Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
 

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Прокурор Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд, Р.Ганчулуун

Шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б.Амгаланбаатар, С.Батбаяр нар оролцов.
 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч С.Батбаярын М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн 182100540307 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Сартуул овогт Чойжилсүрэнгийн Энхтөр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Бага цагаан нуур” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1999 онд Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, 2003 онд мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3503 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Э рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ЖГ75101475 регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Ухаанууд овогт Цэрэндуламын Баянжаргал, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Өвөр урт” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖГ82011970 регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Урианхай овогт Санжмятавын Батбаяр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖГ77120571 регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Ухаанууд овогт Баваасангийн Амгаланбаатар, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1984 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖГ84110775 регистрийн дугаартай.

Шүүгдэгч Ч.Энхтөр нь Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Баянжаргал нь Ч.Энхтөр, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Батбаяр нь Ц.Баянжаргал, Ч.Энхтөр, Б.Амгаланбаатар нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
 
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Б.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, шүүгдэгч С.Батбаяр, Ч.Энхтөр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, шүүгдэгч Ц.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Прокуророос шүүгдэгч Б.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл дээр мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмж журамлахаар өөрчилж,

2/ Шүүгдэгч Ц.Баянжаргал, Ч.Энхтөр, Б.Амгаланбаатар, С.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянжаргал, Ч.Энхтөр, Б.Амгаланбаатар, С.Батбаяр нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянжаргал, Ч.Энхтөр, Б.Амгаланбаатар, С.Батбаяр нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч С.Батбаяр нь дэлгүүрээс архи хулгайлсан гэх Ч.Энхтөр, Ц.Баянжаргал нартай Б.Амгаланбаатарын хамт явж байгаад таарч архи ууцгаасан байдаг. С.Батбаярын хувьд өдөр аймгаас найз ирсэн учир ууж эхлээд нилээн хэдэн шил архинаас уулцсан, нилээн согтсон ухаан санаа бүрэн мансуурсан байдалтай явсан. ...Нэг мэдэхэд дахиад архитай болсон уух гээд чадахгүй бөөлжөөд байснаа санадаг, яаж гэртээ ирсэн зэргээ мэддэггүй. Энэ асуудлаар цагдаа дуудаж асуух үед нөгөө гуравтайгаа уулзаж юу болсныг сонссон мэдсэн байдаг. Тэгээд тэдний ярьснаас мэдсэн зүйлээ ярьж мэдүүлсэн. Түүнээс биш яг хулгай хийе гэж ярилцсаныг ч мэдэхгүй, хулгай хийгээд ирснийг ч мэдээгүй л хүн байдаг. Тэр хүмүүстэй цуг байсан, мэдсэн, сонссон гэдэг үндэслэлээр хамтран оролцсон гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр гэмт хэрэгт хамтран оролцогчийн оролцоо байдал, хүсэл зориг, гэмт этгээдийн субьектив санаа юу байсан бэ гэдгийг тооцож үзээгүй. Согтуу нэгнийх нь үгээр л буруутгаж шийдвэрлэсэн байдаг. Энд гэм буруугийн их ялгаа байдаг. Хуульчид бид ерөнхийлөх биш нарийн мэдрэмжтэй, ялгаа заагийг гаргаж аль болох гэм буруугүй байдлыг нь тогтоох ёстой. Хэн нэг хуульчид таалагдаагүй юм уу, тухайн хуульчид төрсөн сэтгэгдэл төсөөллөөр шийдвэрлэх нь үнэхээр хор уршигтай байна.

Иймд С.Батбаярын гэм буруугийн асуудлыг авч хэлэлцэж гэмт санаа байсан уу үгүй юу гэдгийг хянан үзэж хэргийн холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Амгаланбаатар нь С.Батбаярын хамт архи ууж байгаад Ц.Баянжаргал, Ч.Энхтөр нартай уулзсан байх ба тоглоом шоглоомоор хэлсэн зүйлийг Ч.Энхтөр нь гэмт хэрэг үйлдэх санааг гаргасан гэж илт худал мэдүүлэг өгч тэрээр бичиг үсэг мэдэхгүй байдлыг нь далимдуулж, өмнө нь цагдаа шүүхээр хэрэгт шалгагдаж байгаагүй байдал зэргээс туршлагагүй тул уг хэрэгт холбогдож шалгагдсан байгаа.

Анхан шатны шүүхийн зүгээс зохион байгуулагч гэж журамласан хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт холбогдсон байдлын тухайд айлын хашаанд очоод мэдсэн байгаа. Б.Амгаланбаатарын хувьд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан нөхцөл байдлыг түүнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Гэмт хэргийн хамтран оролцогчийн оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлд анхаарч өгнө үү. Б.Амгаланбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай эх, сэтгэцийн өвчтэй ахыгаа харж амьдардаг. Мөн эхнэр, 3 хүүхдүүдийн эцэг хүн юм. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Дөрвөн шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй. Яг хэнийх нь мэдүүлэг үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн “...Архи хулгайлах уу...” гэж тоглоомоор хэлснийг захиалагч, зохион байгуулагч гэж авч үзсэнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасныг үндэслэж Б.Амгаланбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхээс Б.Амгаланбаатарын гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан гэдэг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон учир энэ хүний үйлдэлд гэмт хэргийн шинж байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдах ёстой. Б.Амгаланбаатарын хувьд гэм буруу огт байдаггүй. Гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээс харахад Б.Амгаланбаатар, С.Батбаяр нарын хувьд ямар ч оролцоо байхгүй. ...Эцэст нь хэлэхэд дээрх гэмт хэргийг үйлдэхэд Б.Амгаланбаатар, С.Батбаяр хоёр оролцоогүй. Иймд Б.Амгаланбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч С.Батбаярын хувьд үнэхээр согтуу байсан. Баригдаад Цагдаагийн газар дээр ирээд гадаа нь хүлээж байхдаа энэ хүмүүс хоорондоо ийм юм болсон гэж ярингуут түүний дагуу мэдүүлэг өгсөн. Тэр байдлаар нь хамтран оролцогч гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. ...Гэмт этгээдэд хэрэг хийх гэсэн хүсэл зорилго байсан уу, үгүй юу гэдгийг анхаарч үзэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд гэм буруугүй гэж үзэж, энэ талаар хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж гаргасан дүгнэлтдээ:

“Өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Энэ хэргийг Ц.Баянжаргал, Б.Амгаланбаатар, С.Батбаяр, Ч.Энхтөр гэсэн 4 хүн шөнө архи хайж яваад үйлдсэн байдаг. Ч.Энхтөр, Ц.Баянжаргал нарын мэдүүлгээр эхлээд Б.Амгаланбаатар архи хулгайлъя гэж хэлээд энэ дөрөв дэлгүүр рүү очсон байдаг. Очоод Ч.Энхтөр, Ц.Баянжаргал хоёр төмрөөр цонхны хаалтыг эвдээд дэлгүүр рүү орж, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нар гадаа нь хүн хараад байж байдаг. Архиа авсны дараа дөрвүүлээ айлын хашаанд очиж уусан хэрэг байгаа. ...Прокурорын зүгээс анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд зөв шийдвэрлэсэн, ял шийтгэлийг зөв оногдуулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нар нь хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Ганбатын эзэмшлийн “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч
 
“Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлан авч 166000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Ч.Ганбат, гэрч Д.Анхтуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 157 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд “...Б.Амгаланбаатарын хувьд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан нөхцөл байдлыг түүнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Гэмт хэргийн хамтран оролцогчийн оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлд анхаарч өгнө үү” гэж,

Шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа “...С.Батбаярын хувьд энэ асуудлаар цагдаа дуудаж асуух үед нөгөө гуравтайгаа уулзаж юу болсныг сонссон мэдсэн байдаг. Түүнээс биш яг хулгай хийе гэж ярилцсаныг ч мэдэхгүй, хулгай хийгээд ирснийг ч мэдээгүй хүн байдаг. ... Иймд С.Батбаярын гэм буруугийн асуудлыг авч хэлэлцэж гэмт санаа байсан уу, үгүй юу гэдгийг хянан үзэж хэргийн холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус дурджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт тухайлбал, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг үндэслэж Ц.Амгаланбаатар, С.Батбаяр нарыг энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгч

Ө.Батболдын “...Б.Амгаланбаатарын хувьд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан...” гэх, өмгөөлөгч М.Энхтуяагийн “...С.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлуудыг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Амгаланбаатарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч С.Батбаярын өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.Энхтөр, Ц.Баянжаргал, С.Батбаяр, Б.Амгаланбаатар нарын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Л.НАРАНБАЯР


ШҮҮГЧИД    З.ЭНХЦЭЦЭГ
 


Ж.ДОЛГОРМАА