| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0344/И |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 45
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Б би, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Ц хэлтсийн нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох, эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Ц хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Ц хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаад албанаас халагдсан Д.Т нь эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөгийн төлбөр бөгөөд уг төлбөрийг барагдуулах талаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэгчийн төлөөлөгч цагдаагийн дэд хурандаа Ө.Б би хариуцагч Д.Т-н гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хүсэлтийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух Б овогт Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д овогтой Т би Цагдаагийн Ерөнхий газрын санхүү аж ахуйн албанаас ирүүлсэн эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны зөрүү үнэ 784.275 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан. Д.Т миний бие нэхэмжлэлийг гардан авснаас хойш одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул нэхэмжлэлийг барагдуулж дуусгаагүй бөгөөд Д.Т би 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор уг нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох, эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Т нь эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн. Уг тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Ц хэлтсийн нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох, эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Д.Т нь эдэлгээний хугацаа дуусаагүй албаны хувцасны зөрүү үнэ болох 784.275 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 23.373 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Т-с улсын тэмдэгтийн хураамж 23.373 төгрөгийн 50 хувь болох 11.686,5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч Д.Т нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.Б