| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0287/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/296 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/296
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч, шүүгдэгч Б.Г,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Б.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808007860282 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ......... дүгээр гудамж, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ....... ....... дугаар гудамж, ....... тоотод түр оршин суух,
урьд ........... шүүхийн 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ......... дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,
................ дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ........ дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, .............................. Б /РД:................/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын .......-ны өдөр ............ аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, ............. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...., эцэг, эх, эгч, дүү нарын хамт ....... аймгийн .......... сум, ........ дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ........ дүгээр хороо, .............. дүгээр гудамж, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .............................. Г /РД:.................../.
Яллагдагч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо, ............ тоотод Б.Г-ийн баруун суганы орчим хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хороо, .............. тоотод Д.М-ийн зүүн хөхний орчим хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр манайд архи уусан. Гэрч: -ийг газраар унтуулсан. Эхнэр “Г намайг ингэчихлээ” гэхээр нь “яаж байгаан” гэхэд уурлаад байхаар нь барьсан байсан хутгыг нь аваад баруун суганд нь хатгасан. Г гараад явсан. Их харамсаж, гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 01-нд Б ахынд хоносон. Өглөө босоод бид нар архи уусан. М- эгч над уруу уурлаад байхаар нь ширээн дээр байсан хутгаар нэг удаа хатгасан. Б ах орж ирээд намайг хатгасан. Би нилээн согтуу байсан. Маш их харамсаж байна” гэв.
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б ах орж ирээд гарт байсан хутгыг аваад баруун даланд хутгалсан. Би хутгалчихлаа гээд гараад явсан. Эмчилгээ хийлгэсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Эрүүгийн 1808007860282 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.М-ийн: “2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Б, нөхөртэй хамт ажилладаг дүү Г нар ...архи хувааж уугаад унтсан. Нэг сэрсэн чинь нөхөр дахиад архинд гараад явсан байхаар нь би Гийг шалан дээр унтаж байхад нь уурлаад “ууж идээд мөнгөнөөс төлөлцдөггүй” гээд хэрэлдсэн чинь Г согтуу уурлаад над уруу дайраад ширээн дээр байсан хоолны хутгыг аваад миний зүүн хөхний дээд хавьд хатгасан. Цус гараад намайг орилж байх үед нөхөр орж ирээд “яасан” гэхээр нь “Г надтай хэрэлдээд ингэлээ” гэсэн чинь барьж байсан хутгыг нь аваад бие рүү нь хатгачихсан. Г “ ахаа надад ямар нэгэн асуудал байхгүй” гээд яваад өгсөн. Г манай нөхөртэй ажиллаад манайд ирж хонож өнжөөд явдаг би хүүхэд шигээ л ханддаг. Өөрийнхөө хүүхэд шиг хүүхдэд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Г манай нөхөртэй хамт ажилдаг манайд ирэн очин хонож өнжөөд ууж идээд яваад байхаар нь хоол ундаа авч ирэхгүй байж идэж уулаа гэж хэлснээс болж маргалдсан чинь Г уурлаж өөдөөс хэл амаар доромжлоод ширээн дээр байсан хутгыг аваад зүүн хөхний дээд тал нэг удаа хатгачихсан өөр цохиж зодсон асуудал байхгүй. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Хохирогч Б.Г-ийн: “2018 оны 02 дугаар сарын 01-ний орой хуурай ах болох Бийн гэрт хоносон. Маргааш нь Б, М-, Б ахын найзууд архитай орж ирээд түүнийгээ хувааж уучихаад гарсан Б ах гараад нэг шил архи авч ирээд тэр архийг нь эхнэртэй нь гурвуулаа хувааж уугаад унтацгаах болсон. М- эгч надад шалан дээр гудас дэвсэж өгөөд “унт” гэхээр нь би хэвтсэн. Намайг хэвтэж байхад Б ах “архи авна” гээд гарсан. Тэгтэл М- эгч унтаж байснаа босч ирээд надад ...“ууж идээд мөнгөнөөс төлөлцдөггүй” гээд уурлаад байхаар нь би хэрэлдсэн чинь хашгираад загнаад байхаар нь ширээн дээр байсан хоолны хутгыг аваад зүүн хөхний дээд хавьд хатгасан. Тэгтэл цус гарсан. Удалгүй Б ах гаднаас орж ирээд “чи миний эхнэрийг яаж байгаа юм” гэж хэлэнгүүтээ миний гарт байсан хутгыг булааж аваад шууд баруун суганд хутгалсан. Суганаас цус гарахаар нь “та намайг хутгалчихлаа” гэтэл “одоо яанаа, манайд хоноод яв” гээд байсан. Би “харилаа” гээд гадуур хувцсаа өмсөөд хамаатан Х ахынд очоод Б ахад хутгалуулсан гэж хэлээд шархаа харуулсан. Тэндээс гараад найз Н уруу утасдаад хадмынх нь гэрт очоод шархаа үзүүлсэн чинь “хурдан түргэн дууд” гээд түргэн ирж үзээд Цэргийн госпитал эмнэлэгт хүргэгдсэн. Ийм л асуудал болсон. Би Б ахтай хамт ажиллаад 10 жил болж байгаа. Энэ гэмтлийг хуурай ах Б эхнэр М-ийг өмөөрөөд намайг хутгалсан гэмтэл. Бид хоорондоо учраа олоод ойлголцсон тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.13-ны өдрийн 2365 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Б.Г-н биед баруун суганы ар хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир, үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-27/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.08-ны өдрийн 2433 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.М-н биед зүүн хөхний дээд гадна хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,
Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний орой хуурай ах болох Бийн гэрт ирж хоносон. Маргааш нь ...архи хувааж уугаад унтацгаах болсон. ...М- эгч унтаж байснаа босч ирээд надад “ууж идээд мөнгөнөөс төлөлцдөггүй” гээд уурлаад байхаар нь би хэрэлдсэн чинь хашгираад загнаад байхаар нь ширээн дээр байсан хоолны хутгыг аваад зүүн хөхний дээд хавьд хатгасан. Цэргийн госпитал эмнэлэгт хүргэгдсэн. Ийм л асуудал болсон. Дээрх гэмтлийг би М- эгчтэй маргалдаж байгаад хутгаар зүүн хөхний дээд хэсэгт 1 удаа хатгаж учруулсан. ...Бусадтай маргалдаж байх үедээ хутгаар хатгаж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-49-50/,
Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өглөө гэртээ эхнэр М-, хамт ажилладаг дүү Г нарын хамт байхад манай хоёр найз 1 шил архитай орж ирэхээр нь бид тав хувааж уусан. ...Бид гурав унтах гээд ороо зассан. ...Удалгүй буцаад гэртээ ирсэн чинь эхнэрийн зүүн хөх орчмоос цус гарчихсан байхаар нь “яасан юм, юу болов” гэсэн чинь “Г намайг хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Г гартаа хутга бариад зогсож байхаар нь хутгыг булааж аваад баруун суганд нь 1 удаа хутгалчихсан. Цус гарахаар нь “ах нь үзье, гайгүй бол манайд хоноод яв” гэсэн чинь “зүгээрээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эхнэрийн цусыг тогтоохоор марлиар цэвэрлэж хөвөн тавьж боосон. Ийм л асуудал болсон. Дээрх гэмтлийг би хутгаар 1 удаа хатгаж учруулсан. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-51-52/,
Гэрч Р.О-ийн мэдүүлэг /хх-13/, банкны тодорхойлолтууд /хх-70-75/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-76/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86, 87/, Октябрын районы ардын шүүхийн 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 384 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-90-93, 96-99/, суллагдсан хүмүүст олгодог справка /хх-94/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-102/, Б.Г-ийн хүсэлт /хх-104/, Д.Бийн хүсэлт /хх-105/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны** дугаар гудамж, -- тоотод иргэн Б.Гийн баруун суганы орчим хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны ** дугаар гудамж,**тоотод иргэн Д.М-ийн зүүн хөхний орчим хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “Б.Г-т ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй,
мөн хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний “Д.Бид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-104/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Б, Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч тогтсон орлогогүй, мөн Б.Гийн хууль бус үйлдлийн улмаас Д.Б гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Г тус бүрд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч Д.Б, Б.Г нар “Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна, хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Г-ийн хууль бус үйлдлээс шалтгаалан Д.Б гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тусад нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б, Б.Г тус бүрд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б, Б.Г нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............................. Б, .............................. Г тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Г тус бүрийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Г нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б, Б.Г нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг, шар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР