| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0646/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/668 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/668
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808027230868 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ....... дүгээр сарын .....-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” хотхонд харуул ажилтай, ам бүл .., .............. хамт Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, ............... гудамж, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ........ дүгээр хороо, “........” хотхоны харуулын байранд түр оршин суух,
урьд ......... дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ......... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ................... А /РД:............./.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ц.А нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би автобусанд суусан. Хүн ихтэй байсан тул цонх уруу ойрттол хохирогч намайг хажигласан. Би архи үнэртүүлсэн байсан. Би хохирогчийг түлхэх гэтэл гар зөрөөд хацрыг нь гэмтээсэн. Хохиролд 600.000 төгрөг төлсөн” гэв.
Эрүүгийн 1808027230868 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Б-гийн: “2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд автобусанд суугаад явж байтал үл таних согтуу залуу араас мөрөн дээр цохихоор нь эргэж хараад сууж байтал тэр залуу “царай муутай авгай, ийм царайтай муутай хүн үзээгүй юм байна, намайг горьдоод байгаа юм уу, үгүй юу, согоо яаж шаадгийг харуулъя” гэхээр нь би “чи чимээгүй байгаач, нийтийн унаад суучхаад соёлгүй юм бэ” гэж хэлсэн. Орбитын автобусны буудал дөхөөд иртэл тэр залуу суудлаасаа босоод намайг шууд цохиж аваад буух гэтэл нэг залуу надад тус болж тэр залууг бариад цагдаа дуудсан. Гомдолтой байна, биед учирсан гэмтлээ эдгээмээр байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-6-8/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.29-ний өдрийн 6888 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Б-гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-14/,
Шүүгдэгч Ц.А-ы яллагдагчаар өгсөн: “Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Орбитын автобусанд суусан. Хүн ихтэй халууцаад цонх уруу ойртох гэсэн чинь хажууд зогсож байсан нэг хүүхэн “цаашаа бай” гээд надаас хажигласан. Би тэр хүүхнийг өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхсэн чинь тэр хүүхэн миний гарыг хаах гэж байгаад халтираад хацрыг нь цохичихсон. Уг нь би тэр хүнийг гэмтээх санаа байхгүй. Би согтуу байсан, маргалдах шалтгаан болоогүй, миний буруу” гэх мэдүүлэг /хх-24/,
“Натур эмнэлэг”-ийн компьютерт томографийн оношлогоо /хх-15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, Харуул хамгааллын гэрээ /хх-59-63/, хохирогчийн мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-65/, хохирогч, шүүгдэгчийн хүсэлт /хх-70, 71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.А нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Орбитын автобусны буудлын орчим автобус дотор иргэн Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цусан хураа гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэ нь хохирогч Д.Б-гийн “...үл таних согтуу залуу суудлаасаа босоод намайг шууд цохиж аваад буух гэтэл нэг залуу надад тус болж тэр залууг бариад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-6-8/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.29-ний өдрийн 6888 дугаар “1.Д.Б-гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Ц.А-ы “...Би тэр хүүхнийг өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхсэн чинь тэр хүүхэн миний гарыг хаах гэж байгаад халтираад хацрыг нь цохичихсон. ...Маргалдах шалтгаан болоогүй, миний буруу” гэх мэдүүлэг /хх-24/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирогчийн “Эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан” гэх /хх-65/, “Ад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-71/-үүдийг үндэслэн шүүгдэгч Ц.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................... А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР