Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02802

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр              Дугаар 102/ШШ2017/02802                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 хороо, 22 дугаар байрны гадаах өөрийн байранд байрлах Н СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн  хороо, дугаар байрны  тоотод оршин суух С.Л-д холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 406.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

            Нэхэмжлэгч Н СӨХ шүүхэд нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суугч С.Л нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар орон сууц ашигласны төлбөр болох 406.080 төгрөгийг төлөөгүй байх тул Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт заасны дагуу 406.080 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус 26 дугаар байрны оршин суугч С.Л дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрөө төлөхгүй, удаа шаардлага тавьж, Мэдэгдэх хуудас-ыг хүргүүлсэн боловч биелүүлэхгүй байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх орон сууц ашигласны төлбөр 406.080 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Н СӨХ, хариуцагч С.Л-аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 325.330 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч С.Л-т шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авсан, түүний 99099252 дугаарын утсанд залгаж мэдэгдэхэд өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхийг хүсэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нөхөрлөл Сууц өмчлөгчдийн холбоог 2005 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 82 дугаартай гэрчилгээг олгож, тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хурлын шийдвэрээр Д.Б-г гүйцэтгэх захирлаар томилсон нь нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Д.Буянхишиг холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хариуцагч С.Л Н СӨХ-нд харъяалагддаг Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суудаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг олгожээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа муу, доголдолтой талаарх маргаан хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна. гэж заасны дагуу СӨХ болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо оршин суугчид, гишүүд эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар хариуцагч 2015 оны 3,4,5,6,7,8,9,10,11,12, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1,2,3,4,5 сарууд, нийт 406.080 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хулардаанд гаргасан тайлбар, Төрийн банк-ны хуулгаар нотлогдож байх тул С.Л-аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Л-аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 406.080 төгрөгийг гаргуулан, Нөхөрлөл сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА