Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 385

 

 

П.Нэргүй, О.Баярбилэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06741 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Нэргүй, О.Баярбилэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Насанжаргалд холбогдох

 

Худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 4 000 000 төгрөг, хохирол 3 033 350 төгрөг, нийт 7 033 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Насанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Батмөнх,

Хариуцагч Э.Насанжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Баярбилэг болон П.Нэргүй нар нь өвгөний дүрс сийлсэн, босоо хэлбэртэй, улаан өнгийн чулууг хөөрөгний толгой хийх зориулалтаар иргэн Э.Насанжаргалаас үнэт улаан шүрэн чулуу гэж 4 000 000 төгрөгөөр 2015 оны 9 дүгээр сарын эхээр худалдаж авсан. Энэ чулуугаар хөөрөгний хэд хэдэн шүрэн толгой хийж хөөрөгний хамт зарвал ашигтай байсан тул чулуугаар хөөрөгний толгой хийж түүний худалдах хугацааг харгалзан үзэж 3 сарын хугацаатайгаар танил Г.Энгүүнээс 4 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд сийлбэрчинд өгөхөд уг чулуугаар хөөрөгний толгой хийх боломжгүй, шүр биш байна гэсэн. Ингээд хэд хэдэн хүнд үзүүлэхэд улаан шүрэн үнэт чулуу биш гэсэн тул Э.Насанжаргалд энэ тухай биечлэн мэдэгдэж, чулууг буцаан өгч мөнгөө авахаар шаардахад манай ах чулууг Италиас авч ирсэн болохоор түүнээс чулууны талаар хариу өгтөл түр энэ чулууг байлгаж бай гээд хариу өгөөгүй. Энэ хугацаанд зээл, зээлийн хүүгээ төлөхийг зээлдүүлэгчээс шаардах болсон. Энэ талаар Э.Насанжаргалд холбогдуулах эрүүгийн хэрэг үүсгэсэн ба хэрэг үүсгэх ажиллагааны явцад чулууг шинжлэхэд улаан шүрэн чулуу биш цагаан өнгийн ердийн чулуу болох нь тогтоогдсон. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Э.Насанжаргалтай байгуулсан худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч Э.Насанжаргалаас чулууны үнэд шилжүүлсэн 4 000 000 төгрөг, учирсан хохирол болох зээлийн хүүд төлсөн 3 025 000 төгрөг, нотариатын хураамжийн төлбөр 8 000 төгрөг, нийт 7 033 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний таньдаг танилын хүн Ганаа гэх хүн шүр зарна, гадаадаас ирэхдээ таван төгрөг болгох гэж авч ирсэн гэсэн. Тэрнийг чулууны худалдаа хийдэг П.Нэргүй, О.Баярбилэг нар үзнэ гээд хоёр ч удаа үзсэний дараа авъя гээд 2015 оны 8 дугаар сарын үед аваад явсан. Хэдэн сарын дараа шүр биш байна гэж П.Нэргүй утсаар ярьсан. Тэр хүмүүс чулуу зардаг хүмүүс байсан, шүр мөн байна гээд аваад явсан. Хэдэн сарын дараа солиод ирсэн байхыг би мэдэхгүй. Тэгээд ч заруулсан хүн нь энд байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан О.Баярбилэг, П.Нэргүй болон Э.Насанжаргал нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Э.Насанжаргалаас 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Нэргүй, О.Баярбилэгнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 033 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Насанжаргалаас 78 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Насанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Э.Насанжаргал нь Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч А.Ган-Эрдэний хамт биечлэн орилцох хүсэлтэй байсан боловч төрхийн хүндрэлээс шалтгаалан анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж тодорхой бус хугацаагаар хойшлуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан боловч уг хойшилсон шүүх хурал нь хэзээ болох нь тодорхой бус байсан учраас миний үйлчлүүлэгч 2016 оны 11 дүгээр асрын 20-ны өдөр эрүүл мэнд /төрхийн хүндрэл/-ээс шалтгаалан бие илааршуулахаар рашаан сувилалд 11 хоногоор явсан боловч энэ хугацаанд анхан шатны шүүх хуралдаанд болсон. Анхан шатны шүүх шүүхийн мэдэгдэх хуудасаа хариуцагч Э.Насанжаргалд мэдэгдээгүй танилцуулаагүй байж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэмээн үзэж шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Э.Насанжаргал нь шүүх хуралд биечлэн оролцох хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэргийн оролцогч мөн. Анхан шатны шүүх хуралдаанд Э.Насанжаргал нь оролцож иргэн П.Нэргүй болон О.Баярбилэг нарт худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцлийн зүйл болох шүр нь тухайн үед хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн "Шүр" мөн /биш/ гэдийг нотлох түүнийг батлах чухал хэргийн оролцогч учир Э.Насанжаргал нь өөрт нь холбогдсон хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан.

Шүүх хуралдааны товыг Э.Насанжаргалд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг түүний оршин суугаа хаягаар мэдэгдэнэ эсхүл мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа байхгүй бол уг мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг насан хүрсэн иргэн, эсхүл хорооны засаг даргад хүлээлгэн өгөх шаардлагатай энэ ажиллагааг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Гагцхүү шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар дамжуулан мэдэгдэж болдог тухайн үед Э.Насанжаргал нь хөдөө орон нутаг руу эмчилгээнд /Рашаан Сувилалын газар/ замд явж байсан учир түүний утас нь холбогдох боломжгүй байсан. Анхан шатны шүүх нь дээрх ажиллагаануудыг Э.Насанжаргалд мэдэгдээгүй байж шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэмээн үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн байсан хууль зөрчиж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйл явдал болсон. Э.Насанжаргалын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ миний бие мөн уг анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд хариуцагчийн хамт орох хүсэлтэйгээ илэрхийлж хүсэлт гаргаж байсан энэ хүсэлтүүдийг хүндэтгэн үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тул хариуцагч болон түүний өмгөөлөгч миний бие гомдолтой байна. Иймд хэргийн дахин шийдвэрлүүлэхээр шүүхийн магадлал гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч О.Баярбилэг, П.Нэргүй нар хариуцагч Э.Насанжаргалд холбогдуулан худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 4 000 000 төгрөг, хохиролд 3 033 350 төгрөг, нийт 7 033 350 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 4 000 000 төгрөгөөр улаан шүр чулууг амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч О.Баярбилэг, П.Нэргүй нар нь 4 000 000 төгрөгийг хариуцагч Э.Насанжаргалд төлснөөр улаан шүрийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин маргааны зүйл болох хариуцагчийн худалдсан чулуу нь “улаан шүр” төрлийн үнэт чулуу мөн байсан эсэх талаар зохигчид маргасан байна.

 

Хэргийн 67-68 дугаар талд Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн “Шинжээчийн тодорхойлолт” гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан ЭШАА, доктор Т.Оюунчимэгийн гаргасан тодорхойлолт байгааг иргэний хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь талуудын зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Иймд шүүх Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/10 дугаар шинжээчийн дүгнэлт буюу эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байв.

 

Эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтад хамаарахгүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Учир нь уг хэрэгт маргааны зүйл болох чулууг “улаан шүр” мөн эсэхийг тогтоосон баримт үгүй, байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр уг чулууны үнэ ямар байхыг тогтоолгохоор үнэлгээний байгуулагыг шинжээчээр томилсон нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлсэн гэх үндэслэл болохгүй.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг  тодруулаагүйгээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Шүүх хариуцагчид 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангасан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн үед хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан ажиллагааг хийсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Насанжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ