| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0786/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/817 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/817
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч П.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Үыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808037370998 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хашаат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “Б сервисэс” ХХК-д сантекникийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Ү /РД:****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч П.Ү нь 2018 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.О-ийг хардаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Дахин хэрэг хийхгүй гэдгээ амлая” гэв.
Эрүүгийн 1808037370998 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.О-ийн: “2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагийн үед найз Б-тай тараад пиво уугаад сууж байхад ...Б гэдэг найз охинтой танилцаад үерхэж байсан залуу над уруу залгаад байхаар нь утсаар ярьмааргүй байна гэж хэлээд утсаа салгаад найзтайгаа юм ярьж байгаад пабаас 20 цагийн үед гараад дэлгүүр дээрээ очоод нөхөр рүүгээ залгаж юм ярьж байгаад 23:30 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэртээ хариад нөхөр рүүгээ залгаад гэртээ ирснээ хэлээд гар утсаа оролдоод сууж байхад нөгөө залуугаас мессеж ирсэн. Тэр залуу уруу залгаад “байна уу, яасан гэнээ” гээд яриад байж байхад нөхөр гаднаас орж ирээд гар утсыг булааж аваад нуруу уруу өшиглөөд нүүр рүү гараараа 2-3 удаа алгадахад хамраас цус гарсан. Миний утсан дээр ирсэн мессежийг уншснаа “энэ ямар учиртай залуу юм бэ, миний хажууд залгаад ярь” гээд тэр дугаар уруу залгахаар нь би яриагүй. Тэгтэл нөгөө залуу “байна уу, байна уу” гэж байгаад утсаа салгачихсан. Тэгсэн чинь нөхөр “ярьсангүй чи энэ залуутай явдаг юм бэ” гэж хэлээд миний өмсөж явсан хувцсыг ураад нүүр рүү гараараа дахиад 2-3 удаа алгадаад бөгс, нуруу уруу өшиглөхөөр нь гэрээсээ зугатаад гартал араас гарч ирээд үснээс зулгаагаад машиндаа суулгаад ажил уруугаа явсан. Нөхөр замдаа пиво аваад машин дотроо ууж байгаад намайг “уу” гэхээр нь би “уухгүй” гэхэд миний дээрээс асгаад цохиод авахаар нь би машинаас гараад зугттал араас машинтайгаа хөөгөөд бариад авсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч С.О-ийн: “...Ү ер нь их хартай юм шиг байна лээ. 2018 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө гэртээ Үыг хардсанаас болж зодож хувцсыг нь урсан байсан...” гэх мэдүүлэг /хх-14-16/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.10-ны өдрийн 9641 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Оийн биед зүүн мөр, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-21/,
Шүүгдэгч П.Үын яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Одонгэрэлтэй 2008 онд танилцаж, 2013 оны 12 сард хуримаа хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 04-ний ...эхнэр над уруу утсаараа видео колл хийхэд согтуу хэл яриа нь ээдрээд мэдэгдсэн. Би 00 цагийн үед гэрийн гадаа ирчихээд машин дотроо эхнэр рүүгээ утсаар залгаад “ажил дээрээ хонохоор болчихлоо” гэж худал хэлсэн. Би гэрийн гадаа ирээд орох гэтэл эхнэр хүнтэй утсаар ярих чимээ гарсан. Гэрийн хаяанд очоод чагнахад эхнэр хүнтэй “чи намайг түрүүлж хаяад гарсан ш дээ” гэж ярьж байсан. Би гэртээ ороход эхнэр О согтуу орондоо хэвтэж байсан, намайг хараад ярьж байсан утсаа салгаад дугаарыг нь устгах гэхээр нь би утсыг шүүрч аваад “чи юун залуутай яриад байгаа юм” гэж хэлээд эхнэрийг орон дээр хэвтэж байхад нь ар нуруу уруу нь нэг удаа өшиглөсөн. “Чи ямар залуутайгаа яриад байгаа юм бэ” гэж асуухад хариуд нь “манай эмэгтэй найз Э” гэж хэлсэн. Би утсыг булааж аваад мессежийг нь шалгахад...88-тай юнитэлийн дугаараас бид хоёр хорооллын замын урд байрлах “Палмон” нэртэй бааранд байна, чи хурдан гараарай” гэж бичсэн байсан. “Энэ мессэж бичсэн хүн хэн бэ” гэж асуухад “манай найз Э” гэж хэлсэн. Э 88-тай дугаараас 2-3 удаа залгахад би утсыг нь аваад “яах гээд байгаа юм” гэхэд надтай ярихгүй салгаад байсан. Би тэр үед уур хүрээд “чи яах гэж худал яриад байгаа юм бэ” гэж хэлээд эхнэрээ хоёр удаа хацар уруу нь алгадсан. Би эхнэрийн утснаас хамгийн сүүлд ярьсан 9711*** дугаарын Фейс бүүк рүү ороод 9711***дугаарын хийж үзэхэд Г гэж залуу гарч ирсэн. Маргааш өглөө нь эхнэртэйгээ хамт гэртээ ирээд эхнэр түрээсэлдэг дэлгүүр рүүгээ явна гээд хувцсаа өмсөөд гарах гэхээр нь миний дургүй хүрээд эхнэрийн өмсөж байсан фудволкийг нь тайл гээд татахад урагдсан. Би эхнэрээ Г гэж залуутай хардаж гар хүрсэн. Энэ оны 6 сард Г гэж залуу манай эхнэр рүү “чи нөхөртэйгээ эвлэрсэн юм уу” гэж чат бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, “Б” ХХК-ийн тодорхойлолт /хх-50/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-51-53/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-55/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-55/, Голомт банкны дансны хуулга /хх-57-59/, хохирогчийн хүсэлт /хх-80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Ү нь 2018 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Оийг хардан зодож, түүний эрүүл мэндэд зүүн мөр, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Оийн “...нөхөр гаднаас орж ирээд гар утсыг булааж аваад нуруу уруу өшиглөөд нүүр рүү гараараа 2-3 удаа алгадахад хамраас цус гарсан. ...Миний өмсөж явсан хувцсыг ураад нүүр рүү 2-3 удаа алгадаад, бөгс, нуруу уруу өшиглөхөөр нь гэрээсээ зугтаад гартал араас ирээд үснээс зулгаагаад машиндаа суулгасан. ...Машин дотроо пиво ууж байгаад намайг “уу” гэхээр нь би “уухгүй” гэхэд миний дээрээс асгаад цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9641 дүгээр “1.Б.Оийн биед зүүн мөр, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-21/, шүүгдэгч П.Үын яллагдагчаар “...Би гэрийн хаяанд очоод чагнахад эхнэр хүнтэй яриад “чи намайг түрүүлж хаяад гарсан ш дээ” гэж ярьж байсан. Гэртээ ороход эхнэр намайг хараад ярьж байсан утсаа салгаад дугаарыг нь устгах гэхээр нь би утсыг нь шүүрч аваад “чи юун залуутай яриад байгаа юм” гэж хэлээд эхнэрийг орон дээр хэвтэж байхад нь ар нуруу уруу нь нэг удаа өшиглөсөн. Хоёр удаа хацар уруу нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-32-34/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Үыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Оийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-10-11/, мөн “Үаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх шүүхэд ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Ү тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хардалтын улмаас эхнэрээ зодсон нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч П.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан шүүгдэгч П.Үыг 470.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Ү урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ийн Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү-ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Ү урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР