Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/663

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч С.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808027190812 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, ................ боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Ф” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн .......... сумын ......... дугаар баг, ...... дүгээр хороолол, ..... байр, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хороо............ дугаар гудамж, ........ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...................... Б /РД:................./.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** тоот иргэн Б.Н-ын эзэмшлийн хашаанд иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлынхантайгаа уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд орох гэтэл нэг залуу оруулахгүй байсан. Танихгүй хүн байсан учраас маргалдсан. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр найз Н-тай уулзсан. Тэднийд нэг шил архи авч очсон. Жаахан сууж байгаад харихаар болсон. Н-ын эхнэр намайг гаргаж өгөөд гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Нөхрөө дуудна гээд гэр рүүгээ орсон. Гэтэл нэг залуу гарч ирээд үгийн зөрөөгүй намайг цохисон. Түүнээс цааш сайн санахгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин 759,350 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн 1808027190812 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Б-гийн: “2018 оны 5 дугаар сарын 29-ний орой ...хуучин ажлын найз Н-тай уулзаад бид хоёр 1 шил архи авч ууж 23 цаг өнгөрч байхад гарцгаасан. Н манай хүүхдийг төрснөөс хойш чи нэг ч ороогүй юм чинь хоёулаа манайд очъё гэхээр нь би зөвшөөрч бид хоёр такси бариад замаараа дэлгүүр орж идэж уух юм авчихаад гараад иртэл Н байхгүй болчихсон байсан. Цуг явж байгаад алга болчихлоо, гэрт нь очоод ирье гээд 00 цаг өнгөрч байхад гараад Н-ын гэрт очсон. Авчирсан архиа задалж ганц ганц татацгааж юм ярьж суусан. ...Тэгээд жаахан сууж байгаад би “явлаа” гэхэд Н-ын эхнэр намайг гаргаж өгч гэрийнх нь үүдэнд эхнэртэй нь юм ярьж сууж байгаад энхэр нь “Н-ыг дуудаадахъя” гээд гэр рүүгээ орсон. Би гэрийнх нь үүдэнд шатан дээр сууж байтал гэнэт нэг залуу ... “ямар юмаа хийж манай үүдэнд сууж байгаа юм” гэж хэлэх шиг болсноо шууд миний нүүр рүү өшиглөх шиг болсон. Би хойшоо савж унаад, босож очоод нөгөө залуутай зууралдаад байж байтал нэг мэдэхэд Н миний дээр гарчихсан миний хоёр гарыг барьчихсан, тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан болохоор яг юу болоод байсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр ирчихсэн “цагдаа дуудаарай” гэж орилсон. Юунаас болж намайг зодсныг мэдэхгүй, сүүлд нь Н-ыг дүү гэдгийг мэдсэн. Ямар ч байсан эхлээд миний нүүр рүү өшиглөсөн, тэгээд шанаадаад юу болсныг мэдэхгүй байна. ...би тэр залуутай зууралдаад зөрүүлж ганц нэг цохисон байх. Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, дүүргийн эмнэлэгт шарлага хийлгэсэн. Нийтдээ 1264.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг ...миний данс руу шилжүүлсэн байсан. Би 6 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн листээ ажилдаа өгч 600.000 гаруй төгрөгийн цалин авсан. 6 сард 20 гаруй хоног ажилдаа явж чадалгүй гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Тэдгээр хоногуудын цалин болох мөнгөө нэхэмжилж байна. Надад гомдол санал, өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-24-27, 28-29/,

Гэрч Ц.Отгондэлгэрийн: “...Н-ын эхнэр А над уруу залгаад ...гэрт нь очтол хашаан дотор 2 машины голд манай нөхрийг доош нь харуулаад хэвтүүлчихсэн, цээж хэсэг нь нүцгэн, Н манай нөхрийн дээрээс дараад хэвтчихсэн, Н-ын дүү Б манай нөхрийн толгой руу гараараа цохиод хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж байсан. Би “болиоч” гэтэл Б “чи хэн бэ, чамайг ч гэсэн ална шүү” гэхээр нь би өөрийнхөө утаснаас 102-т дуудлага өгсөн. Би нөхрийгөө очиж харахад зүүн нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан, уруул нь язарсан, гэдэс нуруу, гар, хөл зэрэг нь цус болсон байсан. Н манай нөхрийг зодож байхыг хараагүй, ямар ч байсан дээр нь гараад хэвтчихсэн байсан. Манай нөхрийн согтолт гайгүй, Б нэлээн согтолттой, Н гайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Б.Н-ын: “...Гэртээ амрах гээд байж байхад Б 1 шил архи авчихсан такси бариад гэрийн гадаа ирээд таксины мөнгө өгчих гэхээр нь өгсөн. Архинаас нэг татаад өглөө ажилтай гээд дахиж уугаагүй, Б авчирсан архиа тал хүртэл нь ганцаараа уусан. Эхнэр А Б-г гаргаж өгье гээд дагуулаад гарсан. Орондоо хэвтэж байхад орилох чимээ гарахаар нь босоод гартал байшингийн урд Б манай дүү Б хоёр бие биенийгээ барьчихсан харилцан нүүр рүүгээ цохилцож, зууралдаж газар өнхрөлдөж байхаар нь очоод салгасан. Гэр рүүгээ ороод гарч иртэл Б Б хоёр дахиад барьцалдчихсан, газар унаад өнхрөөд байхаар нь би салгах гэтэл дийлдэхгүй, манай эхнэр Алзахгүй, дүүгийн эхнэр Энхмандах бид гурав нийлж салгаад байж байтал Б-гийн эхнэр ирсэн. Би Б-г салгаж араас нь тэврээд зогсож байсан, газар дарж унагаж дээр нь хэвтээгүй...би ерөөсөө гар хүрээгүй, зодооныг салгасан” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Б.А-н: “Б нэлээн согтуу гэрт орж ирээд манай нөхрийг “босоод ир” гэж нэлээн татаж чангаасан, сүүлдээ намайг цугтаа ууя гээд би уухгүй гэж хэлтэл Наранбаатарыг чангаасаар байгаад орноос нь босгосон. Архиа ууж байхдаа манай нөхөр болон над уруу агсрах шинжтэй янз янзын юм яриад байсан. Б-г явуулахаар болж би гаргаж өгөхөөр дагуулаад гарсан. ...ингээд явчих гээд юм яриад сууж байтал нөхрийн дүү Б гаднаас архи уучихсан орж ирээд Б-тэй гэрийн үүдэн дээр тулсан. Б бид хоёр үүдэн дээр зогсож байсан. Б “холд гэртээ оръё” гэтэл Б “чи хэн бэ, яасан ахын дүү” гэж хэлэхэд Б “яасан гэнээ, би гэртээ оръё” гээд жаахан маргалдаж байгаад Б-гийн хажуугаар зөрж гэр рүүгээ орох гэж байтал Б Б-ын нуруу хэсэгт нь гараараа цохичихсон. Тэр үед манай бага охин уйлахаар нь би гэр рүүгээ орж охиноо хөхүүлээд байж байтал орилолдоод зодоон болоод эхэлсэн. О залгаад “Б-г утсаа авахгүй байна” гэж асуухаар нь би “манай гадаа нөхрийн дүүтэй муудалцаад байна, нөхрөө ирж ав” гэж хэлээд тасалсан. Гадаа гарахад Б, Б хоёр жаахан зайтай маргалдаж байсан, манай нөхөр наад талд нь хараад зогсож байсан. Б, Наранбаатар хоёр маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Би Отгондэлгэр рүү залгаагүй, Отгондэлгэр нөхрийн утас уруу залгахад ...би нөхрийгөө дүүтэйгээ цуг нийлж зодож байна гэж ерөөсөө яриагүй” гэх мэдүүлэг /хх-44-45/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.06-ны өдрийн 7238 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Б-гийн биед тархи доргилт, зүүн 10-р хавирганы хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-49/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би С.Б-гийн биед гэмтэл учруулсан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн нэхэмжилсэн 1.264.680 төгрөгийг шилжүүлсэн. ...Миний өшиглөсөн, цохисноос хохирогчид уг гэмтлүүд учирсан байх, харанхуй байсан учраас хаана оносныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-60/,

Хохирол төлсөн баримт /хх-18, 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, “Ф” ХХК-ийн тодорхойлолт /хх-69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамж, ** тоот хашаанд иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн 10-р хавирганы хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал болох баримтаар тогтоогдсон 1264.680 төгрөгийг төлсөн /хх-18, 19/ болох нь тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Ажилгүй байсан хугацааны цалин 759.350 төгрөг гаргуулж өгнө үү” гэх иргэний нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн тодорхойлолт /хх-11/, цалингийн тодорхойлолт /хх-12/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаас иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх үзэв. Иймд хохирогч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

 

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтуурсан байсан, уг байдал гэмт хэрэг гарахад харилцан нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 2-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-т 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...................... Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч С.Б “Ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР