Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/825

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808029090851 дүгээр хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Зэвсэгт хүчний *** дүгээр ангид тогооч ажилтай гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Ногоон чулуутын ** дугаар гудамж, **тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Д-ийн О /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Ногоон чулуутын *** тоотод оршин суух хадам аав болох гэр бүлийн хамаарал бүхий этгээд С.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Торгох ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808029090851 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Б-ын: “Манай охин А нь О-тай 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Тухайн үед А, О нар нь манайд түр амьдардаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэртээ архи уучихаад унтаад өгсөн. Унтаж байтал гэнэт шөнө 00 цаг өнгөрч байхад байх цагийг нь мэдэхгүй байна, нөгөө өрөөнд хэрүүл болоод байхаар нь би босож ортол О, А 2 маргалдаж байсан. Тэр хоёрт хандаж “хүүхдүүд минь, та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэтэл О шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод ухаан балартаад би газар унасан. О хаашаа яаж цохисныг мэдэхгүй байгаа. Би ухаан хальт ороод газар явган суусан. Миний хавирга өвдөөд, толгой хэсэгт хагарчихсан цус гоожчихсон байсан. ...Тухайн үед О архи уучихсан согтуу байсан. Надад гомдол санал байхгүй. Оаас эмчилгээний зардал 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Гэрч Б.Д-йн: “2018 оны 06 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал О ганцаараа орж ирээд хүүхдээ манайхаас аваад гэр рүүгээ явсан. ...Унтаж байтал 00 цаг өнгөрөөгөөд байхаа шөнө болчихсон байхад бэр Алтанцэцэг уйлчихсан орж ирээд “О аавтай маргалдаад зодолдоод байна” гэж хэлээд би А-йн хамт Оийн гэрт ороход Бын толгой хагарчихсан, гэхдээ цусаа угаачихсан бөхийгөөд сууж байсан. Маргааш нь Оаас “юу болсон юм бэ” гэж асуутал “би өчигдөр А-тэй өрөөндөө юм яриад сууж байгаад хадам аавыг ирэх чимээгээр нь орондоо ороод хэвттэл хадам аав өрөөнд орж ирээд хөнжил татаад намайг цохихоор нь би босож ирээд Быг түлхчихсэн чинь унахдаа ширээ мөргөөд толгойгоо хагалчихсан. Тэгээд дахиад босоод ирэхээр нь доороо оруулж тэврээд өвдөглөөд суучихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Б.А-йн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны орой гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн орчим гаднаас хамтран амьдрагч О архи үнэртүүлчихсэн, хацар нь бага зэргийн шалбарчихсан орж ирсэн. Орж ирээд О “чи хаагуур яваад байдаг юм бэ, би чамаас болоод хүнд зодуулчихлаа” гэж хэлж байсан. Бид 2 өрөөндөө маргалдаад байж байтал аав Б өрөөнд орж ирээд От хандаж “яагаад байгаа юм бэ, юу болцгоогоод байгаа юм, хүүхдүүд унтуулж амраа, одоо унтацгаа” гэж хэлтэл О нь “би хүчтэй хүн” гээд өөрийнхөө өмсөж байсан фудволкийг урж тайлж шидээд аав Бд “чаддаг юм бол намайг зодчих” гэж хэлсэн. Тэгтэл аав Оийг “би яасан гэж чамайг зодох юм бэ” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. О аав Быг шууд нүүр рүү нь гараагаа цохиод, аав газар унахдаа шүүгээ рүү нуруугаараа мөргөөд унасан. Аав босоод иртэл О дахиад нүүр рүү нь цохиод аав ширээний буланг толгойгоороо мөргөөд газар унасан. Аавын толгойноос цус гараад О зодохоо больсон. ...Тухайн үед тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан. Б нь Оийн нүүр рүү цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.15-ны өдрийн 7353 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.С.Бын биед цээжний хэнхэрцгийн баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун уушигны доод дэлбэнгийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-10/,

Шүүгдэгч Д.Оийн яллагдагчаар өгсөн: “...Хадам аав Бын гэрт эхнэр хүүхдийн хамт байдаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 06-ны орой ажлын газрын хүмүүсийн хамт бага зэргийн архи уучихаад гэртээ ирсэн. Би гэртээ ороод Алтанцэцэгийг “чи хэзээ ирсэн юм бэ” гэтэл “түрүүхэн ирсэн” гэхээр нь “чи эрт ирж хүүхдээ харахгүй яасан юм бэ” гээд бид хоёр бага зэргийн маргалдсан. Тэгээд байж байтал хадам аав Б өрөөнд орж ирсэн, би шууд гэрлээ унтраагаад хөнжилдөө ороод хэвттэл хадам аав Б гэрэл асаагаад хөнжил татаад намайг “босоод ир” гэхээр нь би босож ирээд хадам аавд “яасан бэ” гэж хэлтэл намайг 2-3 удаа алгадсан. Би зөрүүлээд нүүр рүү гараараа 1 удаа цохиод бид хоёр барилцаж аваад ноцолдоод би хадам аав Быг түлхтэл хойшоо босгон дээр нуруугаараа тэгнээд сандал ширээ хоёрын нэгийг нь толгой хэсгээрээ мөргөөд газар унасан. Толгой нь хагарчихсан, цус гарч байсан. Тэгээд бас ноцолдож байхдаа нүүр рүү нь алгадах болох гараараа мангасдсан. ...Би Быг цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-57-58/,

хохирогчийн өргөдөл /хх-3/, өвчний түүх /хх-13-19/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-64, 65, 66-67, 69/, Хас банкны дансны хуулга /хх-68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-71-72/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-75, 76/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-78-81/, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.О согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Ногоон чулуутын **дугаар гудамж, **тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав С.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Бын “...Тэр хоёрт хандаж “хүүхдүүд минь, та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэтэл О шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод ухаан балартаад би газар унасан. Миний хавирга өвдөөд, толгой хэсэгт хагарчихсан цус гоожчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Б.А-ийн “...О аав Быг шууд нүүр рүү нь гараагаа цохиод, аав газар унахдаа шүүгээ рүү нуруугаараа мөргөөд унасан. Аав босоод иртэл О дахиад нүүр рүү нь цохиод аав ширээний буланг толгойгоороо мөргөөд газар унасан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Д-ийн “...Оийн гэрт ороход Бын толгой хагарчихсан, гэхдээ цусаа угаачихсан бөхийгөөд сууж байсан. ...”Быг түлхчихсэн чинь унахдаа ширээ мөргөөд толгойгоо хагалчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7353 дугаар “1.С.Бын биед цээжний хэнхэрцгийн баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун уушигны доод дэлбэнгийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-10/, шүүгдэгч Д.Оийн “...Би зөрүүлээд нүүр рүү гараараа 1 удаа цохиод бид хоёр барилцаж аваад ноцолдоод би хадам аав Быг түлхтэл хойшоо босгон дээр нуруугаараа тэгнээд сандал ширээ хоёрын нэгийг нь толгой хэсгээрээ мөргөөд газар унасан. Тэгээд бас ноцолдож байхдаа нүүр рүү нь алгадах болох гараараа мангасдсан...” гэх мэдүүлэг /хх-57-58/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч түүний шүүхэд гаргасан “Миний бие Д.От гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгчийн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч гомдол саналгүй гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.От хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Д-ийн Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.От зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.От авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгааралт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР