Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/822

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808007480327А дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын ** дугаар гудамж, **тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт О-н Д /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Мандал овооны *** тоотод Н.Бийг зодож, түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун тавхайд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг айлгах санаатай 2 ороолгосон чинь ийм хэрэг болсон” гэв.

 

Эрүүгийн 1808007480327А дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Бийн: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн үед хамаатны эгч Б-ийн гэрт очсон. Д надад үг хаяад “залхуу, муусайн юмнууд” гээд үглээд байхаар нь “би танайд ирээгүй, эгч дээрээ ирсэн, битгий хуцаад бай” гээд хэлсэн чинь цахилгаан тогооны залгуураар намайг унтаж байхад ороолгосон. Ийм л асуудал болсон. Одоо надад гомдол, санал алга байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.05-ны өдрийн 1151 дүгээр шинжилгээний дүгнэлтэд:1.Н.Б-н биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дөрвөн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,

Шүүгдэгч О.Дын яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хамтран амьдрагч Б-ын дүүгийн хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал-Овоогийн *** тоотод Бын гэрт 2017 оны хавраас хойш амьдарч байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 05 цагийн үед Б орж ирээд унтаад байсан. Тэгээд бараг өдрийн 14-15 цаг орчим болсон. Тэгээд босож ирээд өөрийнхөө хувцсыг миний авсан усаар угаагаад байхаар нь би уурлаад “чи одоо шөнөжин хаагуур яваад байдаг юм бэ, дэмий тэнээд алга болчих юм, битгий хамаг усаар юмаа угаачих, ус авахгүй байж” гэхэд “танд хамаагүй” гээд уурлаад хэрэлдээд байхаар нь би айлгах санаатай цахилгаан тогооны залгуураар хоёроос гурван удаа ороолгосон. Тэгсэн чинь уурлаад “танд хамаагүй, хуц, солиор” гээд гараад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-58-60/,

Гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-19-20/, Капитрон банкны дансны харилцагчийн хуулга /хх-71-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-91/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-93-94/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-95-96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар О.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** хороо, Мандал овооны ** дүгээр гудамж, ** тоотод иргэн Н.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цахилгаан тогооны залгуураар ороолгож, түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун тавхайд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Бийн “...Д “залхуу, муусайн юмнууд” гээд үглээд байхаар нь “би танайд ирээгүй, эгч дээрээ ирсэн, битгий хуцаад бай” гээд хэлсэн чинь цахилгаан тогооны залгуураар намайг унтаж байхад ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-15-17/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1151 дүгээр “1.Н.Б-н биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, шүүгдэгч О.Дын яллагдагчаар өгсөн “...Босож ирээд өөрийнхөө хувцсыг миний авсан усаар угаагаад байхаар нь би уурлаад “чи одоо шөнөжин хаагуур яваад байдаг юм бэ, дэмий тэнээд алга болчих юм, битгий хамаг усаар юмаа угаачих, ус авахгүй байж” гэхэд “танд хамаагүй” гээд уурлаад хэрэлдээд байхаар нь би айлгах санаатай цахилгаан тогооны залгуураар хоёроос гурван удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-58-60/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-101/-ийг үндэслэн шүүгдэгч О.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн ажилтай гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан шүүгдэгч О.Дыг 470.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Д урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О-н Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Д урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

                       ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР