Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02806

 

2017 оны 10 сарын 24 өдөр         Дугаар 102/ШШ2017/02806                                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн  хороо, дүгээр байрны тоотод байрлах ДФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүргийн хороо, А.Ү холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.477.460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг, хариуцагч А.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

            Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Үнэнбилэг манай байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хувийн хэрэгцээний зориулалтаар гэрийн эд хогшил, тавилга барьцаалж, 1.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлсэн.

 

Зээлдэгч зээл авснаас хойш 2 удаагийн төлөлтөөр 111.000 төгрөг төлсөн бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардан, сануулж, Мэдэгдэх хуудас-ыг өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-ыг хохироосоор байгаа тул А.Ү үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1.477.460 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Хариуцагч А.Ү тус банк бус санхүүгийн байгууллагаас хувийн хэрэгцээний зориулалтаар гэрийн эд хогшлоо барьцаалж, 1.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, гэрээ байгуулан зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг ороод, нийт 1.477.460 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагч Ч.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ДФ ББСБ ХХК-аас 1.000.000 төгрөгийн зээл аваад төлж чадаагүй үнэн. Надаас нэхэмжилсэн 1.447.460 төгрөгийг бүрэн төлөхөд татгалзах зүйлгүй. 4 сарын хугацаа өгөөч. Би хөлөө хугалж, хэвтэрт байгаад өчигдрөөс ажилдаа орж байна. Хугацаа өгвөл мөнгөө 100.000 төгрөг юмуу 150.000 төгрөгөөр хуваагаад төлнө, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК, хариуцагч А.Ү холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.477.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

Хариуцагч зээлээ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

1. Хариуцагч А.Ү, ДФ ББСБ ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хувийн хэрэгцээний зориулалтаар 1.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, гэрийн эд хогшил, тавилга барьцаалан авсан болох нь зохигчдын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

2. Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу хийгдсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна.

 

3.Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 4, 5 дугаар хуудсанд авагдсан ДФ ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр батлагдсан болно.

 

4.Хариуцагч зээлээ төлөх үүрэгтэй нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж зааснаар зээл төлөх хуваариа зөрчиж, 2017 оны 3 дугаар сарын 13-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5 дахь хэсэгт зээлдэгч гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Иймээс хариуцагч нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээний үүрэгт 1.477.460 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35590 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.Ү зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.477.460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДФ ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА