Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж, шүүгч А.Ц, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, нягтлан бодогч ажилтай, Б овогт Ш.Д-н  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Ц овогт Ш.Д-д холбогдох

Нэр төр сэргээлгэх, 35.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, гэрч Ж.Ч, Ц.А, Г.Б, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Ш.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Замын-Үүд сумын шилжүүлэн ачих ангийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Д нь миний биеийг 2017 оны 07 дугаар сарын 17-нд ажлын албаны өрөөний хаалганы цоожны голыг дур мэдэн эвдэж орж тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтан дээр тэмдэг дарсан гэж цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан. Мөн ангийн удирдлагын хурал дээр ярьсан нь миний нэр төрийг байгууллагын хамт олон, ангийн удирдлага, УБТЗ-ын санхүү албаны ажилтнуудын өмнө гутаасан гэж үзэж байна. Иймд хамт олон байгууллагын болон УБТЗ-ын санхүү албаны удирдлагын өмнө гутаасан нэр төрийг сэргээх, энэ асуудлаар цагдаагийн ахмад Я.А-н дуудсаны дагуу Сайншанд руу Sonata-6 маркийн 18-09 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиход ирж буцахын 35.000 төгрөгийн зардал гаргасныг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Д нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би УБTЗ-д 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2014 онд тус байгууллагын ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийн хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг хамгаалан үнэнч, шударгаар сонгуульт үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Харин 2017 оны 07 сарын 16-нд тус байгууллагын ҮЭ-ийн хорооны байрлан үйл ажиллагаагаа явуулдаг УБTЗ-ын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн ҮЭ-ийн хорооны даргын 14 тоот өрөөний хаалгыг тамга тэмдэгийг маань зөвшөөрөлгүйгээр ашиглах зорилгоор эвдэн орсон ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулсан ерөнхий ня-бо Д-н үйлдэлд 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Миний гаргасан гомдолын хариуг надад цагдаагийн байгууллага ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Д нь миний биеийг 2017.07.17-нд ажлын албаны өрөөний хаалганы цоожны голыг дур мэдэн эвдэн орж, тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх баримтан дээр тэмдэг дарсан гэж цагдаагийн газар гомдол гаргаж шалгуулсан. Мөн ангийн удирдлагын хурал дээр ярьсан нь миний нэр төрийг байгууллагын хамт олон, ангийн удирдлага, УБTЗ-ын санхүү албаны удирдлагуудын өмнө гутаасан гэж үзэж байна.” гэж тодорхойлжээ. Би 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төмөр замын цагдаагийн хэлтэст гомдолдоо миний өрөөний хаалганы цоожийг эвдсэн, тамга тэмдэг санхүүгийн баримтанд ашигласан процессыг шалгуулах талаар тусгасан. Энэ бие даасан хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хаалгыг эвдэн орсон энэ үйлдлийн талаар захиргааны хурал дээр танилцуулсан. Цаашид зөрчил гаргахгүй байх талаар байгууллагын захиргаанд уламжлахад байгууллагын дарга Г.Ц нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй байна. Би энэ талаар огт мэдэхгүй гэдэг. Ингээд би гомдлоо гаргасан. Би ажилтан Ш.Д-н нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Түүний хийсэн бодит үйлдлийг манай байгууллагын ажилтан ахлах ня-бо Ж.Ч, аж ахуйн эрхлэгч Ц.А, мужаан Г.Б нараас мэдсэн. Ш.Д нь тухайн өдөр манай байгууллагын хаалганы голыг сольж, зөвшөөрөлгүй нэвтрэн, тамгыг ашигласан бодит байдлын талаар эдгээр ажилчид бүрэн нотлоно. Иймд би бодит байдлыг үнэнээр мэдүүлж, цаашид зөрчлийг гаргахгүй байх талаар анхааруулан, хууль хяналтын байгууллагаар энэ талаарх зөрчлийг шалгуулан ажилласан нь хууль тогтоомжийг зөрчсөн болон бусдын нэр хүндэд халдсан үйлдэл болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь үнэн, жинхэнэ бодит байдал дээр Ш.Д нь ҮЭ-ийн хорооны өрөөг эвдэн орох хууль бус шаардлагыг тавьж, зөвшөөрөлгүй орсон, тамга тэмдэг ашигласан нь үнэн юм. Нөгөөтэйгүүр унааны зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй Монгол Улсын иргэн цагдаагийн байгуулагын дуудснаар очин тайлбар, мэдүүлэгээ өгөх нь иргэн бүрийн хүлээсэн үүрэг юм. Энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьe гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэдийн төлөөлөгч Б.Б-д шүүх хуралдааны товыг “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар 2017 оны 02 сарын 02-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд явуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан нэр төр сэргээлгэж, 35.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш.Д нь нэхэмжлэгч Ш.Д-н нэр төрийг гутаагаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 2017 оны 07 сарын 16-ны өдөр Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргын өрөөний цоожийг эвдэн орж тамга ашигласан гэх үйл баримт болжээ. Энэ асуудлыг өрөөний эзэн болох хариуцагч Ш.Д 2017 оны 07 сарын 18-ны өглөө ажил дээрээ ирсэнээр мэдэж уг өдрөө Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн удирдлагын хурал дээр энэ талаар мэдэгдсэн. Мэдэгдэхдээ нэхэмжлэгч Ш.Д-н нэр, албан тушаалыг дурдсан асуудал уг тэмдэглэлээс харагдахгүй байна.Түүнчлэн энэ асуудлыг Төмөр замын Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргажээ. Уг өргөдөл дээр мөн л нэхэмжлэгч Ш.Д-н нэр, албан тушаалыг дурдаагүй болох нь Төмөр зам дахь Цагдаагийн газарт хариуцагч Ш.Д-н гаргасан өргөдөлөөр батлагдаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Д нь Ш.Д-г цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан. Мөн Шилжүүлэн ачих ангийн удирдлагын хурал дээр ярьж Ш.Д-н нэр төрийг байгууллагын хамт олон, ангийн удирдлага, УБТЗ-ын санхүү албаны ажилтнуудын өмнө гутаасан гэх нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Ш.Д нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтын хүрээнд нотолсонгүй. Нэр төр нь ямар хэмжээнд, ямар байдлаар, хэрхэн яаж гутаагдсан болохоо нотлож чадсангүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Д нь шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа “Тээврийн прокурорын 2017 оны 82 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол дээр 2017 оны 07 сарын 17-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Д-н ажлын албаны өрөөний хаалганы цоожны голыг тус ангийн ерөнхий нягтлан бодогч ажилтай Ш.Д нь дур мэдэн эвдэн орж тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтан дээр тэмдэг дарсан гэх үйлдэл нь ... гэж бичээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Түүнчлэн шүүхэд өгсөн хариу тайлбар дээрээ “ҮЭ-ийн хорооны даргын 14 тоот өрөөний хаалгыг тамга тэмдэгийг маань зөвшөөрөлгүйгээр ашиглах зорилгоор эвдэн орсон ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулсан ерөнхий ня-бо Д-н үйлдэлд 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан.” гэж бичснээр миний нэр төрийг гутаасан гэж үзэж байна гэж тайлбарласан. Тээврийн Прокурорын газрын 2017 оны 82 тоот тогтоол, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлож чадаагүй. Түүнчлэн хх-ийн 11-12 дугаар хуудсан дахь М.Э-н жолоочийн үнэмлэх, иргэн М.Э-н 2017 оны 07 сарын 23-ны өдөр бичсэн тайлбар мэт бичиг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авсан нотлох баримт болж чадахгүй байх тул шүүх эдгээр баримт бичгийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгч Ш.Д-н нэхэмжлэлтэй Ш.Д-д холбогдох нэр төр сэргээлгэж, 35.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.           

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан Ш.Д-н нэхэмжлэлтэй Ш.Д-д холбогдох нэр төр сэргээлгэж, 35.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б

ШҮҮГЧИД                                                  А.Ц

                                                                   Б.Н