| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0653/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/669 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/669
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808004450837 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын .......-ны өдөр ........... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт ........ аймгийн ........... сум, ........ дугаар баг, .... дугаар гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо, ...... ......... дүгээр гудамж, ........ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .................... А /РД:................../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.А нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 31-13 тоот хаягт хамтран амьдрагч Л.А-тай хэрэлдсэний улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Эхнэрээ дахин зодож гар хүрэхгүй гэдгээ амалж байна” гэв.
Эрүүгийн 1808004450837 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.А-гийн: “...Тэгээд манай ээж над уруу залгаад “чи гэртээ буцаад ир” гэж хэлсэн. А миний толгой уруу 2 гараараа 4-5 удаа цохиод байсан. Би түлхсээр байгаад салгасан. Тухайн үед хажууд нь түүний том эгч Мягмарсүрэн, бэр Сансармаа нар байсан. Ер нь бид нарт гар хүрч байгаагүй, тэр л өдөр огцом уурлаад ийм зүйл болсон. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-48-49, 50-51/,
Гэрч И.С-гийн: “...А ах эхнэртэйгээ “танай ээж чинь өчигдөр орой намайг гэрээсээ хөөсөн, доромжилсон” гээд уурлаад эхнэр А- нь дуугүй байсан. Нэг харахад А ах эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа алгадаад эхнэр нь гүйгээд гараад явсан. Тэгээд 2-3 цагийн дараа А- аавтайгаа ирээд хувцас хунарыг нь аваад явсан. Харин Мягмарсүрэн эгч жирэмсэн байсан болохоор ойртож чадахгүй Аийг “боль, чи яагаад байгаа юм” гээд загнаад байсан. А- нөхрийгөө эсэргүүцэж зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх-52-54/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.15-ны өдрийн 1504 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.А-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-57/,
Шүүгдэгч Ж.А-ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой Увс аймгаас Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүд дээрээ очсон. Манай эхнэр аав ээжийнхээ гэрт байсан. Би гэрт нь ороод байж байтал хадам ээж “гутлаа чирсэн гуйлгачин, миний охиныг олигтой авч явж чадсангүй” гэх зэргээр агсам тавиад “зайл” гээд хөөгөөд байхаар нь шөнө 02 цаг өнгөрч байхад би эхнэр хүүхдээ аваад өөрийн дүүгийн гэрт ирээд амарцгаасан. Маргааш нь эхнэрийнхээ ээжийн хэлсэн үгийг эгчдээ хэлсэн. Манай эгч ээжтэй нь утсаар ярьж маргалдацгаасан. Гэтэл хадам ээж охин уруугаа залгаж ярьсны дараа эхнэр А- “гэр рүүгээ явна” гээд хүүхдүүдээ хувцаслахаар нь би эхнэртээ “аав ээжийнхээ үгээр явлаа, чамайг хэзээ бодож байсан юм” гэхэд аав ээжийгээ өмөөрч бид хоёр маргалдсан. Эхнэр “явна” гээд хувцсаа өмсөөд байхаар нь “явж яах гээд байгаа юм” гээд хувцаснаас нь таттал өөдөөс гараараа түлхсэн. Би зөрүүлээд эхнэрийнхээ толгой уруу 2 удаа алгадсан. Охиныгоо бас “хувцсаа тайл” гээд хөлөөрөө хөнгөхөн бөгс рүү нь түлхчихээд би гэрээсээ гараад явчихсан. ...Би өөрийн гэм бурууг ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-65-68/,
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, хохирогчийн өргөдөл /хх-9/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-83-84/, хохирогчийн эвлэрсэн тухай баталгаа /хх-88/, шүүгдэгчийн хүсэлт /хх-89/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.А нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн** дүгээр гудамж, ** тоотод хамтран амьдрагч Л.А-тай хэрэлдсэний улмаас зодож, биед духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.А-гийн “...А миний толгой уруу 2 гараараа 4-5 удаа цохиод байсан. ...Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-48-49, 50-51/, гэрч И.С-гийн “...А ах эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа алгадаад эхнэр нь гүйгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-52-54/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.15-ны өдрийн 1504 дүгээр “1.Л.А-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-57/, шүүгдэгч Ж.А-ийн “...Би зөрүүлээд эхнэрийнхээ толгой уруу 2 удаа алгадсан. ...Би өөрийн гэм бурууг ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-65-68/ зэргээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-49/, шүүхэд гаргаж өгсөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа ойлгож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч эмчлүүлээгүй, гэмтэл эдгэрсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ж.А-ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, харин торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................... А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР