Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/836

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808020320595 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Нүхтийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялаар шйитгүүлсэн, Б овогт Б-ын Х /РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр иргэн Ж.Э-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед шонгийн нүх ухдаг ажил хийж байсан. Гурван согтуу хүн ирээд маргаан үүсгэсэн. Тэрнээс болж маргалдсан. Би Эийг нь санаандгүй цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808020320595 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ж.Э-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 15-ны үүрээр ажлаасаа бууж Эын хамт түүний ах У-ийн гэрт очсон. У ах, Э бид гурав 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж дуусгачихаад Э, түүний эхнэр, У, Угийн эхнэрийн хамт бид нар гараад гудамжинд явж байтал 4-5 залуу шонгийн нүх ухаж байсан. Тэд нар дээр Э чоод үг хэлээд тэр залуучуудтай маргалдсан. ...Э У хоёр тэд нартай маргалдаж зууралдсан. Тэд нарыг салгах гээд явж очоод нэг залууг таттал тэр залуу нь намайг хавираад унагаачихсан. Хойноос нь Х гэх жижигхэн залуу нь намайг уначихсан байхад шууд ам уруу гараараа 1 удаа цохисон. Э тэр залуучууд уруу чулуу шидээд Эын эхнэр нь цагдаа дуудаад салсан. Тухайн үед миний шүд булгарсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.19-ний өдрийн 5151 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ж.Эийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх тул ...журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-10/,

Шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. М, Б, С, Ш гэх найзуудынхаа хамт хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө ажил хийх гэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын гудамжид байж байтал 1 хашаанаас 3 залуу, 2 эгч, нэг хүүхэд гарч ирсэн. Нэг нь “хаанаас ирсэн ямар хүмүүс вэ аксенттэй чинь хамт буцаагаад ал уруу чинь чихнэ шүү” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр залууд Б “бид нар ажил хийх гэж байна, та нар ингээд зүгээр явчих” гэж хэлсэн. Цаанаас нь саарал цамцтай хөгшин ах ирээд “та нар яагаад байгаа юм” гээд намайг бариад авсан, бид нар маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байтал хамгийн эхлээд хэл амаар доромжлоод агсам тавиад байсан ах манай найз М-той барилцаад авсан. Бид нар зодолдуулахгүйн тулд тэнд бөөгнөрч салгаж эхэлсэн. Тухайн үед надад шүдээ цохиулсан гэх Э ах бид нарыг “боль” гээд салгаж байсан. Унангуутаа миний хөлнөөс бариад авахаар нь би “тавь” гэж хэлээд нэг удаа ам уруу нь цохичихсон. Тэгээд бид нар салсан. Бид нар уруу чулуу авч шидээд байсан...”гэх мэдүүлэг /хх-44/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-39/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-92/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Э-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ж.Эийн “...Тэд нарыг салгах гэж очоод нэг залууг таттал тэр залуу намайг хавираад унагаачихсан. Хойноос нь Х гэх жижигхэн залуу намайг уначихсан байхад шууд ам уруу гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-7/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5151 дүгээр 1. Ж.Эийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. ...4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-10/, шүүгдэгч Б.Хын “Э ах ...унангуутаа миний хөлнөөс бариад авахаар нь би “тавь” гэж хэлээд нэг удаа ам уруу нь цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-44/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас Ж.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний гаргасан “Эмчилгээний зардал 90.000 төгрөг хүлээн авсан. Хтай эвлэрч маргаангүй болсон” гэх хүсэлт /хх-53/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, найман цагийг 1 хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг өмнө тогтоолоор тэнссэн 1 жилийн хугацаан дээр нэмж нийт 1 жил 1 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ялтан байхдаа гэмт хэрэг үйлдээгүй, түүнчлэн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй тул уг заалтыг хэрэглэх боломжгүй. Эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмыг үндэслэн шийдэж өгнө үү. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Хыг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Б.Х хохирогч Ж.Э-ийг зодож хөнгөн хохирол учруулсан хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Х Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлснээс хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг дээрх шийтгэх тогтоолоор тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Хын хувийн байдал /1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Хын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 9 /ес/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 135.000 төгрөгийг эдлэх ялаас хасах нь зүйтэй.  

Түүнчлэн шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Х бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                           

              

               

    

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР