Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2021/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, О.Золбоо /цахимаар/, хариуцагч Д.М, хамтран хариуцагч Т.Хишигбаатар, гуравдагч этгээд Л.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Уран хаш Баянхонгор” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, “Уран хаш Баянхонгор” ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Уран хаш Баянхонгор” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 1996 онд байгуулагдсан бөгөөд уур үйлдвэрлэл, халуун ус хангамжийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Баянхонгор аймгийн Засаг даргаас зарласан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” тендерийн урилгын дагуу бид баримт бичгээ бүрдүүлэн оролцсон.

Аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаартай албан бичгээр “...сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, зөвлөмжийн дагуу ... “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож байна” гэж мэдэгдсэн.

Бид тендерт оролцохдоо захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, үүний дотор орон нутагт хандив өгөх саналыг хүргүүлсэн. Үүнээс хойш ажлаа эхлүүлэн уурын зуух барихад шаардагдах уурын тогоо, шугам зэрэг материалуудаа бүрэн бэлдэж, барилга угсрах ажлаа эхлүүлэх шатандаа явж байсан.

Гэтэл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгээр “...ажлын 5 хоногийн дотор хандивыг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүй... танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.” гэсэн.

Нэгэнт сонгон шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон байхад дээрх байдлаар хууль бус шаардлага, үндэслэлээр гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсэн нь хуулийн үндэслэлгүй болсон. Учир нь шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон тендерээс татгалзах цөөн нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахи “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана”, 20.5 “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.” гэж заасан бөгөөд эдгээрийн аль ч нөхцөл байдал энд үүсээгүй болно.

Түүнчлэн бид шалгаруулалтын баримт бичигтээ санал болгосон хандиваа өгөхгүй гэж татгалзаагүй, нөхцөл байдлыг харгалзан баримтад хавсарган өгсөн хуваарийн дагуу өгөх хүсэлтээ илэрхийлсэн боловч аймгийн Засаг дарга хүлээж аваагүй, бүрмөсөн гэрээ байгуулахгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлын гэрээг байгуулахгүй болохыг мэдэгдсэн байна.

Энэ нь дээр заасан захиргааны актын шинжийг агуулсан захирамжилсан, эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн шийдвэр байна. /Одоогийн байдлаар бидэн дээрх албан бичгээс өөр шийдвэр мэдэгдээгүй байгаа болно. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр шийдвэр, захирамж зэрэг эрх зүйн баримт бичиг гарч ирсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна./

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус зааснаар шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 61/6515 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэнийг бид 2020 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авсан болно.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах боломж олгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уран хаш Баянхонгор “ ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар аймгийн Засаг дарга Д.М  миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж “Уран хаш Баянхонгор” ХХК-г хамгийн сайн” үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн.

Хүйтний улирал эхэлж газар шорооны ажил хийх хугацаа бага байсан тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг яаралтай хийх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээ байгуулах эрх олгох хугацааг дээрх албан бичигт зааж өгсөн.

Гэтэл тус компани нь албан бичигт заасан хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн '250 дугаар албан бичгээр гэрээ байгуулахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.

Улмаар сонгон шалгаруулалтад оролцсон дараагийн компани болох “Зүүн шанд” ХХК-д эрх олгож гэрээ байгуулан тус ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай хийгдэж байна.

Дээрх сонгон шалгаруулалт нь эрх олгох сонгон шалгаруулалт байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна. 7.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам; 7.1.2. тендер шалгаруулалтын онцгой журам; 7.1.3. зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам, 7.1.4-олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам." гэж зааснаар тус хуулиар зохицуулагдах асуудалд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 53 дугаар тушаалаар батлагдсан журмыг жишиг болгон сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг боловсруулж, ирүүлсэн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилласан.

“Уран хаш Баянхонгор” ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох талаар албан бичгийг гардан авснаас хойш заасан хугацаанд /5 хоног/ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах хугацааг хойшлуулах талаар хүсэлтийг амаар болон бичгээр ирүүлээгүй тул албан бичигт заасан хугацаанд гэрээ байгуулж эрх олгохыг зөвшөөрч байна гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.”, 40.2-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж тус тус заасны дагуу бодит нөхцөл байдал /хүйтний улирал эхэлж байгаа тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг эрчимжүүлэх/-ыг 5/1260 дугаартай албан бичигт тухайлан заасан, 48.2.3-т “Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр “Уран хаш Баянхонгор” ХХК-д эрх олгох гэрээ байгуулах мэдэгдлийг /1а/513 дугаар албан бичиг/ хүчингүй болгосон.

Иймд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байх тул “Уран хаш Баянхонгор” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уран хаш Баянхонгор” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Г.Цэдэндамбаа миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж “Уран хаш Баянхонгор” ХХК-г хамгийн сайн” үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн. Ингэхдээ хүйтний улирал эхэлж газар шорооны ажил хийх хугацаа бага байсан тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг яаралтай хийх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээ байгуулах эрх олгох хугацааг дээрх  албан бичигт зааж өгсөн.

Гэтэл тус компани нь албан бичигт заасан хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн. Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр гэрээ байгуулахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.

Улмаар сонгон шалгаруулалтад оролцсон дараагийн компани болох “Зүүн шанд” ХХК-д эрх олгож гэрээ байгуулан тус ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай хийгдэж байна.

Дээрх сонгон шалгаруулалт нь эрх олгох сонгон шалгаруулалт байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна. 7.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам; 7.1.2. тендер шалгаруулалтын онцгой журам; 7.1.3. зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам, 7.1.4-олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам." гэж зааснаар тус хуулиар зохицуулагдах асуудалд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 53 дугаар тушаалаар батлагдсан журмыг жишиг болгон сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг боловсруулж, ирүүлсэн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилласан.

"Уран хаш Баянхонгор” ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох талаар албан бичгийг гардан авснаас хойш /5 хоног/ заасан хугацаанд ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах хугацааг хойшлуулах талаар хүсэлтийг амаар болон бичгээр ирүүлээгүй тул албан бичигт заасан хугацаанд гэрээ байгуулж эрх олгохыг зөвшөөрч байна гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.”, 40.2-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж тус тус заасны дагуу бодит нөхцөл байдал /хүйтний улирал эхэлж байгаа тул 5 дугаар сургуулийг дулаанаар хангах ажлыг эрчимжүүлэх/-ыг 5/1260 дугаартай албан бичигт тухайлан заасан, 48.2.3-т “Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр “Уран хаш Баянхонгор” ХХК-д эрх олгох гэрээ байгуулах мэдэгдлийг /1а/513 дугаар албан бичиг/ хүчингүй болгосон.

Иймд миний 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байх тул “Уран хаш Баянхонгор” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:  Баянхонгор сумын 5 дугаар арван жилийн сургуулийн дулаанаар хангагч аж ахуйн нэгж сонгон шалгаруулалттай холбоотой 2020.12.10-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нэмэлт тайлбар, материалыг хүргүүлж байна. Тухайлбал:

1.  “Уран  хаш Баянхонгор” ХХК нь уг тендерт оролцохдоо сонгон шалгаруулалтаас шууд хасагдах үндэслэлтэй байжээ. Учир нь тус сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 53 дугаар тушаалаар батлагдсан журмыг жишиг болгон сонгон шалгаруулахад  тавигдах шаардлагыг боловсруулж, ирүүлсэн материалыг хүлээн авах, нээх, дүгнэх, гэрээ байгуулах, эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Уг сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, Баянхонгор аймгийн 13 дулааны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид саналыг хүргүүлсэн байдаг.

2. Сонгон шалгаруулахад тавигдах шаардлагын “бүрдүүлэх материалын жагсаалт”-ийн 9-д “сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж 300 сая төгрөгөөс багагүй байх, 2018, 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-г ирүүлэхээр заасан. Гэтэл “Уран хаш Баянхонгор”ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд уг тайлан, санхүүгийн баримтууд огт ирүүлээгүй байдаг. Энэ нь 53 дугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар хавсралтын “Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх, дүгнэх аргачлал’’-д Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх хэсэгт “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна” гэж заагдсаны дагуу шалгаруулалтаас хасах ёстой байжээ.  

Комисс өөрөө журмыг зөрчин, санхүүгийн чадваргүй, тухайн чиглэлээр ажилладаггүй, шинээр тусгай зөвшөөрөл авсан компанийг зөвхөн хандивын дүнд анхаарч шалгаруулсан байна.  

3.“Уран хаш Баянхонгор” ХХК-г ажлын хэсэг шалгаруулж, гэрээ байгуулах олгох аймгийн засаг даргын мэдэгдлийг 2020.09.02-ний өдөр 1а/513 тоотоор хүргүүлсэн. Гэвч тус компани гэрээгээ байгуулаагүй, тендерийн саналд ирүүлсэн хандив байршуулаагүй, хугацаа сунгах талаар амаар болон бичгээр санал бидэнд ирүүлээгүй. Тиймээс 2020.09.15-ний өдөр миний би гэрээ байгуулах боломжгүй болохыг албан бичгээр уг компанид мэдэгдсэн. Мэдэгдсэнээс хойш тус компаниас дахин ямар нэгэн хариуг амаар болон бичгээр ирүүлээгүй. Иймд тус компанийг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, тендерээс татгалзсанд тооцсон. Улмаар “Уран хаш Баянхонгор” ХХК тендерээс татгалзсан тул дараачийн компани болох “Зүүн шанд” ХХК-тай бид гэрээ байгуулах эсэх талаар лавласан. Тус компани шууд гэрээ байгуулахыг зөвшөөрч, тухайн өдөртөө хандиваа байршуулсан. Иймд 2020.09.18-ний өдөр 1а/542 тоот аймгийн засаг даргын мэдэгдлийг “Зүүн шанд” ХХК-д хүргэж, тус компанитай гэрээ байгуулсан. “Уран  хаш Баянхонгор” ХХК нь уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой байсан бол тендерийнхээ дагуу өөрийн үүргээ биелүүлэх ёстой. Тодруулбал тус компани тендерийн бичиг баримтдаа хандив төлөлтийн хуваарь төлөвлөгөө ирүүлсэн байдаг. Энэхүү графикт хугацаагаар 10, 11 саруудад тус бүр 14,400,000 буюу нийт 28,800,000 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ гэжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар төрийн сангийн тус дансанд уг компаниас ямар нэгэн хандив төвлөрүүлээгүй байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагад хандивын доод хэмжээг 100 сая төгрөг байхаар заасан бөгөөд тус компани 201,6 сая төгрөгийг хандивлахаар өөрсдөө санхүүгийн боломжоо тооцож саналаа бидэнд ирүүлсэн. Шалгарсан “Зүүн шанд” ХХК нь уурын зуухны ажлаа гэрээ байгуулсан даруй эхлүүлж, ойрын үед улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Уг компани нь өнөөдрийн байдлаар тус ажилд хандиваас гадна өөрөөсөө нийт 116,807,230 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэхүү маргааны улмаас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тохиолдолд “Зүүн шанд’’ ХХК гаргасан зардлаа төрөөс нэхэмжлэх, шүүхийн процессын улмаас 5 дугаар сургууль халаалтаа авч чадахгүйд хүрэх зэрэг эрсдэлүүд байна. Иймд “Уран хаш Баянхонгор”ХХК-ний шаардлагыг хүлээн авах боломжгүй болохыг дахин илэрхийлье.” гэжээ

Гуравдагч этгээд Л.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уран хаш Баянхонгор” ХХК-ны захирал Бадам Овогтой Бүрэнжаргал нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлд “Зүүн шанд” ХХК-ны захирал Лувсандагва овогтой Пүрэвсүрэн би гуравдагч этгээдээр оролцож байгаа учир тайлбар хийх шаардлагатай боллоо.

Манай компани 5-р сургуулийн барилгыг дулаанаар хангах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтаар сонгох нь зүйтэй. Сонгон шалгаруулалтад тавигдах ерөнхий шаардлага нь зөв. Шударгаар өрсөлдөх боломж олгосон гэж үзэж сонгон шалгаруулалтад оролцох  болсон. Шалтгаан нь манай компани 2013 онд дулаанаар хангах техникийн нөхцөл олгосон. Тавигдах шаардлагыг 100 хувь хангаж байсан учир оролцсон. Сонгон шалгаруулалтад оролцсон Б.Б  эхний удаа сонгон шалгаруулалтад шалгарсан тухай мэдэгдлийг хүчинтэй болгох гэж нэхэмжлэл гаргажээ. Тийм болохоор сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт өгдөг үйл ажиллагаа худлаа явагдсан гэж үзэж байсан учир аймгийн засаг дарга Д.М-д гомдол гаргасан. Энэ сонгон шалгаруулалтын материалыг үнэлж дүгнэхээр 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 8 сарын 28-ны өдрийн 11 цагт хүлээж аваад 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 12 цагт оролцогчдыг байлцуулж байгаад нээх ёстой байсан. Тендерийн хуульд тийм зарчимтай байдаг. Оролцогчдыг оролцуулж байж нээгээд үнийн саналыг танилцуулах ёстой байсан. Гэтэл 3 хоногийн дараа нээсэн. Энэ хооронд нууцлал алдагдсан гэж үзэж байгаа.  Энэ сонгон шалгаруулахад тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүрдүүлж хүргүүлсэн материалыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж гомдол гаргасан.  Материал үнэлэхэд 100 оноо авах ёстой оролцсон 2 компанийн оноог яаж гаргах ёстойг бодож гаргавал:

Үнийн санал: “Уран хаш Баянхонгор” ХХК-201,600,000- 50 оноо

“Зүүн шанд” ХХК – 200.000.000/Хоёр зуун сая/ төгрөг-49,6 оноо

Материал “Зүүн шанд” ХХК нь иж бүрэн материал өгсөн оноо 50 байх ёстой .Үүнээс газрын гэрчилгээгүй боловч өөрөө шийдэх бичиг байгаа. Дутуу байгаа гэрчилгээнд оногдох оноо 2.95 оноо 50-2,95= 47.05 оноо байх ёстой. Гэтэл З.З оноо хассан нь ямар ч үндэслэлгүй. Манай компани нийлбэр оноо 49,6+47,05=96.65 оноо байх юм. Гэтэл 40+46,7=86.7 оноо гэсэн байгаа нь 9,95 оноо дутуу.

“Уран хаш Баянхонгор” ХХК нь

  1. НДШ-2023700төгрөгийн өглөгтэй 0 оноо
  2. Уурын зуух ажиллуулах зориулалтын газаргүй, зориулалтын газартай байхыг шаардсан оноо хасагдах ёстой.
  3. Ажиллах хүчийг орон нутгаас авах ёстой, энэ нь хөдөлмөр халамжид ажил эрхлэхээр бүртгүүлсэн хүмүүс авахаар Аймгийн Хөдөлмөр Халамжийн хэлтсээс тодорхойлолт авах байгаагүй 0 оноо

4. Мөнгөн банкны тодорхойлолт байхгүй  0 оноо

5. 2018, 2019 оны борлуулалтын дундаж орлого 300,000,000/Гурван зуун сая/ аас багагүй ёстой байхгүй 0 оноо.

6. 2018-2019 оны тайлан баланс байх ёстой байхгүй 0 оноо

7. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө 100,000,000 /нэг зуун сая /-аас багагүй байх ёстой байхгүй 0 оноо

8. Машин  тоног төхөөрөмжийн жагсаалт байхгүй 0 оноо

9. Ижил төстэй ажил хийсэн гэрээ Улсын комиссын акт байх ёстой байхгүй О оноо.

17 төрлийн материалын бүрдлийн оноо 50 байх ёстой. Энэ компанид 9ш нь дутуу байхгүй материалын оноог гаргавал.

17 -50 оноо

8х=23.5 оноо гэж бодож гаргах байсан.

Авах ёстой оноо 50-23,5=26,5 оноо дутуу байхад 39,6 оноо авсан болгож харагдуулсан оноо 50+23,5=73.5 оноо авах ёстой. Үнийн санал материал 2 нийлээд 100 авах ёстой

“Зүүн шанд” ХХК-96,65 оноо авсан 

 “Уран хаш Баянхонгор” ХХК 73,5 оноо авах ёстой байсныг худлаа тооцсон учраас гомдол гаргасан.

“Уран хаш Баянхонгор” ХХК-г шалгарсан болгож гэрээ байгуулах орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх 201.600.000 төгрөгийг ажлын 5 хоногт төвлөрүүлэхээр мэдэгдэл өгчээ. Гэтэл 2020 оны 9 сарын 18 хүртэл уг хандивын мөнгөө төвлөрүүлээгүй учир манай компанийг дулаанаар хангах ажлыг гүйцэтгэхээр мэдэгдэл ирсэн. Тайлбарт хавсаргасан материалуудыг сайн судалж зөв үнэлж дүгнэж шударга шийдвэр  гаргана гэдэгт итгэж байна.” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газрын  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  5/1260  дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн албан бичгийг хүчингүй болгох, ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах боломж олгох, гэрээ байгуулахыг даалгах , Баянхонгор аймгийн Засаг Даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  1а/542 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй  нэхэмжлэлийн шаардлага гаргасан .

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ...“хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ”... гэж зааснаар Баянхонгор аймгийн Засаг Даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  1а/513 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  албан бичгийг “Уран хаш Баянхонгор” ХХК-нд хүргүүлсэн. Уг албан бичигт ... “танай “Уран хаш Баянхонгор” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож байна. 5 хоногийн дотор 201.600.000 төгрөгийг төлөхийг мэдэгдсэн байна.”... гэжээ.

 Худалдан авах ажиллагааны бичиг баримтдаа “Уран хаш Баянхонгор” ХХК нь 201.600.000 төгрөгийг хувааж төлөхөөр тусгасан боловч уг төлбөрийг, хугацаанд нь буюу Баянхонгор аймгийн Засаг Даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  1а/513 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  албан бичигт заасан хугацаанд төлөхгүй талаар ямар нэгэн эрхийн актыг Засаг даргын тамгын газарт хүргүүлээгүй байх тул шүүх үүнийг  “Уран хаш Баянхонгор” ХХК нь  201.600.000 төгрөгийг хугацаанд нь  бүрэн төлөхийг зөвшөөрсөн гэж үзлээ. “Уран хаш Баянхонгор” ХХК нь худалдан авах ажиллагаанд оролцсон бичиг баримтдаа 201.600.000 төгрөгийг нийт 2020 оны 10 дугаар сараас 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч төрийн сангийн дансанд мөнгө төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч ...”дулаан үйлдвэрлэгч, түгээх ажиллагааг сонгон шалгаруулахдаа санхүүгийн эх үүсвэртэй хуулийн этгээд шалгаруулах үндсэн зорилготой байсан юм. Нэхэмжлэгч санхүүгийн эх үүсвэргүй байснаа, худалдан авах ажиллагаагаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байснаа, шүүх хуралдаан дээр манай компани санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан 5 дугаар сургуулийг дулаанаар хангана, хангасныхаа дараа дулаан хангасан төлбөрөө аваад 201.600.000 төлж барагдуулах байсан гэсэн гэж ярьж байгаагаар тогтоогдож байна. Цар тахлын үед  “Уран хаш Баянхонгор “ ХХК нь энэ сургуулийг дулаанаар хангасан бол гал алдах эрсдэл үүсэх байсныг бид тооцоолоод ийм шийдвэр гаргасан.  Санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан гэдгээ өөрөө хэлж байна. Одоо цар тахлаас болоод сургууль амарч байгаа тийм учраас халаалтаа өгөөгүй байгаа хэрвээ энэ компани халаалтын төлбөрөөс 201.600.000 төгрөгийг төлөхөөр байсан бол 201.600.000 төгрөг хэзээ ч хувиараараа төлөгдөхгүй байх байсан, уурын зуух дулааны шугам, сүлжээ ч баригдахгүй байсан нь  тодорхой байна. Энэ  нь сонгон шалгаруулалтаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.”... гэсэн  тайлбар, нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан ...”манай компани санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан 5 дугаар сургуулийг дулаанаар хангана , хангасныхаа дараа дулаан хангасан төлбөрөө аваад 201600000 төлж барагдуулах байсан гэсэн”... тайлбарыг дурьдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана. гэсэн хуулийн заалтыг зөрчиж, гэрээ байгуулах болон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ нь захиалагч буюу аймгийн засаг даргад байхад  Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газрын  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  5/1260  дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  ...”хандивын үнийн санал болох 201.600.000 төгрөгийг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор тушаагаагүй тохиолдолд гэрээ байгуулахгүй болохыг анхааруулсан . Иймд хүйтний улирал эхэлж байгаа тул Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгыг дулаанаар хангах ажлыг эрчимжүүлэх үүднээс танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.”... гэсэн албан бичгийг Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаа гаргаж  шийдвэрлэсэн  нь буруу юм.

Нэхэмжлэгч тал тендерийг зөвхөн дулаанаар хангах худалдан авах ажиллагаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь уурын зуух барих, дулааны шугам сүлжээ барих, дулаанаар хангах тухай дулаан үйлдвэрлэгч, түгээх үйл ажиллагаа бөгөөд уурын зуух болон дулааны шугам сүлжээг барьж байж дулаанаар хангах учраас зөвхөн дулаанаар хангах худалдан авах ажиллагаа  гэж үзэх боломжгүй байна.

Уг худалдан авах ажиллагаанд  “Уран хаш Баянхонгор” ХХК ,  “Зүүн шанд ” ХХК нар оролцсон бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга дараагийн хуулийн этгээд  болох “Зүүн шанд ” ХХК-д  2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  1а/542 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  албан бичгээр  гэрээ байгуулах эрх олгосон боловч “Зүүн шанд ” ХХК –тай гэрээг байгуулаагүй  байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар ...” Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Гэрээ байгуулах эрх олгогдсон “Зүүн шанд” ХХК нь уурын зуух болон дулааны шугам сүлжээгээ барьж дуусгасан, галлагаа хийхэд шаардлагатай нүүрсээ буулгасан, халаалтаар хангахад бэлэн болсон байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээр дурьдсан хуулийн заалтууд зөрчигдсөн боловч “Зүүн шанд” ХХК нь уурын зуух, дулааны шугам сүлжээгээ барьж дуусгасан 5 дугаар сургуулийг дулаанаар хангахад бэлэн болсон байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газрын  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  5/1260  дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэндамбаагийн албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг Даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгүүдийг хүчингүй болгосноор,  ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах, гэрээ байгуулах нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр 5 дугаар сургуулийн барилгын ажил дуусаагүй боловч уг 5 дугаар сургуулийн барилга, 5 дугаар сургуулийн барилгыг халаах уурын зуухны барилга нь тус тусдаа худалдан авах ажиллагаа явагдсан, өөр өөр компаниуд барьж байгаа өөр өөр барилга юм.  Уг сургуулийн барилгыг халаах уурын зуух , дулааны шугам сүлжээ баригдсан, дулаанаар хангахад бэлэн болсон байх боловч энэ компаниас шалтгаалахгүйгээр халаалт өгөгдөхгүй байгаа нь “Зүүн шанд” ХХК -ийн буруутай үйл ажиллагаа биш байна гэж үзлээ.

Цар тахлын улмаас аймгийн хэмжээнд сургуулиуд амарсан, нийтээр хөл хорионы дэглэмтэй байгаа учраас  барилгын ажлыг хүлээлцэх боломжгүй байна гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг дурьдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 29 дүгээр зүйлийн 29.3.-д заасныг тус тус баримтлан “Уран хаш Баянхонгор” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, “Уран хаш Баянхонгор” ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 ШҮҮГЧ                                   С.САЙНБИЛЭГ