Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/298

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010162 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ..........-ны өдөр ......... аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................... мэргэжилтэй, “Б” ХХК-д ........... ажилтай, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ......... дугаар хороо, ............. дугаар гудамж, 142 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......................... А /РД:..................../.

Яллагдагч Ч.А нь 2017 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цамбагарав” төвийн урд талын замд “Тоёота Алфард” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Н-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 4070000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1703000010162 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Н-ийн: “Миний хувьд зам тээврийн ослын талаар юу ч санахгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр байсан тул ажлынхаа газрын найз нөхөдтэйгөө архи ууснаа бол санаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-19-20/,

Гэрч Б.М-ын: “...Гэртээ харих зорилгоор Цамбагаравын урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байх үед миний урд буюу голын эгнээнд хар өнгийн “Харьер” маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь ослын дохиогоо асаагаад зогсож байхаар нь зүүн гар талаар нь буюу зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр тойрч гарахад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн “Тоёота Алфард” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...Ослын газарт явж очтол тэр эмэгтэй хүний хажууд 3 залуу зогсож байхаар нь “энэ эмэгтэй хүнийг дайрсан жолооч нь байгаа юм уу” гэж асуутал тэр гурваас нэг нь “би Тоёота Алфард маркийн машин жолоодож яваад эмэгтэй хүнийг дайрчихсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/,

Иргэний хариуцагч Д.Ч-гийн: “...**-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие хүү Ч.А-д 2017 оны 6 дугаар сард лизингээр авч өгсөн. Ч.А-аар машин жолоодуулж яваад осол гаргасан байсан. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48/,  

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017.11.19-ний өдрийн 223 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. ...Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын урд их гэрэл хагарч, бутарсан, зүүн гар талын ойрын их гэрэл асахгүй, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа хагарч, бяцарсан, зүүн гар талын урд крыло дээр байрлах нэмэлт толь сууриараа хугарч унасан, зүүн гар талын урд багана хонхойж сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа крылотой бэхлэгддэг түгжээ гэмтэж салсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. 2.Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: ...Мөн автомашины зүүн гар талын урд их гэрлийн шил хагарч бутарсан боловч холын гэрлийн чийдэн асдаг тохиргоо нь алдагдсан, ойрын гэрлийн чийдэн асахгүй, гидро шингэний савны туп хугарч шингэн нь гоожсоны улмаас рулийн гидро систем ажиллахгүй байна. 3. ...эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтлүүд байх боломжтой. 4. Тоормосны шингэн удирдлагатай, АВS тоормосны системтэй байна. Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй, АВS систем хэвийн ажиллаж байсан. 5.Тоормосны шингэн удирдлагатай, АВS тоормосны системтэй үед тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. 6.Тухайн тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байсан. Хэрэв спидометр ажиллахгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж тохиромжтой хурдыг сонгон явах боломжгүй болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-100-104/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.30-ны өдрийн 13474 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Н-ийн биед тархи доргилт, /тенториум/ тал бөмбөлгүүдийн таславч хоорондын зөөлөн бүрхүүлийн цус харвалт, цээжний баруун талын 11, 12-р хавирга, бүсэлхий нурууны 1, 3-р нугалмын сэртэнгийн хугарал, элэгний баруун дэлбэн, баруун бөөрний эдийн голомтлог няцрал, нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, дух, зүүн чих, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-88/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.11.10-ны өдрийн 1015 дугаар дүгнэлтэд: “1. Б.Н- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. 2. Б.Н- нь гэмт хэрэг үйлдлийн үед сэтгэцийн өвчингүй өөрийн үйлдлийг удирдаж чадаж байсан байна. 3.Б.Н- нь F07,2 тархины гэмтлийн дараах тархи эмгэгших өвчтэй байна. 4.Б.Н- нь 2017-10-25-нд болсон ослын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 5.Б.Н- нь одоогоор үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна. 6.Б.Н-ийн F07,2 тархины гэмтлийн дараах тархи эмгэгших өвчин нь 2017-10-25-нд болсон авто ослоос үүссэн байх боломжтой болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-116-117/,

Шинжээчийн 2017.12.08-ны өдрийн 642 дугаар дүгнэлтэд: “1. Toyota Alphard маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Н- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-123-124/,   

Шүүгдэгч Ч.А-ын яллагдагчаар өгсөн: “...Би ажлаа дуусаагүй байсан тул ажлаа хийгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа гарахад ах А машин дотроо Ч, О нарын хамт архи ууж байсан. Ах маань “одоо дуудлагын жолооч дуудна” гэж хэлэхээр нь би “хэрэггүй, би машиныг тань жолоодоод явъя” гэж хэлсэн. О, Ч нар 01 цаг өнгөрөөгөөд явсан. Би ...“Тоёота Алфард” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Цамбагаравын урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байх уед зүүн гар талаас буюу хойноос урагшаа чиглэлтэй нэг эмэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Би тоормосоо гишгэж амжилгүй мөргөөд зогссон. Тухайн эмэгтэй ухаангүй хэвтэж байсан. Ойр орчимд байсан хүмүүс дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-246-248/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-11-16/, жолоочийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-61/, гэрч Ч.О-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-78/, гэрч Т.Ч-ын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79/, шинжээчийн 2017.10.31-ний өдрийн 10002 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-170/, мөнгө хүлээлцсэн хэлцэл /1 дүгээр хавтас, хх-238, 241/, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /1 дүгээр хавтас, хх-239, 240, 242, 243/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. а-д заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 10 дугаар сарын 24-25-нд шижлих шөнө 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Цамбагарав төвийн урд замд “Н” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, Ч.А-ийн эзэмшлийн “Toyota Alphard” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас мөн дүрмийн 3.4, 3.9-д тус тус заасныг зөрчин явсан явган зорчигч Б.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.А-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан  “Эмчилгээний зардалд 4.070.000 /дөрвөн сая далан мянга/ төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /1 дүгээр хавтас, хх-238-243/-үүдийг үндэслэн шүүгдэгч Ч.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогч сэтгэцийн өөрчлөлттэй болсон байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн - 2,6 промилли буюу хүнд зэргийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон, гарц гарамгүй хэсгээр гарсан зэрэг/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч баримттай болон баримтгүй хохиролд 4070000 төгрөг төлсөн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын “Цаашид нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ч.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасныг дурдаж, Ч.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч .......................... А-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.  

4. Шүүгдэгч Ч.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР