Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0204

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий
газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Б, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн захирал Н.О, өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Э” ХХК-ийн нэхэмжпэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон Үнэлгээний хорооны 4 тоот шийдвэр гарсан тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргасан. Гаалийн Ерөнхий газраас 2 дахь тендерийг мөн л хууль зөрчин зохион байгуулсан...

Иймд 2 дахь удаагийн 53/2012 тоот тендерийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2 дахь тендерт шалгарсан “Г” ХХК, Гаалийн ерөнхий газрын хооронд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 53/2012-1 тоот нэмэлт гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, уг тендерийн улмаас учирсан хохирол 130.000.000 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 4 үндсэн шаардлага гаргаж байна...

Зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зарим шаардлагуудыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1-рт, Гаалийн ерөнхий газрын 2012 оны гэрээнд заасан хугацааны дотор буюу 2012 оны 10 дугаар сард багтаан тухайн байгууллагын тусгай албан хэрэгцээнд хэрэглэх лац, ломбыг М улсын хилээр баталгаатай оруулж ирж, гэрээгээр хүлээсэн үүргээ 2012 онд бүрэн гүйцэтгэсэн... Гаалын ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53-1/2012 тоот нэмэлт гэрээг “Г” ХХК-ийн хүсэлт хүргүүлсэн тухай албан бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1.4, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол, Сангийн сайдын 2010 оны 48 дугаар тушаалын хавсралтын 5.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Г” ХХК-тай байгуулсан. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч "Э” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын 2012 оны 53/2012 тоот болон 53/2012-1 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.9, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Үнэлгээний хорооны 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т “...Гаалийн ерөнхий газрын Үнэлгээний хорооны 09-р сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын 2012 оны 12-р сарын 13-ны өдрийн 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг эс зөвшөөрч байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг ханган ажилласан. “...ил тод, өрсөлдөх тэгш боломжтой...” гэсэн зарчмын хувьд: Хоёр дахь тендер шалгаруулалт явуулснаар эхний тендер шалгаруулалтын хамгийн бага үнэ болох “Э” ХХК-аас нэг ширхэг троссон ломбыг 300 төгрөгөөр өгсөн үнээс доогуур үнээр буюу нэг ширхэг троссон ломбыг 266 төгрөгөөр худалдан авсан нь төсвийн мөнгийг 15.300.000 төгрөгөөр хэмнэсэн тухай Авлиагатай тэмцэх газар болон Захиргааны шүүхэд удаа дараа тайлбар гаргасан. Хуульд заасан зарчмыг баримтлан ажиллах нэг гол шалгуур нь төсвийн мөнгийг хэмнэх ёстой. “...хариуцлагатай байх зарчмыг баримтална..." гэсэн зарчмын хувьд Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгт “...нийлүүлэх хугацааны талаар тооцолсон тооцоолол дараах шалтгаан нөхцлийг бий болгохоос урьдчилсан сэргийлсэн.

Эхний тендер шалгаруулалтын хувьд 09-р сарын 05-ны өдөр мэдэгдэл өгөхөд, 09-р сарын 13-ны өдөр гэрээ байгуулах эрх олгогдох боломжтой...” байгааг “Э” ХХК-ийн хувьд авч үзвэл бараа нийлүүлэх хугацаа 60 хоног байсан бөгөөд хамгийн наад хугацаа нь 11-р сарын 20-ны өдөр барааг хүлээн авах боломжтой.

“Э” ХХК троссон ломбо нийлүүлж байсан туршлага байхгүй, тендерт шалгарсан тохиолдолд банкнаас зээл авч гэрээний үүрэг гүйцэтгэнэ гэж тендерийн бичиг баримтад мэдэгдсэн. Банкны зээл ямар хугацаанд шийдвэрлэгдэх, тендерт оролцогчийн хэрэгцээт мөнгийг бүрэн хангахуйц зээл олгогдох эсэхийг захиалагч тооцох боломжгүй... /Тендерийн бичиг баримтын 1 хавтас, 104 хуудас/ Троссон ломбыг Гаалийн ерөнхий газрын харъяа бүх газар, хороодод хэрэглэдэг. Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газруудын хэрэглээ их байдаг. Нүүрс болон нефть экспортолж, импортолдог аж ахуйн нэгжүүд их хэмжээгээр хэрэглэж байгаа, эдгээр бүтээгдэхүүнийг экспортлоход М улсын Засгийн газар гадаад улс оронтой байгуулсан олон улсын түвшинд байгуулагдах гэрээний дагуу хэрэгждэг.

Нүүрс болон нефтийн бүтээгдэхүүнд гаалийн хяналт шалгалтын хэвийн үйл ажиллагаа явагдаж чадахгүйн улмаас барааг экспортолж чадахгүйд хүрвэл М улсын Засгийн газрын гадаад улс оронтой байгуулсан “Олон улсын гэрээ”-ний үүргээ биелүүлэх боломжгүй болох, цаашлаад М улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр шууд нөлөөлсөн байдал үүсэх байсныг үгүйсгэх аргагүй.

Ийм нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, дүгнэлт хийж, Үнэлгээний хорооны гишүүд хугацааг голчилж, тендерийн баримт бичигт тусгасан тухай удаа дараа тайлбар гарган хүргүүлснийг шүүх харгалзан үзсэн. Дээрх нөхцөл байдал үүсвэл олон улсын түвшинд М улсын нэр хүнд, Засгийн газрын байр суурь, М улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлөх асуудал үүсгэх үр дагаврууд ар араасаа хөврөн гарч ирэх байсныг Үнэлгээний хороо харгалзан үзэж ажилласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50-р зүйлийн 50.1-д “Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ”, 50.1.1, 50.1.2, 50.1.3-т заасан зарчмыг баримтлан ажилласан. “Э” ХХК нь дээрх хуулийн 54-р зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдснээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэсэн шаардлагыг хангаж ирүүлээгүй бөгөөд тодруулга хүссэн албан бичигт захиалагчаас хариу хүргүүлсэн. Хоёр дахь удаагийн тендер шалгаруулалт захиалагчийн бүрэн эрхийг хязгаарлаагүй, тендер шалгаруулалт явуулах эрх нь нээлттэй байсан.

Гаалийн ерөнхий газар, “Г” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 39.9 сая төгрөгийн өртөг бүхий 53/2012-1 тоот нэмэлт гэрээг мөн хуулийн 34-р зүйлийн 34.1.3-т “нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол” гэсний дагуу 119.9 сая төгрөгийн өртөг бүхий анхны гэрээний нэмэлт гэрээг 39.9 сая төгрөгөөр байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх троссон ломбо худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан нь тендерт ялсан нийлүүлэгчтэй 2013 оны 53/2012 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулахад троссон ломбоны нууцлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийлүүлэгчид өгсөн. Энэхүү троссон ломбыг өөр зориулалтаар ашиглах нь гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй, троссон ломбо нь гаалийн байгууллагын нэр, нууцлал бүхий үсэг, тоон дугаартай учир өөр бусад газар ашиглах боломжгүй, тусгай зориулалтаар нэр заагдсан троссон ломбыг бусдад ашиглуулах нь гаалийн хяналт шалгалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах аюултай, гаалийн хяналтад байгаа бараа, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүйн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн. Шүүхийн шийдвэрт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4. 28.9. 14 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.4.1, 46 дугаар зүйлййн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан нэхэмжпэгч “Э” ХХК-ийн нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Үнэлгээний хорооны 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжпэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тогтоосон нь тухайн хуулийн 50-р зүйлийн 50.1-т заасныг баримтлаагүй байна... Хоёр дахь тендер шалгаруулалт явуулснаар эхний тендер шалгаруулалтын хамгийн бага үнэ болох “Э” ХХК-аас нэг ширхэг троссон ломбыг 300 төгрөгөөр нийлүүлэх үнээс доогуур үнээр буюу нэг ширхэг троссон ломбыг 266 төгрөгөөр худалдан авсан нь төсвийн мөнгийг 15.300.000 төгрөгөөр хэмнэсэн. Энэ талаар Авлигатай тэмцэх газар, Захиргааны шүүхэд удаа дараа гаргасан тайлбарт төсвийн мөнгийг хэмнэж, хуулийн гол шалгуур болох “...төрийн ашиг сонирхлыг дээдлэх...” зарчмын дагуу ажилласныг харгалзан үзэлгүй шийдвэр гаргахдаа баримтлаагүй. Дээрх хуулийн 30-р зүйлийн 30.3, 54-р зүйлийн 54.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг хэсэгчлэн өөрчилж, “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрт “...Гаалийн ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заасан нь алдаатай гарсан шийдвэр байна. “...Гаалийн ерөнхий газрын 2012 оны 12-р сарын 13-ны өдрийн 53/2012 тоот тендер шалгаруулалт...” явуулаагүй. Дүгнэхэд шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт бичигдсэн зарим зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан материалд орсныг харгалзан үзээгүй байна... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйлийн 31.1-д заасны дагуу доорх нотлох баримтад шүүх үнэлэх үүргээ гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ц.Э нь тендерт оролцох үедээ захиалагчийг хууран мэхэлж, тус компанийн захирлын албан тушаалыг хашдаггүй мөртлөө төрийн байгууллагыг хууран мэхэлж, тендерийн бүх бичиг баримтад “Захирал” гэж өөрийн гарын үсэг зурж оролцсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулж, “Э” ХХК-ийн захирал биш гэдгийг тодруулсныг эхний шүүх хурал дээр ярилцсан байхад энэ тухай дурдаагүй. Улмаар төрийн болон хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдолд “Э” ХХК-ийн эрх ашгийг төлөөлж гомдол гаргаж явсан. Цаашид аливаа байгууллагыг төлөөлөх эрхгүй хүн төрийн болон хуулийн байгууллагад гомдол гарган өөрийн эрх ашгийг хангуулдаг буруу жишиг тогтох болгоомжлол төрж байна. Ц.Энхжин нь “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс тендертэй холбогдох асуудлаар Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитийн газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу Захиргааны хэргийн шүүхийн 2 дахь удаагийн хуралд “Э” ХХК-ийн захирлын албан тушаалд шинээр томилогдсон гэж танилцуулсан боловч шүүх үнэлэх үүргээ гүйцэтгэлгүйгээр шийдвэр гаргасан... Захиалагч Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлтэй тухай бүр танилцаж, зөвшөөрөл олгосны үндсэн дээр тендер шалгаруулалт явагдсныг нотлох тус хорооны хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсныг шүүх буруу үнэлж, Үнэлгээний хороо эрхээ хэтрүүлсэн гэж буруу үндэслэл гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн захирал Н.О, түүний өмгөөлөгч Ц.М нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.9, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.4.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан нэхэмлэлийн зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Үнэлгээний хорооны 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож тогтоосон гэдгийг үндэслэлдээ тайлбарлахдаа Үнэлгээний хороо нь тендерийг үнэлж, дүгнэлт гарган захиалагчид хүргүүлэх чиг үүрэгтэй атал бүх тендерийг хүчингүй болгох, тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулж дахин тендер явуулах зэрэг төрийн чиг үүрэгт хамааралгүй, захиалагчийн бүрэн эрхэд хамааралтай асуудлаар хэлэлцэж, санал гаргаж бүрэн эрхээ хэтрүүлсэн байна.

Уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу Үнэлгээний хороо ДХ02/2012 тоот тендерийг хянан хэлэлцээд хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 28 дугаар зүйлийн 28.4, 30 дугаар зүйлийг удирдлага болгон тендерийг бүхэлд нь хүчингүй болгох дүгнэлт гаргасны дагуу захиалагч тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. 1-рт, ДХ02/2012 тоот тендерийн баримт бичгийн техникийн шаардлага, зураг, загвар хэсгийн 2-т “Бараа нийлүүлэх хугацаа нь тендерийн бичиг баримтыг үнэлэх шалгуур үзүүлэлтэд орно” гэж тусгасан байсан болох нь шүүхээр тогтоогдсон тул Үнэлгээний хороо хуулийн 28.4-ийг үндэслэсэн нь хууль зүйн хүрээнд гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

2-рт, Захиргааны хэрэг хянан хэлэлцэх явцад “Э” ХХК нь ДХ02/2012 тоот тендерт оролцохдоо хуулийн 14 дүгээр зүйл, тендерийн баримт бичгийн 12 дугаар зүйлийн 12.1-д “тендерт төлөөлөн оролцогчийн итгэмжпэлийг ирүүлнэ” гэснийг зөрчиж, “Э” ХХК-ийн захирал Ц.М-гөөс итгэмжпэл авахгүйгээр Ц.Э нь өөрийгөө тус компанийн захирал гэж хууль бус материал бүрдүүлж, тус компанийг шууд төлөөлөн тендерийн материалд гарын үсэг зурсан нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг шүүхээс цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд Үнэлгээний хороо хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг үндэслэн бүх тендерээс татгалзах дүгнэлт гаргасан нь хуулийн хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. 3-рт, Захиргааны хэрэг хянан хэлэлцэх явцад ДХ02/2012 тоот тендерт оролцогч “С” ХХК-ийг “тендерийн баталгаа ирүүлээгүй”, “Э” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тул “тендерийн ерөнхий нөхцлийг хангаагүй” гэж үзэх, тендерийн шаардлага хангасан “Г” ХХК-ийн тендер нь захиалагчийн тооцсон төсөвт 5-аас дээш хувиар хэтэрсэн болох нь тогтоогдсоор байхад захиалагчийн ДХ02/2012 тоот тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй.

4-рт, Гаалийн ерөнхий газар нь Үнэлгээний хорооны үнэлгээг хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж шалгалгүй, тендерээс татгалзсан үндэслэлээ мэдэгдээгүй, тэдний гомдол гаргах хугацаа дуусаагүй, өөрөөр хэлбэл, эрх зүйн үндэслэл байхгүй байхад “Э” ХХК-ийг дахин тендерт оролцох боломж олгоогүй хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус байх тул Гаалийн ерөнхий газрын 53/2012 тоот тендер сонгон шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна гэжээ. 5-рт, захиалагч ДХ02/2012 тоот тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 28 дугаар зүйлийн 28.4, хуулийн 30 дугаар зүйлийг тус тус үндэслэн бүх тендерээс татгалзсан талаар 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/3513 тоот албан бичгээр бүх тендер оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн болохыг шүүхээр тогтоосон.

6-рт, “Э" ХХК-ийн захиалагчид гаргасан гомдлыг захиалагч хуулийн хугацаанд амаар болон бичгээр шийдвэрлэн “Э” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж бүх тендерээс татгалзсан үндэслэлээ танилцуулсан тул гомдлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. 7-рт, “Э” ХХК-ийн гомдолд захиалагч амаар болон бичгээр ямар үндэслэлээр бүх тендерээс татгалзсан талаараа танилцуулж, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 8-рт, Шүүхийн шийдвэрт “захиалагч хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг зөрчин ДХ02/2012 тендерт оролцогч “Э” ХХК-ийн гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна” гэжээ. Энэхүү тендерт ямар нэг тендерт оролцогч шалгараагүй бөгөөд захиалагч бүх тендерээс хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу татгалзсан. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй" гэж заасан тул дараагийн тендерийг зарлах хууль эрх зүйн орчин бүрэн нээлттэй байсан бөгөөд “Э” ХХК бүх тендерээс татгалзсан асуудлаар гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй. 9-рт, Шүүхийн шийдвэрт “захиалагч “Э ХХК-ийн гомдлыг шйдвэрлэж, дахин тендерт оролцох боломж олгоогүй” гэжээ. Захиалагч “Э” ХХК-ийн гомдол гэх хүсэлтэд амаар болон бичгээр хариу өгч шийдвэрлэсэн, мөн дахин тендер зарлах гэж байгаа талаараа “Э” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, мөн утсаар удаа дараа танилцуулсан боловч “Э" ХХК оролцоогүй, дахин зарласан тендер олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан тул сонирхсон бүх этгээд тендерт оролцох эрх нээлттэй байсан. Иймд тендерт оролцох боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй.

10-рт, Хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.2-т заасны дагуу...тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу тоо хэмжээг багасгаж 450.000 болгон хязгаарлагдмал тендерийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан. Иймд 53/2012 тендер сонгон шалгуулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, мөн ДХ02/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул ДХ02/2012 тоот Тендерийн үнэлгээний хорооны 4 дүгээр шийдвэр, 53/2012 тоот тендер сонгон шалгуулалт хүчин төгөлдөр байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Гаалийн ерөнхий газраас 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ДХ02-2012 дугаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан байх бөгөөд уг тендерт “Э” ХХК, “Г” ХХК, “С” ХХК оролцсон, тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалыг үнэлж Тендерийн үнэлгээний хороо 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж “нийлүүлэх хугацаа хамгийн урт” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тендерээс “татгалзсан" нь буруу байна.

“Э” ХХК нь уг троссон ломбыг 180.000.000 төгрөгөөр нийлүүлэхээр “хамгийн бага” үнийг санал болгож, дараагийн бага үнэ санал болгосон /349.000.000 төгрөг/ компаниас 169.000.000 төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

ДХ02/2012 дугаар тендерийн баримт бичгийн техникийн шаардлага, зураг, загвар хэсгийн 2-т “Бараа нийлүүлэх хугацаа нь тендерийн бичиг баримтыг үнэлэх шалгуур үзүүлэлтэнд орно” гэж тусгасан атлаа уг хугацааг үнэлгээнд хэрхэн харгалзах нөхцөл, аргачлалаа тендерийн баримт бичигт заагаагүй бөгөөд ямар аргачлалаар хэрхэн дүгнэж “Э” ХХК-ийн тендерийг “шаардлага хангаагүй” гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Үнэлгээний хорооны шийдвэрт тендерт оролцогчид гомдол гаргах эсэх, тендерийг дахин явуулахад шаардагдах зардал болон хугацаа зэргийг “Э” ХХК-ийн бараа нийлүүлэх үнэ, хугацаатай хэрхэн харьцуулж ямар үндэслэлээр “эдийн засгийн хувьд үр ашигтай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Түүнчлэн “Э” ХХК-ийн гаргасан тендерээс татгалзсан үндэслэлийг шалгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй дахин 53/2012 дугаар тендер зарлан явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.9, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр Гаалийн ерөнхий газрын ДХ/02/2012 дугаар тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 53/2012 дугаар тендер сонгон шалгаруулалтыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийлдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх нэхэмжлэлийн “...дахин тендер сонгон шалгаруулалт явуулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах" шаардлагыг “Г” ХХК нь гэрээний дагуу троссон ломбыг нийлүүлж дууссан нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгсэхгүй болгож, мөн Гаалийн ерөнхий газрын “Г” ХХК-тай байгуулсан 53/2012 дугаар үндсэн болон 53/2012-1 дугаар нэмэлт гэрээнүүдийг “хүлээн азахаас татгалзаж” шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

                                       ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                                                                        Н.ХОНИНХҮҮ

                                                                        Э.ЗОРИГТБААТАР