Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 386

 

 

Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01185 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Алтанцэцэг нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/22 тоот захирамжаар "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын даргаар томилогдсон. Миний бие нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажилласан хугацаандаа дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүлж үр дүнтэй ажиллаж байсан. Хийж хэрэгжүүлсэн ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хангалттай үнэлгээгээр үнэлсэн. Нийслэлийн Засаг дарга буюу ажил олгогч, Ц.Алтанцэцэг буюу ажилтны хооронд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 29/2016 тоот контракт гэрээг байгуулсан. Контракт гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулж, контракт буюу хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээг ажил олгогч хэрэглэсэн гэж үзэж байна. Контрактаар ажилтан миний тодорхой ур чадварыг ашиглах хууль зүйн болон хөдөлмөрийн харилцааг баталгаажуулж гэрээг байгуулдаг. Гэтэл надтай байгуулсан контракт нь Хөдөлмөрийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг заасныг зөрчиж ажилтанд хөдөлмөрийн хариуцлага тооцох, улмаар үйл ажиллагаанд хэт хяналт тавихад чиглэгдсэн дотоод журмын шинжийг агуулсан байна. Хэрвээ контрактыг хуульд зааснаар ашигласан бол ажилтан буюу нэхэмжлэгч миний тодорхой ур чадварыг хөлслөн авч хөдөлмөрийн харилцаанд тодорхой давуу байдал, боломжийг санал болгож түүнийгээ ажил олгогч хэрэгжүүлсэн байх үүргийг хүлээнэ. Өнөөдрийг хүртэл ажил олгогч миний ажлыг хангалттай гэж үнэлсэн атлаа улс төрийн шалтгаанаар ямар ч урамшуулал олгохгүй байж байгаад гэнэт ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан контракт гэгч нь нэрлэсэн гэрээнд сайх стандарт нөхцлүүдтэй нийцээгүй, хуульд заасан хэлбэрийг хангаагүй нь ажилтны эрх ашгийг анхнаасаа хохироож байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/205 тоот "Ажлаас чөлөөлөх тухай" захирамж гаргасан нь ажилтны хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан, улс төрийн шалтгаантай шийдвэр болсон гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэг, 25 дугаар зүйл, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 29/2016 контракт гэрээний 3.11, 7.2.2, 7.4.1 хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэдгийг дараах байдлаар үгүйсгэж байна.

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхаглажээ. Миний бие энэ тунхаглалыг үйл ажиллагаандаа ямагт баримтлан ажиллаж ирсэн бөгөөд үүнийг зөрчсөн ямарваа үйлдлийг гаргаж байгаагүй. Ажлын орчинд шударга байдал, зарчимч, ажил хэрэгч чиг хандлагыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж, баримталвал зохих хуулийг ягштал баримталж хэрэгжүүлж ирсэн болохыг манай хамт олон нотлоно. Харин ажил олгогч захирамжийнхаа үндэслэл болгосон Үндсэн хуулийн зарчмыг илэрхий зөрчиж тэгш байдал, шударга ёсыг уландаа гишгэж хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмаас улс төрийн зорилгоор хазайж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засаг даргыг захирамж гаргах эрхийг баталгаажуулсан боловч хууль нийцээгүй, улс төрийн шинжтэй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгох боломжийг олгоогүй. Миний бие Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан зохицуулалтаар зохицуулагдсан нөхцлөөр ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтан бөгөөд тодорхой эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГазар нь бие даасан статус бүхий хуулийн этгээд бөгөөд ажилтантай хөдөлмөрийн харилцааг бие даан шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэр бүхий ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаа заасан нь ажилтны эрх ашгийг хохироосон үйлдэл биш бөгөөд ажилтан тухайн ажлын байранд тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах бодит нөхцлийг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлого байсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нөхцөлд талууд гэрээг цуцлах санал гаргаагүй нөхцөлд анх байгуулсан хугацаагаар сунгагдаад явдаг хууль зүйн зохицуулалттай. Контракт гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагийн хувьд хүний нөөцийн үр дүнтэй бодлогыг бие даан хэрэгжүүлэх бүрэн эрх нэхэмжлэгч надад байгаа гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь контракт байгуулсан талуудын ямар эрх ашиг, сонирхолыг зөрчсөн үүний улмаас улс, нийслэлд ямар хэмжээний хохирол учирсан талаар бодит дүгнэлт байхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь залруулж болшгүй алдаа гэж үзэхгүй байна. Энэ үндэслэлээр контрактыг цуцлах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохирсон бол мөн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилсан байдаг. Манай байгууллагын хувьд ажилтан нэг бүртэй уулзаж тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг шийдвэрлэх бодлого баримталдаг. Ажлаас чөлөөлөх захирамжид удирдлага болгосон "Контрак гэрээ"-ний 3.11, 2.2, 7.4.1, 7.4.2 дахь хэсгүүдэд заагдсан зөрчлийг нэхэмжлэгч миний бие хэзээ хэрхэн зөрчсөнийг ажил олгогч нотлохгүйгээр хэвийн хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байсан менежерийн ажлыг хүчээр булааж авсан. Контрактын 3.11 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гар дээрээс худалдаа хийдэг иргэд хэт зохион байгуулалтгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй худалдаа, үйлчилгээг эрхлэж байсан байдлыг зогсоох, эмх цэгцтэй болгох үүднээс сул чөлөөтэй газарт стандартын дагуу нэгэн жигд өнгө үзэмжтэй саравчуудыг барьж тодорхой түрээсийг авч ажиллуулсан. Манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Нийслэлийн төсөвт жилд 12 000 000 төгрөг хуримтлуулах үүргийг хүлээсэн. Миний зүгээс иргэдтэй хамтран ажилласнаар төсөвт төвлөрүүлэх төсвийг 2 000 000 төгрөг болгон 1.7 дахин нэмэгдүүлсэн. Мөн Контрактын 3.11-т барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслэх бол Нийслэлийн өмчийн харилцааны газраар гэрээг батлуулах үүрэг хүлээснээс сул чөлөөтэй газрыг байнгын биш түр хугацаагаар төсөвт ашигтай байдлаар түрээслэх гэрээг батлуулах үүрэг хүлээгээгүй. Контрактын 7.4.1-т контрактад заасан үүргээ биелүүлээгүй бол контрактыг хугацаанаас нь өмнө цуцлахаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс контрактыг ямар хэлбэрээр зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр контракт цуцалсан нь үндэслэлгүй юм. Гэрээний 7.4.2-т захирал хууль тогтоомж, үйлдвэрийг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй бол мөн гэрээг цуцлахаар тохиролцсон. Удаа дараа гэдгийг хоёр буюу түүнээс дээш байхыг шаарддаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэл гаргах хүртэл Ц.Алтанцэцэгт гэрээг зөрчсөн талаар ямар нэгэн шаардлага, хариуцлага тооцсон шийдвэр гаргаагүй, эсрэгээрээ контрактаар ажил, үүрэг гүйцэтгэгчийн зүгээс төсөвт төвлөрүүлэх санхүүжилтийг 1.7 дахин нэмэгдүүлсэн, төлөвлөсөн ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж, цаг ашиглалтыг сайжруулсан, багаар ажиллах чадамжийг дээшлүүлж бригадын системийг нэвтрүүлсэн зэрэг дэвшлийг ОНӨТҮГ-т гаргасан. Иймд контрактыг цуцлах хууль болон гэрээнд заасан нөхцөл үүсээгүй бөгөөд Контрактын 3.1, 3.4-т заагдсан үүргээ биелүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/205 тоот захирамжийг хүчингүйд тооцож нэхэмжпэгч Ц.Алтанцэцэгийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалуудыг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ц.Алтанцэцэгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний дирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай уулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 25 дугаар зүйл, нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 29/2016 дугаартай контрактын 3.11, 7.2.2, 7.4.1, 7.4.2 дахь заалтуудыг үндэслэн нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, түрээсийн гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газраар батлуулаагүй нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 29/2016 дугаар Контрактын 3.11 дэх заалтыг, ерөнхий нягтлан бодогч, хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод аудитор, хуулийн зөвлөх зэрэг байнгын ажлын байранд холбогдох албан хаагчидтай Хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг тус тус зөрчсөн тул Ц.Аптанцэцэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирлын үүрэгт ажлаас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 205 дугаар захирамжаар чөлөөлсөн болно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 "г" дэх дэд заалтад "Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох" гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг баталсан бөгөөд энэхүү журмаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байдаг. Энэхүү журмын 1.5 дахь хэсэгт "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх ажиллагааг Нийслэлийн Өмчийн харилцааны газар зохион байгуулна", 1.7-д "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэгч нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон нийслэлийн өмчит хуулийн этгээд байна" 1.8.2 дахь заалтад "Нийслэлийн төсөвт байгууллага нь энэхүү журмын 1.8.1-д зааснаас бусад тохиолдолд түрээсийн гэрээгээр нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхээр зохицуулсан байхад хүүхдийн тоглоом, худалдан борлуулах, зураг авах үйлчилгээ эрхлэх, мөстэй ундаа зарах үйлчилгээ эрхлэх зорилгоор "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын талбайг ашиглуулж, төлбөр авахаар 65 иргэд, аж ахуй нэгжтэй "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 65 дугаар тогтоолоор "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам", контрактын гэрээний 3.11 дэх хэсгийг зөрчсөн. Мөн байгууллагын бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж, хугацаагүй байгуулсан бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээг өөрчилж, ажилчдын эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд "Хөдөлмөрийн хууль зөрчсөн, мөн Контрактын гэрээний 3.11 дэх заалтад заасан нийслэлийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг аж ахуйн нэгж иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэх тохиолдолд түрээсийн гэрээг Өмчийн харилцааны газраар батлуулан талбайн түрээсийн орлогын хувийг cap бүрийн 10-ны дотор Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ гэснийг зөрчиж Контрактад заасан үүргээ биелүүлэхгүй зөвшөөрөлгүй талбай түрээслүүлсэн тул Контрактын гэрээний 7.4.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Контрактыг хугацаанаас өмнө цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн гаргасан "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын захирал /дарга/-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсгийн хэсэгт хавтаст хэргийн 53-171 дүгээр талуудад авагдсан нотлох баримтаас үзэхэд 7 ажилтны хувьд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсныг дуусгавар болгож нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь тогтоогдож байна. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болох ч хэвийн үргэлжилж байсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай болгох зорилгоор дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, эцсийн байх шинжийг үгүйсгэж байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч нар Ц.Алтанцэцэг нь нийт ажилтан нартай биечлэн уулзаж хөдөлмөрийн харилцааны талаар тохиролцсон болохыг мөн нотолсон. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэх үүргээ хангалттай биелүүлээгүй буюу гэрч нарын мэдүүлэгт бодитой дүгнэлт өгөлгүй зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг хөдөлмөрийн харилцаанд оролцогчид хэрэглэж болохыг шийдвэртээ дурдсан атлаа Хуульд заасан боломжийг хэрэглэсэн ажил олгогч, ажилтан нарын харилцаанд шууд дүгнэлт өгсөн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулах байдлаар хэрэглэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар нэр бүхий 7 ажилтны зүгээс ямар нэгэн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний талаар гомдрл гаргаагүй бөгөөд мөн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг албадсан, түүний улмаас хөдөлмөрлөх эрх ашиг нь хөндөгдсөн талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байхад шүүх хийсвэрээр дүгнэлт гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэр бүхий 7 ажилтны өмнөөс шүүхэд тэдгээрийн хөдөлмөрлөх эрх, ашигтай холбоотойгоор төлөөлөх, тайлбар гаргах эрхгүй атал шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан. Иймд дээрх 7 иргэний хөдөлмөрлөх эрхийг Ц.Алтанцэцэг зөрчөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ орчмын нийтийн гудамж, талбайд эмх цэгцгүй үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг цэгцлэх, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх, орчны ариун цэврийг сахиулах, цэвэрлэгээ үйлчилгээний зардлуудын өсөлтийг зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх үүднээс байнга цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд худалдаа, үйлчилгээ үзүүлэх иргэдтэй харилцан ойлголцох, тэдгээрийг хариуцлагажуулах үүднээс хамтран ажиллах гэрээг байгуулсан. Нийслэлийн Засаг дарга, Өмчийн газар өмнө нь дээрх иргэдийн талаар дорвитой арга хэмжээ яагаад огт авахгүй байсан нь маш их эргэлзээг төрүүлэхэд шүүхийн шийдвэр хүргэж байна. Олон нийтийн амралт, үйлчилгээний байгууллагын хувьд цэвэр, тохилог орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Тухайн иргэд хамтран ажиллах гэрээгүй байх үед худалдаа, үйлчилгээ үзүүлснээс ихээхэн хэмжээний хог, хаягдал үүсэх, улмаар цэвэрлэгээнд зардал гарч байсан. Энэ үүднээс нэр бүхий иргэдтэй хамтран ажиллах гэрээг байгуулж худалдаа, үйлчилгээний явцад үүсэх бохир, хог хаягдалыг хүрээлэнгийн ажилчид нэгдсэн байдлаар цэвэрлэх, иргэдийн ая тухыг алдагдуулахгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй ариун цэврийг сахиулах зэрэг үйл ажиллагаанд хүрээлэнгийн зүгээс зарцуулагдах зардалд нэмэрлэх, дээрх иргэдийг үүрэгжүүлэх үүднээс хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээг байгуулсан бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь мөн бодитой дүгнээгүй атлаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ гэж тайлбарлах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгтэй илт зөрчилдөж байна. Түрээсийн гэрээ нь нэрлэсэн байх ба бичгээр байгуулсан байх хуулийн шаардлага байна. Мөн шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээ байгуулан иргэдэд яг ямар тодорхой өмчийг шилжүүлсэн талаар шүүх огтхон ч дүгнэлт өгөөгүйгээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна. Түрээсийн гэрээний хамгийн гол нөхцөл бол тодорхой хөрөнгө шилжүүлсэн байхыг шаарддаг. Хамтран ажиллах гэрээгээр хариуцагчаас түрээслэгч гэж үзэж байгаа иргэдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ямар нэг өмч, хөрөнгө огт шилжээгүй байхад түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. Тухайн иргэдийн ил задгай худалдааг хамтран ажиллах гэрээний хүрээнд хувийнх нь зардлаар нэгэн жигд цагаан өнгийн сүүдрэвч хийлгэн жигдрүүлсэн нь хүрээлэнгийн өнгө үзэмжинд сайнаар нөлөөлсөн. Тухайн сүүдрэвчүүд нь дээрх иргэдийн өмч тул түрээслэх шаардлага байхгүй юм. Шүүх мөн үүнийг нотолж 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Контракт гэрээний 3.11 дэх хэсгийг үгийн утгаар шууд тайлбарлахдаа "нийслэлийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээслүүлэх тохиолдолд" гэж дурдсан байна. Үүнд заавал тодорхой эд хөрөнгийг түрээслүүлэгчид шилжүүлсэн байх үр дагавар бүхий үйлдэл хийгдсэн байхыг зөв бөгөөд тодорхой тайлбарласан боловч хуулийг хэт нэг талд ашигтай хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон. Нэгэнт Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний хэлбэр, нөхцлийг хангаагүй зөвхөн талуудын тодорхой харилцааг зохицуулсан ашиг, үр шим хүртэхэд чиглээгүй хамтран ажиллах тухай хэлцлийг байгуулсан тул Контракт гэрээний 3.11 дэх хэсэгт заасан үүргээ зөрчөөгүй талаар дүгнэж өгнө үү.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг ашиглуулсан мэтээр мөн хариуцагч тайлбарладаг. Газрын тухай хуулиар Нийслэлийн өмчийн газар гэсэн хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд өнөөдрийн байдлаар зөвхөн иргэнд л газар өмчлөх хууль зүйн боломж байгаа гэдгийг шүүх мөн үнэлээгүй нь шүүх хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг хэрэглээгүй болохыг нотолж байна. Нийслэлийн өмчийн газарт Нийслэлийн өмчийн гэсэн тодотголтой газар бүртгэгдсэн талаар хариуцагч татгалзалдаа огт дурдаагүй бөгөөд ийм нотлох баримт ч хэрэгт авагдаагүйд давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж өгнө гэдэгт итгэж байна. Талбайн түрээсийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж байгаа боловч "хүрээлэнгийн эзэмшил доторх талбай эсхүл хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбай" гэсэн хоёр огт өөр ойлголтод анхан шатны шүүх мөн нотлох баримт түшиглэж бодитой дүгнэлтийг өгөөгүй бөгөөд зөвхөн хариуцагчийн тайлбараар шийдвэр гаргасан нь талууд хууль шүүхийн эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн, цугларсан нотлох баримтыг бодитой үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Гэрээний дагуу орж ирсэн орлогын 60 хувийг шууд буюу шууд бус аль ч хэлбэрээр, гэхдээ cap бүрийн 10-ны дотор Нийслэлийн өмчийн харилцааны газрын эзэмшилд шилжүүлж байх үүргийг Ц.Алтанцэцэгт хүлээлгэсэн гэж үзэхээр байна гэж анхан шатны шүүх дотоод итгэлээрээ дүгнэхдээ дараах нөхцөл байдлыг тодруулаагүй мөн л зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэсэн. Хавтас хэрэгт Ц.Алтанцэцэг нь орлогынхоо 60 хувийг төсөвт шилжүүлээгүй буюу төвлөрүүлээгүй талаар нотлох бичгийн болон санхүүгийн ямар нэгэн баримт огт авагдаагүй. Төсөвт байгууллагын хувьд орлогыг шууд төрийн санд төвлөрүүлэх чиг үүрэгтэй талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт огт дүгнэлт өгөөгүй нь шүүх анхнаасаа хэрэгт хэт нэг талыг барьж байсныг нотолж байна. Хариуцагч нь татгалзалдаа орлогын 60 хувийг төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч ямар хугацааны, хэдий хэмжээний орлогыг Ц.Алтанцэцэг төсөвт төвлөрүүлээгүй талаар тодорхой баримттай тайлбар гараагүй байхад шүүх шууд Ц.Алтанцэцэг орлогын 60 хувийг Нийслэлийн өмчийн газрын эзэмшилд шилжүүлээгүй нь Контрактыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан 65, 66-р журамд 40м2-аас дээш талбайтай хөрөнгийг түрээсэлсэн тохиолдолд 60 хувийг төвлөрүүлэхээр журамласан байна. Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын хувьд өөрийн орлогын нийслэлийн төрийн санд л төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл Нийслэлийн төсвийн орлогыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын эзэмшилд шилжүүлэх санхүү ойлголт байхгүй юм. Анхан шатны шүүх төсөвт байгууллагын санхүү, төсвийн харилцааны талаар хэрэгт авагдаагүй, огт байхгүй хэм хэмжээг хийсвэрээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

Ц.Алтанцэцэг нь ажиллах хугацаандаа 2015 онд тус цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн төсөвт төвлөрүүлвэл зохих 12.5 сая төгрөгийн үүргийг даруй 1.7 гаруй дахин нэмэгдүүлж 30.0 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс мөн тайлбарласан боловч мөн үүнд ямар нэгэн дүгнэл өгөхөөс анхан шатны шүүх илэрхий зайлхийсэн төдийгүй үүнээс үүссэн ямар нэгэн хохирол төсөвт үүсээгүй байхад хариуцагчийн ямар нэгэн нотлох баримтгүй орлогын 60 хувийг өмчийн харилцааны газарт өгөөгүй гэсэн тайлбарыг "туйлын үнэн" гэж дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарна уу. Нэхэмжлэгчийн зүгээс төрийн сангийн баримт бичгийг гаргуулан авах боломжгүй байсан ба хариуцагч талаас асуудалд улс төрийн байр сууринаас илтэд хандсанаас 30.0 орчим сая төгрөгийн баримтыг гаргаж өгч чадаагүй болно. Нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүн, cap, өдөртэйгээ Нийслэлийн төрийн санд хадгалагдаж байгаа болно.

Ц.Алтанцэцэг нь Нийслэлийн өмчийн газрыг бусдад түрээслүүлж олон тооны гэрээ хэлцлийг байгуулахдаа өөрт нь тухайлан үүрэг болгосон журмыг зөрчиж, гэрээний мөн чанарт үл нийцэх өөр нэрийн дор гэрээ байгуулж журмаар тогтоосон үүргээ биелүүлэхээс зайлсхийх арга хэрэгсэл болгосон нь контракт гэрээний гол мөн чанар болох итгэлцлийн үүргээ зөрчсөн гэж дүгнэхэд хүргэж байна гэсэн дүгнэлтийг мөн эс зөвшөөрч байна. Энэ шүүхийн шийдвэр эхнээсээ аваад дуустал зөвхөн нэхэмжлэгчийг буруутгахад чиглэсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарна уу. Маргаан маань хөдөлмөрийн маргааны шинжтэй бөгөөд контрактын мөн чанарын талаарх маргаан биш юм. Нөгөө талаар шүүх маргааныг нэхэмжлэлийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэйгээс өөрийн дур зоргоор нэхэмжлэлээс ангид үйл баримтад дүгнэлт өгч байгаа нь анхан шатны шүүх хуулиар олгосон эрх, хэмжээгээ хэтрүүлэн хэт дур зоргын шинжтэй үйлдэл гаргасан байна. Нийслэл засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд ч засаглах эрх эдэлж байгаа субьектийн хувьд ч үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө өмчлөхөөс, газрыг өнөөдрийн эрх зүйн орчны хувьд хараахан өмчлөх боломжгүй юм. Ц.Алтанцэцэг нь Нийслэлийн өмчийн газрыг огт түрээслүүлээгүй ба нийтийн зориулалттай гудамж, талбай дахь эмх замбараагүй гар дээрх худалдааг л зогсоох арга хэмжээ авсан. Итгэлцлийн үүрэг гэсэн үүрэг контракт дээр заагдаагүй бөгөөд контрактад огт байхгүй заалтыг анхан шатны шүүх шинээр гарган ирж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны чиг үүрэгт заагдсан ажлаа гүйцэтгэсэн, төсөвт орлогыг нэмэгдүүлсэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайн эмх цэгцгүй худалдаа, үйлчилгээг хариуцлагажуулсан, Засгийн газрын тогтоолын биелэлтийг хангуулах талаарх Нийслэлийн Засаг даргын орлогчийн чиг үүргийг биелүүлж ажилласан, уг шалгалтаар хангалттай үнэлгээтэй үнэлэгдсэн нь итгэл алдсан гэж шүүхийг үзэхэд хүргэж байгаа нь шүүх анхнаасаа шийдвэрээ гаргаж хуралдаанд орж ирсэн гэж үзэхэд хүргэж байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил хэргийн алдар хүндийг гутааж байна. Иймд анхан шатны шүүхийн нотлох баримтгүй, хэт нэг талыг барьсан, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй дур зоргын дүгнэлтүүдтэй, хуулийг илэрхий буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Анхан шатны шүүх тусгай мэдлэг шаардсан, зайлшгүй хэрэгт татан авбал зохих нотлох баримтуудыг аваагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг хангаагүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Алтанцэцэг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/205 тоот захирамжаар Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх түрээсийн гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газраар батлуулаагүй нь контрактын гэрээний 3.11-д заасныг зөрчсөн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч Б/205 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 25 дахь заалт Контрактын гэрээний 3.11, 7.2.2, 7.4.1 дэх заалтыг үндэслэжээ. Хэргийн 260-261 дүгээр талд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын бүтэц орон тоог Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 756 дугаар захирамж болон хавсралтад 113 ажлын байртай байхаар баталсан тухай баримт авагдсан байна. Уг ажлын байр нь байнгын ажлын байр байтал Ц.Алтанцэцэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн“ ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа ажилтануудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн 262-281 дүгээр талд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоол болон хавсралтаар Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг баталсан байх уг журамд Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газраар батлуулахаар зохицуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгтэй Нийслэлийн Засаг дарга контрактын гэрээ байгуулан ажиллуулсан бөгөөд уг гэрээгээр ажилтны хүлээх үүрэг, гэрээ цуцлах үндэслэлийн талаар талууд тохиролцсон тухай баримтууд хэрэгт авагдсан байна. Талуудын байгуулсан контрактын гэрээний 3.11-д Нийслэлийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэх тохиолдолд түрээсийн гэрээг Өмчийн харилцааны газраар батлуулан, талбайн түрээсийн орлогын 60 хувийг сар бүрийн 10-ны дотор өмчийн харилцааны газарт төвлөрүүлэх үүргийг захиралд хүлээлгэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа хэргийн 172-239 дүгээр тал дахь “Иргэдтэй хамтран ажиллах гэрээ” гэх нэртэй бичгийн гэрээнүүд байгуулсан бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь хүүхдийн тоглоом худалдах үйлчилгээг эрхэлж буй иргэдтэй гэрээ байгуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тогтоосон талбайг ашиглуулж, төлбөр авахаар тохиролцсон байгаа нь дээрх Контракт гэрээний 3.11-д заасан түрээсийн гэрээнд хамаарахаар байна. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Гэвч Ц.Алтанцэцэг нь уг гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн, орлогын хувийг тус газарт төвлөрүүлэх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй, өөрийнх нь тайлбараар няцаагдаж байх тул Контрактын гэрээний 7.4.1-д захирал контрактад заагдсан үүргээ биелүүлээгүй гэж заасан нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл байсан гэж үзнэ.

 

Иймд талуудын байгуулсан контрактын гэрээгээр хүлээсэн үүргийг нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг зөрчиж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг иргэдэд эзэмшүүлж төлбөр авахдаа Өмчийн харилцааны газраар түрээсийн гэрээг батлуулаагүйгээс түүнтэй байгуулсан контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбайг түрээслэсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн доторх болон гаднах нийтийн эзэмшлийн талбай гэсэн 2 өөр ойлголтод дүгнэлт өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ