| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0662/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/675 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/675
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808025010800 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .......-ны өдөр ........ аймгийн .............. суманд төрсөн, ............, ........... настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ...... .... дүгээр гудамж, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, ......... дугаар гудамж, ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......................... Б /РД:............/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрог гэх газраас өөрийнх нь жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Ц.Г-ыг Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо, ............ тоотод хүргэж өгөөд таксины мөнгө болох 11.000 төгрөгийг интернет банкаар төлж барагдуулах үед Ц.Г-ын гээгдүүлсэн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” маркийн гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв ярьсан тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808025010800 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Г-ын: “2018 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 32-ын тойргоос суудлын автомашинд суугаад Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Тоосгоны ***тоотын гадна ирсэн. Таксины мөнгө болох 11.000 төгрөгийг “Мобайл банк”-аар шилжүүлж өгөхөөр болсон. Миний барьж байсан “Самсунг Жи-7” маркийн гар утас цэнэггүй болчихсон. Таксины жолооч миний “Самсунг Жи-7” маркийн гар утас, Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг гар утсыг аваад сим хийж үзээд байсан. Таксины жолооч нь надтай ярьж байгаад “мобайлаар мөнгө шилжээгүй байна” гээд байхаар нь О-лийн гэрт орсон. Би хэсэг хугацааны дараа таксины мөнгө аваад гараад ирсэн чинь нөгөө таксины жолооч миний гар утсыг аваад явсан байсан. Би уг утсыг 2017 онд 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-7-8/,
Гэрч Д.Б-гийн: “...Гэрийнх нь гадаа ирсэн чинь таксины жолооч “11.000 төгрөг гарсан” гэж хэлсэн. Бид дөрөвт бэлэн мөнгө байхгүй байсан болохоор Г-а “мобайл банк”-аар шилжүүлье гээд “Самсунг Жи-7” маркийн гар утсыг авч машин дотор үлдээд Оюунгэрэл, Сангидорж бид гурав түрүүлээд орсон. Хэсэг хугацааны дараа Г-а орж ирсэн. Орж ирснийх нь дараагаар гэнэт утсыг нь санаад “утсаа яасан цэнэглэе” гэж хэлсэн чинь Г-а халаасаа тэмтэрч үзээд “ээ яанаа утсаа таксинд үлдээгээд мартчихсан байна” гэж хэлсэн. Г-а таксины мөнгө өгчихлөө гэж орж ирсэн. Оюунгэрэлээс таксины мөнгө аваад гарсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Ч.С-ийн: “...Оюунгэрлийн гэрийн гадаа ирсэн чинь таксины жолооч “11.000 төгрөг гарсан” гэж хэлсэн. Г-а “11.000 төгрөгийг мобайлаар шилжүүлнэ” гээд үлдсэн. Хэсэг хугацааны дараа Г-а орж ирсэн. “Мөнгийг нь мобайлдаад өгчихлөө” гэж хэлсэн. Энэ үед Г-ийн эхнэр Б “утсаа яасан” гэж асуусан чинь халаасаа үзчихээд “таксин дотор мартчихсан байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Д.О-ийн: “...Гэрийн гадаа ирээд Г-а таксины мөнгө өгөөд орж ирэхээр үлдсэн. Удалгүй Г-а ороод иртэл түүний эхнэр Бурмаа “утсаа яасан” гэж асуусан чинь Г-а “таксинд мартаад үлдээчихсэн байна” гэж хэлж байсан. Ямар ч байсан “мобайлдаад өгчихлөө” гэж байсан. Г-а “мөнгө шилжсэнгүй” гэж хэлээд таксины мөнгө аваад эргэж гарсан асуудал болоогүй. Надад мөнгө байгаагүй” гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч А.Д-ын: “2018 оны 5 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Манай найз Б “Мөнгөний хэрэг гараад байна, “Самсунг Жи-7” загварийн гар утас 100.000 төгрөгөөр худалдаж авах уу, миний өөрийн барьж байсан утас байгаа юм” гэж хэлсэн. Бт 100.000 төгрөг өгөөд утсыг худалдаж авсан. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Б над дээр ирээд “чамд зарсан утсаа буцааж авахгүй бол болохгүй нь ээ, хэрэг болоод цагдаа сэргийлэх болоод байна” гэж хэлээд 100.000 төгрөг өгөөд надаас “Самсунг Жи-7” гар утсаа буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн тодорхойлолтод: “Гар утас Samsung Galaxy J-7, 2017 оны загвар, хуучин, нийт дүн 700.000 төгрөг” гэжээ /хх-22-23/,
Шүүгдэгч П.Бын яллагдагчаар өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед таксины мөнгө 11,000 төгрөг орж ирэхэд мессэж ирсэн. “Мөнгө чинь ороод ирлээ шүү” гэж өөрт нь хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-32/,
Хохирогчийн өргөдөл /хх-4/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41, 52/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-56/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-59-60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны *** тоотын орчимд тээврийн хэрэгсэл дотор иргэн Ц.Г-ын гээгдүүлсэн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” маркийн гар утсыг авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Г-ын “...Таксины жолооч миний “Самсунг Жи-7” маркийн гар утас, Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг гар утсыг аваад сим хийж үзээд байсан. Хэсэг хугацааны дараа гараад ирсэн чинь таксины жолооч миний гар утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Д.Б-ийн “...Г-а таксины мөнгийг нь “мобайл банк”-аар шилжүүлье гээд “Самсунг Жи-7” маркийн гар утсыг авч машин дотор үлдсэн. ...Г-а халаасаа тэмтэрч үзээд “ээ яанаа утсаа таксинд үлдээгээд мартчихсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Ч.Сангидоржийн “...Г-ийн эхнэр Бурмаа “утсаа яасан” гэж асуусан чинь халаасаа үзчихээд “таксин дотор мартчихсан байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-15/, гэрч Д.О-ийн “...Г-а ороод иртэл түүний эхнэр Б “утсаа яасан” гэж асуусан чинь Г-а “өө таксинд мартаад үлдээчихсэн байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч А.Д-ын “...Б “Мөнгөний хэрэг гараад байна, “Самсунг Жи-7” загварийн гар утас 100.000 төгрөгөөр худалдаж авах уу, миний өөрийн барьж байсан утас байгаа юм” гэж хэлсэн. Б-т 100.000 төгрөг өгөөд утсыг нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-19/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирогчийн “...Гар утсаа бүрэн хүлээн авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-57/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хөдөлмөр эрхэлж орлого олдог талаараа нотолж чадаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Одоо өдөр өнжүүлэх ажиллуулах гээд гэрээ байгуулаад тохирсон байгаа. Мөн эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч би тэжээн тэтгэдэг. Эхнэр сая төрсөн, нярай хүүхэдтэй байгаа байдлыг минь харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 2-3 хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, эхнэр, багас насны хүүхдүүдийн хамт амьдардаг, ганцаараа орлого олдог гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгч П.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд шүүгдэгч П.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......................... Б-ыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Б, бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР