Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 02839

 

2017 оны 10 сарын 26 өдөр                        Дугаар 102/ШШ2017/02839                          Улаанбаатар хот

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, дугаар байрны тоотод оршин суух Д.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, дугаар байрны тоотод оршин суух Б.Ш холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдийн банкин дахь хадгаламжийг өөрийн нэр дээр шилжүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Ш, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Штай 2012 онд танилцаж, хамт амьдраад, бидний дундаас 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ихэр хүү, охин хоёр төрсөн.

 

Тухайн үед Б.Ш орон байр байхгүй, танай аав, ээжтэй хамт амьдарч байгаад цалингаасаа мөнгө банкинд хадгалуулж, хуримтлал үүсгэн, орон байр худалдаж авъя гэж хэлэхэд нь би зөвшөөрснөөр, Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэж, намайг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн гэж хэлсэн.

2015 оноос зан харилцааны таарамжгүй байдлаас болж нөхөр маань хоёр хүүхэд болон намайг орхин яваад, шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл нэг ч удаа утсаар ярьж, манай гэрийг мэддэг хирнээ ирээгүй. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өөрөө өсгөж байгаа тул Худалдаа хөгжлийн банкин дээр очиж, хадгаламжийн дансны мэдээлэлээ асуухад Б.Ш өөрийн нэр дээр нээлгэсэн дансанд хамтран эзэмшигчээр таны нэр бүртгэгдээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

 

Мөн нөхөр Б.Ш Кожеговь ХХК-д ажилладаг ба түүний сарын цалин 1.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөг болохыг сүүлд мэдсэн.

 

Иймээс Б.Ш-аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Хаан банкны дансны эзэмшигчийг өөрийн нэр дээр шилжүүлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хувийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

Хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хаан банкин дахь хүүхдийн хадгаламжийг шилжүүлэх, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

Д.Д Худалдаа хөгжлийн банкинд надтай хамтран данс нээлгэсэн гэж ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Би 2017 онд мөнгөн хуримтлал бий болгох гэж тус банкинд данс нээлгэсэн бөгөөд энэ дансанд Д.Д нэг ч удаа мөнгө орлогодож байгаагүй.

 

Одоо Кожеговь ХХК-д түр гэрээгээр ажиллаж байгаа ба сарын 3.000.000 төгрөгийн цалин авдаггүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Шт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдийн банкин дахь хадгаламжийг өөрийн нэр дээр шилжүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Хаан банкин дахь хүүхдийн хадгаламжийг шилжүүлэх, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламжийн мөнгөнөөс хуваахгүй гэж маргаж байна.

           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оноос гэр бүлийн харьцаатай болж, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү Ш.О, охин Ш.О нар төрж, 2015 оноос гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч, хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1107001539, 1107001540 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Ш.О, охин Ш.О нар төрснөөр тэднийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Б.Ш-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ш.О, охин Ш.О нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч гаргасан тайлбартаа Хаан банкны 5026967915, 5026967926 дугаартай, хүүхдийн боловсролын болон хүүхдийн ирээдүйн хугацаат хадгаламжийн дансанд байгаа 4.087963 төгрөгийг, дансын хамт шилжүүлэхэд татгалзаж зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Тэрээр нэхэмжлэгч, хариуцагчийн Худалдаа хөгжлийн банк дахь 499201508, 49920064 дугаарын мөнгөн хадгаламж болон цалингийн данснаас ногдох хувийг гаргуулах шаардлагыг гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, дээрх данснуудын эзэмшигч нь Б.Ш бөгөөд хамтран эзэмшигчээр Д.Д бүртгэгдээгүй нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч уг дансны хамтран эзэмшигч гэдгээ нотлож чадаагүй учраас шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн, ногдох хэсгийг хуваах боломжгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62466 төгрөг, Хаан банкны 5026967915, 5026967926 дугаартай, хүүхдийн боловсролын болон хүүхдийн ирээдүйн хугацаат хадгаламжийн дансанд байгаа 4.087.963 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 80357 төгрөг, нийт 145.246 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ..

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ш.О, 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ш.О нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.Ш-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Хаан банкны 5026967915, 5026967926 дугаартай, хүүхдийн боловсролын болон хүүхдийн ирээдүйн хугацаат хадгаламжийн дансыг нэхэмжлэгч Д.Д-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, зарлагын гүйлгээ хийхгүй болохыг анхааруулсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Шаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Д-д даалгасугай.

 

5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145.246 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.АРИУНАА