Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 50

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Б би, У.Б-н нэхэмжлэлтэй, Г.М-д холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух Ш овогт У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой М нь У.Б-н эзэмшилд байсан 2-р багт байрлах байрны тоотыг хөлслөж амьдарсны төлбөр болох 1.500.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул байр хөлсөлсний нийт төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О овогт Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г овогтой О хариуцагч Г овогтой М-н хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Г.М нь байрны төлбөр болох 1.500.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах хариу тайлбар гаргажээ. Үүнийг миний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч туслана уу гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух А овогт Г.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г овогтой М нь иргэн У.Б-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг 1.500.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор маргаангүй төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнгийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч туслана уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Г.М-д холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Г.М нь нэхэмжлэгч У.Б-н эзэмшилийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг хөлслөж амьдарсны төлбөр 1.500.000 төгрөгийг  хариуцагч нь төлж барагдуулаагүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. У.Б-н нэхэмжлэлтэй, Г.М-д холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийн 50 хувь болох 19.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.М-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Э.Б