Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

2019              4            30                                            ДШМ/2019/394

 

                                                     Д.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Г.Нацагдорж,

хохирогч Ч.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ө-д холбогдох эрүүгийн 1807003680152 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овгийн Д.Ө, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ....... дүүргийн .... дугаар хороо,........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Д.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, гэр бүлийн “Эко” амралтын газрын хажууд “ачааны машинчаар тавина” гэсэн ажил, албан тушаалын шинжтэй асуудлаас болж Ч.Б-тай маргалдаж зүүн нүдэн тус газар гараараа цохиж зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан нүдийг нь сохлон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: Д.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .... овгийн Д. Ө-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө-д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн эрүүл мэндийн хохирол бүрэн гүйцэд арилж чадаагүй гэж үзэж байна. Миний нүд өнөөдрийг хүртэл өөрийнхөөрөө харж чадахгүй байгаа бөгөөд хиймэл нүдтэй болсондоо маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ыг 15.000.000 төгрөгөөөр торгох ялаар шийтгэсэн байгаа нь бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг баримталсан бөгөөд миний амьдрал орвонгоороо эргэсэн болно. Гэр бүл маань миний цалингаар амьдарч, ипотекийн зээл болон бусдаас авсан зээлээ төлдөг гэдгийг энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч ойлгохыг хүсээгүй. Шүүгч нь Д.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь хохирлын байдлыг буруу тооцоолсон гэж үзэх үндэслэл болж байна. Д.Ө- нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хэзээ ч гэмшиж байгаагүй зөвхөн аргалуулах гэсэн төдийхнөөр л нэг удаа уулзаж байсан. Шүүгдэгч нь шүүх хуралдаанаар торгуулийн ял аваад гарахдаа ямар ч гэмшсэн шинжгүй, эхнэрийн хамтаар инээгээд гарсанд нь гайхсан. Шүүхээс түүнд оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ө- нь гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж 25.000.000 төгрөгийг төлсөн, энэ төлбөр нь захиран зарцуулагдсан гэж үзэж байна. Учир нь надаас гарсан нийт хохирол нь 43.384.325 төгрөг болсон үүнээс урьдчилж төлсөн 25.000.000 төгрөгийг хасахад 18.384.325 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хохироосон байхад шүүгч хохирол төлсөн хэмээн дүгнэж торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж хохирогч намайг хохироосон шийтгэх тогтоол гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Б-ы өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. Учир нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгох санкцитай бөгөөд торгуулийн ял нь хохирогчийн гэм буруугийн хор уршиг, хохирол бүрэн арилсан байх ёстой. Энэ хохирол бүрэн арилаагүй байхад 15.000.000 төгрөгийн торгуул оногдуулсан нь ял шийтгэл ялгамжтай байх хуулийн зарчим алдагдсан. Мөн хохирогч 43.384.325 төгрөгийн хохирол дурдсан. Анхан шатны шүүхээс 44.069.510 төгрөгийн хохирол төлөхөөр тооцож, 7.894.928 төгрөгийг илүү төлсөн хэмээн дүгнэсэн. Энэ бодит байдалтай нийцэхгүй байна. 25.000.000 төгрөг өгснөөс хойш нийт эмчилгээний зардал 6.642.500 төгрөг, өмгөөллийн хөлс 4.000.000 төгрөг тус тус гарсан бөгөөд эдгээр төлбөр тооцохгүйгээр 7.894.922 төгрөгийг оруулаагүйгээр тооцсон. Мөн Солонгос улсад хохирогч эмчлүүлж 18.314.813 төгрөгийн зардал гарсан. Эдгээр баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  учирсан нийт хохирлыг 17.000.000 төгрөг гэж дүгнэсэн. Бодит байдалд 43.000.000 төгрөгийн хохирол учирсан. Өмгөөлөгчийн хөлс болох 4.000.000 төгрөгөөс би татгалзсан. Миний үйлчлүүлэгч өмгөөлөгчийн хөлсөө өгсөн болохоор хохиролд тооцуулж авах хүсэлтэй байгаа. Учир нь хохирогчоос өөрөөс нь гарсан зардал. Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй учраас хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирлын хувьд нэмж хэлэхэд Э, Т гэх хүмүүс сэтгэл санааны дэм болох зорилгоор гадаадын орноос ирсэн. Гэтэл энэ зардлыг төлөхгүй гэдэг маргаан үүссэн. Шүүгдэгч Д.Ө- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирогчоос уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл байхгүй, нөхөн төлбөр, хор уршгийг бүрэн арилгаагүй. Иймд тухайн гэмт хэргийг үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүдээс аль нэг үндэслэл заавал байх ёстой. Хохирогчийн өмгөөлөгч тухайн хүчингүй болгох, өөрчлөх нөхцөл байдлуудыг аль нэгэнд нь хууль зүйн тайлбар хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл хэсэг бодит байдалтай тохирсон. Үндэслэл хэсэг зодсон, цохисон, гэмтэл учруулсан. Тогтоох хэсэгт дээрх үйлдлүүдийг үндэслэн хуулийн хариуцлага хүлээнэ гэж байна. Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой асуудлыг давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн тайлбарт дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрдээгүй учраас давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж өгнө үү. Мөн хохирол төлбөрийн хувьд анхан шатн шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Солонгос улс руу эмчлүүлэхээр явсан, эмчилгээний зардал зэргийг тухайн үед төлсөн. Хохирогчийн зүгээс хохиролд тооцуулан гаргасан мөнгөн дүн нь хохирогчтой нь өөртөө нь шууд хамааралтай бус зардлуудыг нэмсэн. Эдгээрийн анхан шатны шүүхээс хохирлын хэмжээнээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ө-ыг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хүний хувийн байдал болон хохирол төлсөн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогч Ч.Б-ы давж заалдах заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хохирлын тухайд прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Ч.Б-ы нэхэмжилсэн 44.069.512 төгрөгийг бүрэн гаргуулах саналтай байсан. Анхан шатны шүүх хуралдаан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, шаардлага хангасан буюу хохирлын нотлох баримтуудыг нотлох баримтад тооцсон. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ө-д холбогдох хэргийг хохирогч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Ө- нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко амралтын газрын орчим хохирогч Ч.Б-тай ажил, албан тушаалын маргаан үүсгэж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, “зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, нүдийг нь сохолж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Б-ы “...Д.Ө- юм ярихгүй зүгээр явж байгаад гэнэт миний зүүн талын шанаан тус газарт гараа атгаж байгаад 4-5 удаа цохьсон. Энэ үед би урдаас нь “та яагаад намайг зүгээр байх үед зодоод байгаа юм бэ” гээд маргалдсан. Ингээд Н жолооч машинаа зогсоож бид хоёрыг салгаж суулгах санаатай буугаад арын машин дээр гүйж очих үед Д.Ө- өөрөө машинаас буусан. Би араас нь буух гэхэд намайг заамдаж аваад машинаас буулгаж байгаад зүүн нүдэнд гараараа цохих үед миний зүүн нүд рүү ямар нэгэн зүйлээр хатгах шиг болоод маналзаад би нүдээ гараараа дараад хажуу талаараа газар унах үед гаран дээр ямар  нэгэн шингэн зүйл дусалж байсан. Би “нүднээс юм гоожоод байна, хараад өгөөч” гэхэд Б ах нээж нүдийг машины гэрэлд хараад “хүрэн шингэн зүйл нүднээс чинь гараад байна, чи эмнэлэг явахгүй бол болохгүй” гэж хэлсэн. ...3 дугаар эмнэлгийн нүдний тасагт хэвтэн хагалгаанд орж зүүн нүдийг авсан болно” гэсэн мэдүүлэг /хх 12-16/,

Гэрч Б.Н-н “...Ингээд орой болоод 21 цагийн үед арга хэмжээ дуусаад бүгд машинд хуваагдан суух болсон. Миний машинд Ө, Б, Э, Ө-н хүүхэд Г нар суусан. Тэгээд машин хөдлөх цагаас эхлэн Б нь “та намайг суудлын тэрэгний машинчаас ачааны машинч болгох гэж байна” гэх мэтийн зүйл яриад Өлзийжаргал нь “чи миний хүчинд энэ албанд ажиллаж ахиж дэвшиж байгаа” гэх зэргээр маргалдаж байгаад Ө ах Б-г 1-2 удаа гараараа цохиж байсан, чухам яг хаана нь цохьсон талаар харж чадаагүй юм. Энэ үед би машинаа зогсоож, ар талд явж байсан Б-н машиныг зогсоож “та нарын бага согтсон байгаа нь машинд суугаад Б ахыг танай машинд суулгаж явъя, тэгэхгүй бол Ө ахтай маргалдаад зодоон хийгээд байна” гэж хэлээд эргээд хартал машины хаалга онгойж жолоочийн эсрэг талын Ө ахын сууж байсан талаар Б ах Ө ах хоёр давхаралдаад газар унасан болно. Би гүйж очоод Б-г дээрээс нь салгаж аваад газар суулгаж Ө ахыг босгож машины арын суудалд суулгаад хаалгыг нь хаасан. Гэтэл Б ах босохгүй, зүүн нүднээс цус гараад сормуус дээр нь нөжирч байхад нь ариун цэврийн цаасаар арчаад тогтохгүй байхаар нь Б-г нь Б-н машинд суулгаад гэмтлийн эмнэлэг ороод Нэгдүгээр эмнэлэг ороод дараа нь 3 дугаар эмнэлэг ороод хагалгаанд оруулсан” гэсэн мэдүүлэг /хх 26-28/,

Гэрч Ч.Э-н “...Ингээд машин явж байгаад төв зам руу орох гэж шороон зам дээр явж байх үед Б ах та миний оронд суудлын тэрэгний машинчаар явуулсан байна мэтчилэн ажлын талаар юм яриад маргалдаж байгаад бие биенийгээ цохих чимээ гарсан учир Н машинаа зогсоож ар талд явж байсан манай ажлын газрын Б-н машиныг зогсоож уулзахаар буусан. Энэ үед удалгүй миний арын хаалга гэнэт онгойж Б, Ө хор давхаралдаад буусан учир би өөрөө хөл гэмтсэн бууж чадахгүй, энэ хоёрыг аваарай гэж орилсон чинь цаанаас Н гүйж ирээд салгаад нэгийг нь босгож байсан. Тэгээд Ө-ыг авч ирээд арын суудалд суулгаад Б ах газар суусан байдалтай нүүр орчмоос нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 29-31/,

Гэрч Ө.Г /хх 39-44/, гэрч Ж.Б /45-47/, гэрч Б.Б /хх 48-50/, гэрч Д.Х /хх 60-61/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 08шэ/335 дугаар “Ч.Б-ы биед зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүгдэгч Д.Ө-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ө-ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Д.Б “Д.Ө-д торгох ял шийтгэсэн нь илт хөнгөдсөн, шүүх хохирол гаргуулахдаа зарим хэсгийг үндэслэлгүйгээр хассанд гомдолтой” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

Хохирогч Д.Б-ы гомдлыг зарим хэсэг үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудаас үзэхэд нийт 33.808.481 төгрөгийг төлүүлэх нотлох баримт бүрэлдсэн байгаагаас шүүх хохирогчид төлөгдсөн 25.000.000 төгрөгийг хасч үлдэх 8.808.481 төгрөгийг нэмж гаргуулах байтал илүү төлөлттэй гэсэн үндэслэл зааж, шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

Иймд энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Харин шүүх хуульд заасан ялыг шүүгдэгчид өөрийн эрхийн хүрээнд оногдуулсан байх баял хөнгөдсөн гэж үзэх боломжгүй учир давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж үзэх хууль зүйн боломжгүй юм.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай” гэснийг “...цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-аас 8.808.481 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б “шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан ял хөнгөдсөн” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ