| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0030/И |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Б даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-үүд сумын 1-р баг Х банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Ц.Э-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц овогтой Э нь 2015 оны 05-р сарын 25-ны өдөр тус банкнаас 20.000.000 /хорин сая төгрөгийн хашаа байшин худалдан авах зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2018.01.29-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 18.547.889,53 төгрөг, хүүгийн төлбөр 8.848.301,51 төгрөг нийт 27.396.191,04 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба өнөөдрийн байдлаар 862 хоног хугацаа хэтэрсэн болно. Ц.Э нь Замын Үүд, Эрээний хооронд зорчигч тээврийн бизнес эрхэлж байсан ба бизнес нь зогсон алга болсон бөгөөд байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбарын гаргасан Ц.Э-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Ц овогтой Э нь 2015 оны 05-р сарын 25-ны өдөр тус банкнаас 20.000.000 /хорин сая төгрөгийн хашаа байшин худалдан авах зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2018.01.29-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 18.547.889,53 төгрөг, хүүгийн төлбөр 8.848.301,51 төгрөг нийт 27.396.191,04 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа боловч нэхэмжлэгч байгууллагатай холбогдохгүй, зээлийн гэрээний үүрэг биелүүлэхгүйгээр оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ц.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин сууж байсан, төрсөн ах Ц.Ц нь Замын-Үүд суманд оршин суудаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-г эрэн сурвалжилсугай.
2. Ц.Э-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б