Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух Т ХХК-д холбогдох татварын өр 1,312,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч, хариуцагч Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 943,788 төгрөг, Хувь хүний орлогын албан татвар 368,500 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт үнэ 1,312,288 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2008 оны 03 сарын 21-ний өдөр Б.Н, Б.Т, Я.С гэсэн 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан байдаг юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж татвараа төлж байсан. Ингээд 2014 оны татварын тайлангаа өөрсдөө тодорхойлсон. Аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртөгийн албан татварт нийт, 943,788 төгрөг,  хүний амын орлогын албан татварт 368,500 төгрөг ногдсоныг төлөөгүй байна. Иймд 1,312,288 төгрөгийн татварыг төлүүлэхээр шүүхэд хандсан. Т-т манай байгууллагаас татварыг төлөх талаар утсаар удаа дараа мэдэгдсэн. Т гуайн тайлбарлаж байгаагаар компанийн 2 гишүүн 2012, 2013 онуудад компаниас гарсан гэсэн боловч энэ талаар хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт орсон зүйл байхгүй байна. Мөн  тухайн үед удирдлага нь Б.Н гэж хүн байсан гэх боловч хариуцагч нь 2 гишүүн нь энэ татварт хамааралгүй гэж байгаа тул Т ХХК-ийн татварын өрийг Т хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т ХХК нь Я.С, Б.Н гэсэн 3 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан юм. Ингээд Н-н нөхөр нь 2012 онд нас барсан тул хот руу шилжсэн, С 2013 оны эхээр Япон Улс руу явахаар болсон тул мөн компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон юм. Тухайн үед С, Н нар нь компаниас гарч байгаа талаараа хурал хийсэн юм. Холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж өгч байсан, харин хэзээ гэдгээ санахгүй байна. Ингээд энэ 2 хүнийг компаниас гарсанаас хойш үйл ажиллагааны үр шимийг би хүртэж, энэ 2-т хамааралгүй болсон учраас 2014 оны татварыг би хариуцах юм. Т ХХК- нь миний компани юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйлийг ойлгож байна, тэгэхээр энэ татвар Н-д хамаагүй юм. 2014 онд улсын хэмжээнд тоон системд шилжсэн тул тухайн компаний үйл ажиллагаа зогссон. Ер нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа  боловч би 2015 оны 2 сард цус харваж одоо болтол эмчилгээтэй байгаа, ам бүл ганцаараа амьдардаг, тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй тул татварын мөнгийг төлөх боломжгүй байна. Энэ байдлыг харгазан үзнэ үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь  хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2014 оны нэмэгдсэн өртөгийн албан татвар 943,788 төгрөг,  хүний амын орлогын албан татварт 368,500 төгрөг, нийт 1,312,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас татварын өрийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа болно.

Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Т ХХК-д 2014 оны үйл ажиллагааны тайлангаар нэмэгдсэн өртөгийн албан  татвар 943,788 төгрөг, хүн амын орлогын албан татвар 368,500 төгрөг нийт 1,312,288 төгрөгийн татвар ногдуулсан үйл баримт нь нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн тайлбар, татварын жагсаалт, хариуцагчийн тайлбар зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-т зааснаар  хариуцагч Т ХХК нь татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох  албан татварыг өөрөө төсөвт шилжүүлэх үүргийг хүлээх юм.

Гэтэл нэхэмжлэгч талаас татварын өрийг төлж барагдуулах талаар хариуцагч Б.Т-тэй утсаар холбогдож, татварын өрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч тэрээр нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн татвар төлөгчийн картаас үзэхэд Т ХХК нь Б.Н, Б.Т, Я.С гэх 3 гишүүнтэй, удирдлага нь Б.Н гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд хариуцагч Б.Т нь шүүх хуралдаанд “ ... Н-н нөхөр нь 2012 онд нас барсан тул хот руу шилжсэн, С 2013 оны эхээр Япон Улс руу явахаар болсон тул мөн компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон юм. Тухайн үед С, Н нар нь компаниас гарч байгаа талаараа хурал хийсэн юм. Холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж өгч байсан, харин хэзээ гэдгээ санахгүй байна. Ингээд энэ 2 хүнийг компаниас гарсанаас хойш үйл ажиллагааны үр шимийг би хүртэж, энэ 2-т хамааралгүй болсон учраас 2014 оны татварыг би хариуцах юм. Т ХХК- нь миний компани юм “ гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн энэ тайлбараас үзэхэд Т ХХК нь улсын бүртгэлд гишүүнчлэлийн хувьд өөрчлөлт оруулаагүй боловч тэрээр 2012 оноос хойш компаний ашиг орлогыг дангаараа эзэмшиж байсан, компанийг төлөөлөх эрхтэй байх бөгөөд татвар төлөх талаар маргаан гаргахгүй байна гэж үзлээ.

Харин тэрээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан татварын өрийг төлөх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд түүнийг энэ үндэслэлээр татварын өрөөс чөлөөлөх боломжгүй байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар хариуцагч Т ХХК-иас татварын өр болох 2014 оны нэмэгдсэн өртөгийн албан татвар 943,788 төгрөг, хүний амын орлогын албан татварт 368,500 төгрөг, нийт 1,312,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэст олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар хариуцагч Т ХХК-иас татварын өр болох  2014 оны нэмэгдсэн өртөгийн албан татвар 943,788 төгрөг,  хүний амын орлогын албан татвар 368,500 төгрөг, нийт 1,312,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн  хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35,947 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ             А.Ц