийн алданги/, 274 төгрөгх15 /хоног/= 4110 төгрөг /нэг сарын алданги/, 6 дугаар сард 183.700 төгрөг төлөхөөс 304.253 төгрөг төлсөн 304.253 төгрөг-183.500 төгрөг =120.753 төгрөг үлдсэн, 7 дугаар сард 183.700 төгрөг төлөхөөс 183.700 төгрөг-120.753 төгрөг /үлдэгдэл/=62.947 төгрөг /төлөөгүй үлдсэн/, алданги тооцоход 62.947төгрөг х 0.5%=315 төгрөг /нэг өдөр/, 315 төгрөгх15/хоног/=4725 төгрөг /нэг сарын алданги/, 9 дүгээр сард 183.700 төгрөг төлөхөөс төлөөгүй тул 183.700 төгрөг х 0.5%=919 төгрөг /нэг өдөр/, 919 төгрөг х 30 /хоног/=27.570 төгрөг /нэг сар/

       -2017 оны 01 дүгээр сар:

                 183.700 төгрөг х 0.5%= 919 төгрөг /нэг өдөр/

                 919 төгрөг х 31 /хоног/=28.489 төгрөг /нэг сар/

                 -3 дугаар сар:

                  185.300 төгрөг х 0.5%=927 төгрөг /нэг өдөр/

                  927 төгрөг х 31/хоног/=28.737 төгрөг /нэг сар/

                  -6 дугаар сар:

                   185.300 төгрөг х 0.5%=927 төгрөг /нэг өдөр/

                    927 төгрөг х 30 /хоног/=27.810 төгрөг /нэг сар/, нийт 265.941 төгрөгийн алданги гаргуулж, үлдэх 926.433 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

    Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хоногт талууд маргаагүй тул дундажаар 15 хоногоор тооцсныг дурдах зүйтэй байна.

          Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265.941 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

     

         1 Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.М-аас 265.941 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 926.433 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Г.АРИУНАА