| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0797/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/826 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/826
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч М.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Рыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708000000085 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Их-Уул суманд мал маллаж амьдардаг гэх, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Завхан аймгийн Их-Уул сум, Цэцүүх багт оршин суух,
урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт М-ы Р /РД:******/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.Р нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ж.Х-гээс 100.000 төгрөг, Ц.З-оос 200.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “21 дүгээр хорооллын тэнд “зарна” гэсэн бичигтэй 2 давхар дэлгүүр байсан. Х гэх эмэгтэй байсан, түүнээс 100.000 төгрөг авсан. З гэдэг хүнээс 100.000 төгрөг аваад зугтсан. Тэр мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Маш их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохирлоо барагдуулна гэж бодож байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708000000085 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ж.Х-гийн: “Би Завхан аймгийн Их-Уул сум, Цэцүүх багийн харъяат Энхбаатар гэдэг нэртэй хүн танихгүй. Гаднаас үл таних хүн орж ирээд “би энэ хашаа байшинг 180.000.000 /зуун наян сая/ төгрөгөөр авч байгаа юм” гэж ярьж байсан ба уг хүн өглөө уг дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн эзэнтэй уулзаж ярилцаж байсан...дэлгүүрийн эзэн Нараа гэх эмэгтэй “энэ хүн манай дэлгүүрийг авах гээд сонирхож байгаа юм” гэж байсан. Ингээд би уг залууд хандаж “чи энэ дэлгүүрийг авах гэж байгаа юм уу? аль нутгийн хүн бэ?” гэхэд “Завхан аймгийн хүн” гэсэн. Газар орны талаар хэсэг ярилцсан. Ярилцаж байх үед “энэ хашаандаа барилгын материал авч ирэх гэсэн юм, оройхон ирээд буулгаад өгье гэсэн, уг хүнд хэдэн төгрөгийн хөлс өгнө, надад 80.000 төгрөг хэрэгтэй байна, зээлж байгаач” гэж хэлэхэд нь би 80.000 төгрөг өгөхөд уг залуу “нэмээд 20.000 төгрөг өгчих” гэхэд нь нэмж 20.000 төгрөг өгсөн. Ингээд уг залуу барилгын материал буулгаж өгөх хүнээ хүлээж байна гээд байгаад байсан ба удалгүй сураггүй алга болсон байсан. Өөрийгөө Ренчин гэж танилцуулж байсан. Сүүлд харин З бариад ирэхэд нь харахад надаас миний мөнгийг залилсан залуу мөн байна гэж шууд танисан. Хашаанд буулгасан цементийг эзэн нь ирээд тоо ширхгээр нь бүрэн буцаагаад авсан. ...Гомдолтой байна. Энэ хүнээс 100.000 төгрөг болон төлбөрийг нь төлөөгүй, авч явсан унааны 2700 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-42-44, 45/,
Хохирогч Ц.З-ийн: “...2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед... уг хүнтэй уулзахад “би энэ дэлгүүрийг авч байгаа юм, 80.000.000 төгрөгийг шилжүүлчихсэн, хашаандаа хүн буулгах санаатай байна, танайх манай хашаанд буугаад хашаанд байгаа дугуй засварыг ажиллуулаач” гэхэд нь зөвшөөрсөн. Уг худалдаж авсан гэх дэлгүүрийнхээ хашаанд байсан чингэлгийг зааж “хүн нь ирж авах гээд байна, уг хүнээс худалдаж авахад мөнгө дутаад байна, чи надад 160.000 төгрөг зээлүүлээч” гэхэд нь зөвшөөрч зээлүүлсэн. Уг залуу худалдаж авсан гэж яриад байгаа хашаандаа Гурвалжингийн гүүрний орчмоос надтай хамт явж 5 тонн цемент цагаан өнгийн ачааны машин дээр ачиж авч ирээд буулгасан байсан. Энэ явдлыг хараад үнэхээр энэ хашаа, дэлгүүрийг худалдаж авч байгаа юм байна гэж бодсон. Энэ үедээ мөн жолоочид өгөх хөлсний мөнгө дутаад байна гэж хэлээд 40.000 төгрөг асуухад нь би өгсөн. Гэтэл уг хүн маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сураггүй алга болсон байсан. Тухайн үед өөрийгөө танилцуулахдаа Р гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-47, 48-49/,
Шүүгдэгч М.Рын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байсан. Хийсэн хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн буруу үйлдлээс болсон гэдгээ мэдэж байгаа, гэмшиж байна. Тийм учраас надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-74-75, 76-77, 78/,
тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-86-89/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-93/, албан бичиг /хх-98, 101, 104, 105/, яаралтай тусламжийн хуудас /хх-117/, прокурорын тогтоол /хх-119, 121, 122/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-124-126/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Р нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Хгээс 100.000 төгрөг, Ц.З-оос 200.000 төгрөгийг “Би энэ хашаа байшинг 180.000.000, 80.000.000 төгрөгөөр авч байгаа юм” гэж хуурч, “хашаандаа Гурвалжингийн гүүрний орчмоос 5 тонн цемент авч ирээд буулгаж” зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус тус залилан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.Х-гийн “...Гаднаас үл таних хүн орж ирээд “би энэ хашаа байшинг 180.000.000 төгрөгөөр авч байгаа” гэж ярьж байсан ба уг хүн өглөө дэлгүүрийн эзэнтэй уулзаж ярилцаж байсан. “Энэ хашаандаа барилгын материал авч ирэх гэсэн юм, оройхон ирээд буулгаад өгье гэсэн, уг хүнд хэдэн төгрөгийн хөлс өгнө, надад 80.000 төгрөг хэрэгтэй байна, зээлж байгаач” гэж хэлэхэд нь би 80.000 төгрөг өгөхөд уг залуу “нэмээд 20.000 төгрөг өгчих” гэхэд нь нэмж 20.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-42-44, 45/, хохирогч Ц.З-ийн “...Уг хүнтэй уулзахад “би энэ дэлгүүрийг авч байгаа, 80.000.000 төгрөгийг шилжүүлчихсэн, танайх манай хашаанд буугаад дугуй засварыг ажиллуулаач” гэхэд нь зөвшөөрсөн. Уг худалдаж авсан гэх дэлгүүрийнхээ хашаанд байсан чингэлгийг зааж “хүн нь ирж авах гээд байна, уг хүнээс худалдаж авахад мөнгө дутаад байна, чи надад 160.000 төгрөг зээлүүлээч” гэхэд нь зөвшөөрч зээлүүлсэн. Уг залуу худалдаж авсан гэж яриад байгаа хашаандаа Гурвалжингийн гүүрний орчмоос надтай хамт явж 5 тонн цемент ачиж ирээд буулгасан байсан. Энэ явдлыг хараад үнэхээр энэ хашаа, дэлгүүрийг худалдаж авч байгаа юм байна гэж бодсон. Энэ үедээ мөн жолоочид өгөх хөлсний мөнгө дутаад байна гэж хэлээд 40.000 төгрөг асуухад нь би өгсөн...” гэх мэдүүлэг /хх-47, 48-49/, шүүгдэгч М.Рын “...Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-78, 82-84/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Р-ыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хд 100.000, хохирогч Ц.Зт 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч М.Роос 300.000 төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж, 100.000 төгрөгийг хохирогч Ж.Х /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-д, 200.000 төгрөгийг хохирогч Ц.З /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-***/-т тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч М.Рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Рын урьдчилан хоригдсон 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулшгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 83 /наян гурав/ хоног, нийт 85 /наян тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Р хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ы Р-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Р-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-ын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Р хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Р-оос 300.000 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Ж.Х /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын *** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-****/-д 100.000 төгрөгийг, хохирогч Ц.З /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны *** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-****/-т 200.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Рын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР