Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/821

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808038491041 дүгээр хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн нарангийн **дугаар гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын О /РД:****/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хилчин хотхоны гадаа иргэн Г.А-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хугацаанд хохирлоо төлж барагдуулна” гэв.

 

Эрүүгийн 1808038491041 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Аын: “2018 оны 8 дугаар сарын 08-ны шөнө 23 цагт бэр эгч О утсаар залгаад “ирж дүүгийнхээ утсыг ав” гэсэн. О-ээс Iphone-6 маркийн гар утас аваад нийтийн байрнаас гарч явж байтал эгч О “наад утас аваад ир” гэхэд би өгтөл зүүн хацар уруу 1 удаа алгадаад, хацар маажаад үснээс зулгаагаад хажуу талын жалга уруу чирсэн. Би газар уначихсан байсан тэгтэл нуруу уруу 2-3 удаа өшиглөөд, хоёр хацар уруу ээлжлээд алгадсан. Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн 215.300 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-16-19, 20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.12-ны өдрийн 9785 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.Г.А-н биед тархи доргилт, зүүн хацар, зүүн тохой нуруунд зулгаралт, баруун хөлийн уланд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн  үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд байнгад нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/,

Шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б гэх найзтайгаа уулзаж тэдний гэрт пиво ууцгаасан. Тэдний гэрт байхдаа өөрийнхөө дүү О-тэй утсаар ярьж гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд нийтийн байрны гадна миний өмнөх нас барсан нөхрийн дүү А, Ариунзаяа хоёр зогсож байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд А бид хоёр газар өнхрөлдсөн бие биенийгээ үсдсэн байсан. Тэгээд салаад гэр рүүгээ ортол цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Ад гарсан эмчилгээний төлбөрийг барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-33-36/,

хохирлын баримт /хх-12, 13/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, хохирогчийн хүсэлт /хх-48/, шүүгдэгчийн хүсэлт /хх-49/, прокурорын тогтоол /хх-50, 51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан өгсөн Голомт банкны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин хотхоны гадаа иргэн Г.Аыг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, зүүн тохой нуруунд зулгаралт, баруун хөлийн уланд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Аын “...О зүүн хацар уруу 1 удаа алгадаад, хацар маажаад үснээс зулгаагаад хажуу талын жалга уруу чирсэн. Газар унасан байхад нуруу уруу 2-3 удаа өшиглөөд, хоёр хацар уруу ээлжлээд алгадсан...” гэх мэдүүлэг /хх-16-19, 20/, шүүх эмнэлгийн 9785 дугаар “1.Г.А-н биед тархи доргилт, зүүн хацар, зүүн тохой нуруунд зулгаралт, баруун хөлийн уланд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24/, шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн “...Юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд А бид хоёр газар өнхрөлдсөн бие биенийгээ үсдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-33-36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан баримт /хх-12, 13/-аар эмчилгээний зардалд 215.300 төгрөг зарцуулагдсан болох нь тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөөгүй байх тул түүнээс 215.300 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.А /Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, РД-УШ97031342/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй ч өөрийн нэр дээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй хх-42/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан шүүгдэгч Б.Оийг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Оээс 215.300 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.А /Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, РД-УШ97031342/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

                       ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР