| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0032/И |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Сүүж гэх газарт төрсөн, 59 настай, Дорноговь аймаг Эрдэнэ сумын Цагаан хөтөлийн 3-р багт оршин суух, малчин, Д овогт Т.Т-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгч Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Т.Т 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд малчнаар орж 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.Т нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Т нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг дурагын Тамгын газар Архивын тасаг цалингийн 44 тоот тодорхойлолт, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 15 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөн томилох тухай” тушаал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 31 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, гэрч С.Э-н “...Би 1976 онд Амьдралын зам нэгдлийн гишүүн байсан бөгөөд 1992 он хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байсан. Манай нэгдэл нь тэмээний бригадтай байсан бөгөөд Т.Т нь 1976 оноос тэмээ малладаг байсан. Т.Т нь тэмээ маллаж байгаад тэмээчин айлын охинтой гэр бүл болж нэгдэлдээ тэмээгээ маллаад байдаг байсан. Залуу байхдаа эмнэг тэмээ сургахдаа сайн байсан. Т.Т нь олон хүүхэдтэй айлын хүү байсан. Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн архив 1980-аад /хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 1980-аад оны үе/ онд шатаж тэнд ажиллаж байсан бүх хүний бичиг баримт шатаж алга болсон. Тийм учраас л Эрдэнэ сумын малчид ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон” гэх мэдүүлэг, гэрч М.М-н “...Т.Т нь 1971 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар мал дээр гарсан. 1971 оноос хойш тус нэгдэлд цагаан хөтөл бригадын тэмээчнээр ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тарж хувьчлагдсан. Тэгээд Т.Т нь хувийн малаа одоог хүртэл маллаж амьдарч байгаа” гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Т нь 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд улсад ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь түүний шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна. Тухайлбал Т.Т-г Цагаан хөтөл бригадад адуучнаар 1981 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн ажиллуулах тушаал нь нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалаар гарсан нь Хөдөлмөрийн дэвтрийн “Эрхэлсэн ажил” гэх хуудсанд тэмдэглэгдсэн байна, түүнчлэн тус хөдөлмөрийн дэвтрийн 1981 онд ажилласан хоног, авсан хөлс гэх хуудсанд 1981 оны 01 сарын 01-нээс ажилласан тэмдэглэлээ байхгүй байна. Мөн Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газар Архивын тасаг цалингийн 44 тоот тодорхойлолтод 1991 оны 04 сараас хойш ажлын хоног болон авч байсан цалин хөлсний тэмдэглэгээ байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгч Т.Т-г 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд бүтэн улсад ажилсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Эрдэнэ сумын Амьдралын-зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 04 сарын 01-ныг хүртэл, 1991 оны 05 сарын 01-нээс 12 сарын 31-ныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байснаа нотлож чадаагүй тул энэ хугацаанд түүнийг улсад ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д овогт Т.Т-г 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож, 1981 оны 01 сарын 01-нээс 04 сарын 01-ныг хүртэл, 1991 оны 05 сарын 01-нээс 12 сарын 31-ныг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б