Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 51

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Б би, М корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, Ё.Э-д холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 339.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40331167 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy Ј7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээ зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 339,626 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 10,839 төгрөг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь хариуцагч Ё.Э-с үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 339.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух М овогт Ё.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ё овогтой Э миний бие М корпораци ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 1/373 тоот шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуух утас худалдаж авсан төлбөр болох 339.626 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Э нэхэмжлэлийн шаардлага 339.626 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбар болон 339.626 төгрөг төлсөн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, Ё.Э-д холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 339.626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ё.Э нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.839 төгрөгийн 50 хувь болох 5419,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5419,5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч Ё.Э нь улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 5419,5 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.Б