Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/664

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа  

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808027500838 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .......-ны өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, “Д” ХХК-д сургалтын менежер ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Ховд аймгийн ........... сум, ....... дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, “.............. ...” хотхон, ...... байр, ........ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ............................ Н /РД:............../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудал дээл иргэн Э.Б-ийг “илүү таксины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808027500838 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Б-ийн: “2018 оны 05 сарын 20-ны өдрийн 03:30 минутын орчимд Хорооллын эцэс дээр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн машинтай явж байтал нэг үл таних 35-40 насны эрэгтэй машинд орж ирээд “100 айл оръё” гээд Баянбүрд дээр явж байтал “ахын дүү буцаад Цамбагарав руу яваарай” гэхээр нь машинаа эргүүлээд Цамбагаравын автобусны буудал дээр ирсэн. Би хянах самбараа хараад 8 км гарсан болохоор нь “8000 төгрөг” гэж хэлсэн. Тэр ах “6000 төгрөг гардаг газар чи илүү мөнгө нэхлээ” гээд согтуурхаад байхаар нь би явсан зам, км үзүүлэхэд надад 8000 төгрөг өгөөд “Мал бацаан минь чамайг дараа таарахаараа ална” гээд миний зүүн хацар уруу нэг алгадаад буусан. Би араас нь буухад намайг цохих гээд ирэхээр нь би түрүүлээд баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод барьцалдаж аваад хоёулаа унасан. Босоход миний хүзүүг хоёр гараараа уургалж тэвэрч байгаад баруун хацраас нэг удаа хазаад тавихгүй байхаар нь хажуугаар явсан залуус ирж салгасан. Ах зугтаагаад ТҮЦ-ийн ард очтол “чамайг ална” гээд миний баруун гарын булчингаас нэг удаа хазаад ноцолдохоор нь би газар унагааж байгаад цагдаад дуудлага өгсөн. Би Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд “миний булчинд халдвараас хамгаалах” тариа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.21-ний өдрийн 6546 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.Б--н биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл   тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэдл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/,

Шүүгдэгч Ц.Н-ын яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний орой 22 цагиин үед 10 жилиин найзуудтайгаа хорооллын эцэст пабд дөрвөн шил 0,5 литрийн пиво ууж, тэндээс найз нарын хамт гараад найз нараасаа салаад хорооллын эцсийн гэрлэн дохионы зүүн талаас такси бариад “Зуун айл орно” гэж явж байгаад найзтайгаа утсаар яриад Зуун айл орохоо болиод Ахуйн үйлчилгээнээс буцаагаад Цамбагаравын буудал орохоор болсон. Цамбын автобусны буудал дээр ирээд жолоочоос “хэд гарсан бэ” гэж асуухад “6000 төгрөг гарсан” гэхээр нь “4000 төгрөг гардаг газар чи яагаад илүү мөнгө нэхээд байгаа юм бэ, хүн шулах гээд байгаа юм уу” гэж хэлээд 6000 төгрөг өгөөд мөрөн дээр нь гараараа цохиод буусан. Намайг буусны дараа жолооч араас бууж ирээд “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохиод куртикны захаас боогоод газар унагаасан. Би гарыг нь тавиулах гээд дийлэхгүй болохоор хоёр гараараа хүзүүг нь уургалж татаж байгаад баруун хацраас нь хазсан. Тэр залуу миний дээр сууж байгаад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн. ...Тухайн үед миний эрүү хоол идэх үед өвдөөд байсан. Би ажил ихтэй байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Миний биед одоо зовиур байхгүй” гэх мэдүүлэг /хх-34/,

ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-37/, “Д” ХХК-ийн тодорхойлолт /хх-38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-45/, Голомт банкны дансны хуулга /хх-48-49/, хохирогч, шүүгдэгчийн хүсэлт /хх-55, 56/, прокурорын тогтоол /хх-57/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Н согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудал дээр иргэн Э.Б-ийг “таксины мөнгө илүү нэхлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохирлын мөнгө 350.000 төгрөгийг авсан. Цаашид Ц.Н-д гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-56/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Н бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............................ Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Н урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР