Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч К банк ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сүлд багт оршин суух Б овогт Д.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүү 5,641,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,345.16 төгрөг нийт 83,151,056.46 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо 6-р хороолол байрны тоот хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д, Т.О, хариуцагч Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К банк ХХК нь иргэн Д овогтой О-тай 2013 оны 08 сарын 20-ны өдөр №230 тоот зээлийн болон барьцааны  гэрээг байгуулж 83,500,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож  УБ хот БЗД 16-р хороо 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 5,994,113.70 төгрөг, зээлийн хүүнээс 21,993,356.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 29,696.6 төгрөг нийтдээ 28,017,166.36 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч Д.О нь 2016 оны 07 сарын 24-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй К банк ХХК иргэн Д овогтой О нарын хооронд байгуулсан №230 тоот Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11  дэх заалтуудыг тус тус зөрчин банкийг хохироосоор байна. Иргэн Д овогтой О-с үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 4,599,463.62 төгрөг нийтдээ 82,105,349.92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк ХХК нь Д.О-тай 2013 оны 08 сарын 20-ны өдөр 230 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 240 сарын хугацаатай,  жилийн 8 хувийн хүүтэй, 83,500,000 төгрөгийг зээлүүлсэн  бөгөөд зээлийн барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. О нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж буюу захирал Б-с өгсөн хууль бус шийдвэрийн дагуу зээлийн судалгаа хийж 2016 оны 07 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ингээд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн. Ингээд зээл төлөхийг хариуцагчид сануулсан. Банкны зүгээс зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11  дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Ингээд банкны зүгээс анх үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүү 4,599,463.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан боловч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгийн төлбөрт 1,042,361.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,345.16 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 83,151,056.46 төгрөг нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахдаа зээлийн хүүг 2017 оны 11 сарын 02-ний өдрөөс буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаар төлөвлөсөн үеэс  эхлэн 2018 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн бөгөөд өнөөдөр 01 сарын 24-нд шүүх хуралдаанд болж байгаа учир 1 сарын 24-нөөс 02 сарын 09-ны өдрийн хоорондох хүү буюу 250,213.38 төгрөг, мөн Д.О 2018 оны 01 сарын 02-ны өдөр тус банкны дансанд байршуулсан мөнгийг зээлээс хүүнээс хасч тооцон, хүүгийн шаардлагаас 700,213.38 төгрөгөөр багасгаж байна. Яагаад хүүгийн шаардлагаас хасч тооцож байгаа вэ гэхээр бид дансанд орж ирж байгаа мөнгийг хуульд зааснаар эхлээд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэж төлүүлэх ёстой байдаг. Тийм болохоор дээрх мөнгийг хүүгээс хасч тооцож байгаа. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээний хувьд манайх ажилчиддаа орон сууц захиалгын гэрээгээр орон сууц захиалсан бөгөөд тэр гэрээг байгуулах үед байгуулсан гэрээ юм. Иймд хариуцагч Д.О-с үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүүд 4,941,611.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,345.16 төгрөг нийт 82,450,843.08 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. О гаргаж байгаа саналыг удирдлагууддаа танилцуулсан боловч хүлээн авах боломжгүй гэсэн. Одоо бараг 8 сая орчим төгрөг төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр дээрээс нь 3 сарын төлөлт орж ирнэ, төлөгдөөгүй үнийн дүнгээс хүү бодогдоно шүү дээ. Тийм болохоор 3 сарын хугацаа өгөх боломжгүй юм. О-г ажлаас халагдахад дансанд 1,200,00 төгрөгийг дансанд нь битүүмжилсэн байгаа. Энийг нь зээл рүү нь хийх боломжгүй юм. Яагаад гэвэл эндхийн захирал байсан Б нарт холбогдох хэрэг хотод шалгагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас О-тай холбоотой төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 490,000 төгрөгийг дансандаа байршуулсан байсныг зээлийн хүүгээс хасч тооцсон гэдгийг хэлмээр байна. Тэгээд үлдэгдэл нь 1,042,361.38 төгрөг болж байгаа юм. Үүнээс одоо дансанд нь байгаа 450,000 төгрөгийг болон хүүнд илүү тооцож нэхэмжилсэн байгаа 250,213.38 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах юм. Нэг өдрийн хүүг дунджаар 16,987.59 төгрөгөөр тооцоод 90 гаруй хоногт хүүг тооцсон байгаа. О-н хувьд барьцаанд байгаа  орон сууцыг манай банкинд ажилладаг теллерт түрээслэдэг боловч энэ мөнгөө зээлийн төлөлт рүү сар бүр хийдэггүй, зарим үед тухайн мөнгөнөөс нь орж ирэхээр бид хүүгийн төлбөрт авдаг. Ингээд үндсэн зээл төлөгдөхгүй, үлдсэн хүү төлөгдөхгүй гэрээ зөрчигдсөн гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Би  К банктай 2013 оны 08 сарын 20-ны өдөр 240 сарын хугацаатай 83 сая гаруй төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Ингээд  2016 оны 07 сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх хүртэл байнга цалингаасаа төлдөг байсан. Үүнээс хойш тогтсон ажил, орлогогүй болсон тул зээл  доголдсон. Гэхдээ би огт төлөхгүй орхиогүй, байраа түрээслүүлж сар бүр 450,000 төгрөг төлдөг байсан. Зарим сард доголддог байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа 490,000 төгрөг дансандаа байршуулсан. Түүнийг зээлийн хүүд авсан гэдийг сая сонслоо. Харин сүүлд 2018 оны 01 сарын 02-нд 450,000 төгрөг байршуулсаныг зээлэнд татаагүй байна. Сүүлд тооцож нэхэмжилсэн зээлийн хүүг буруу тооцоолсон санагдсан бөгөөд эднийх хэрхэн яаж тооцсоноо надад танилцуулаагүй, миний тооцоогоор 500,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл байх шиг байсан. Нэхэмжлэгч одоо 250 гаруй төгрөг болон  дансанд байгаа 450,000 төгрөгийг хасч тооцохоор 340 гаруй төгрөг сүүлийн нэхэмжилсэн хүүд үлдэж байгаа юм байна. Миний хувьд өнөөдрийн байдлаар 8,278,462.62  төгрөгийн зээлийн хэтрэлттэй байгаа. Үүнийг 3 сарын дотор төлж барагдуулаад гэрээний дагуу эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөд явмаар байна, зээлийн гэрээг цуцалмааргүй байна. Барьцаанд байгаа гэж тайлбарлаад байгаа орон сууцыг энэ 230 тоот зээлийн гэрээг байгуулахдаа барьцаалаагүй. Өмнө орон сууц захиалах гэрээ байгуулах үед 2012 онд байгуулж байсан гэрээ юм. Тэгээд дараа нь 2013 оны 08 сарын 20-нд 83,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах үед шинээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулаагүй, хуучин гэрээндээ ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаар гэрээний үүрэгт үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүү 4,599,463.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,345.16 төгрөг нийт 83,151,056.46 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөрийг 700,213.38 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүүд 4,941,611.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,345.16 төгрөг нийт 82,450,843.08 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч нь зээлийн гэрээг зөрчсөнөөс үүссэн зээлийн үлдэгдэл 8,278,462.62  төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулан зээлийн графикт орж зээлийг төлнө, зээлийн гэрээг цуцлахгүй, түүнчлэн барьцаанд байгаа гэх байр нь уг зээлийн гэрээний барьцаа биш, урьд нь 2012 оны байгуулсан орон сууц захиалгын гэрээний барьцаа юм гэж маргажээ.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч К банк ХХК-тай 2013 оны 08 сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 83,500,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн үйл баримт нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 230 тоот зээлийн гэрээний хуулбар зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч К банк ХХК нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй  байна.

Зээлдэгч буюу хариуцагч Д.О нь зээлийн гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 07 сарын 24-нийг хүртэл тогтоосон хуваарийн дагуу төлж байгаад түүнээс хойш зээлийн эргэн төлөлт доголдож, гэрээний үүрэг зөрчигдөн, зээлийн төлөлтийг тогтмол биш хугацаагаар 450,000 төгрөг, 400,000 төгрөгөөр төлж байсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгчээс төлсөн мөнгийг зээлийн хүүд суутган төлүүлдэг байсан, одоо хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 8,278,462.62   төгрөг байгаа зэрэг нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2013 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн 240 сарын хугацаатай байгуулагдсан байх ба хэдийгээр гэрээний хугацаа дуусах болоогүй боловч зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасан гэрээний үүргээ зөрчсөн,  8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан  зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг  хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол зээлийн гэрээг дуусгавар болгохоор заасан байх тул гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох эрх нэхэмжлэгчид олгогдсон байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд  зээлийн үлдэгдлийг 3 сарын дотор төлж, цаашид зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийг төлөх боломж байгаа талаар тайлбар гаргасан боловч одоо эрхэлж буй ажлынх нь олох орлого, хэрхэн яаж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн үүргийг төлж барагдуулах нь тодорхойгүй, түүнчлэн 2016 оны 07 сарын 24-ний өдрөөс хойш одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар мэдсэн атлаа нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл хугацаанд энэ талаар санаачлага гаргаагүй, үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг зүгээс зээл төлөх талаар мэдэгдэл өгөөгүй гэх боловч зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж гэж үзнэ.

Мөн хариуцагч Д.О нь 1,450,000 төгрөг өөрийнх нь дансанд битүүмжлэгдсэн байгаа тул түүнийг хугацаа хэтэрсэн зээлээс хасч тооцож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд энэ талаар нэхэмжлэгийн төлөөлөгч нь “захирал байсан Б нарт холбогдох хэрэг хотод шалгагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас О-тай холбоотой төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч Д.О нь үгүйсгээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны рүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн  хүүг төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.О-с үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүүд 4,941,611.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,345.16 төгрөг нийт 82,450,843.08 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Д.О-тай 2013 оны 08 сарын 20-ны өдөр 230 тоот зээлийн гэрээг байгуулж 83,500,000 төгрөгийн зээлийг олгосон боловч уг зээлийн барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан ипотекийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “2013 оны 08 сарын 20-ны өдөр 230 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог боловч  нэхэмжлэгч талаас ирүүлсэн барьцааны гэрээний хуулбараас үзэхэд 2012 оны 05 сарын 04-ний өдрийн 384 тоот барьцааны гэрээ буюу хариуцагчийн зээл авахаас өмнө хариуцагч Д.О-тай байгуулсан гэрээ байна. Түүнчлэн уг 384 тоот барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т “ барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэх хугацаа, давтамж нь 384 тоот гэрээний хавсралт 1-ээр зохицуулагдана”  гэж заасан байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нар нь  “ энэ барьцааны гэрээ нь өмнөх ажилчдын орон сууц захиалах гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээ” гэж тайлбарласан болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээ байгуулах ерөнхий журмын заасан байх ба 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “ барьцаагаар хангагдах  үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл”-ийг тусгасан байхыг шаардахаар байна. Гэтэл хариуцагч Д.О-тай 2013 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан 230 зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг 2012 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр хангагдах эсэх талаар гэрээндээ тусгаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь  тогтоогдохгүй байна.

Иймд зохигчдын хооронд 2013 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан 230 тоот зээлийн гэрээний үүргийг 2012 оны 05 сарын 04-ний өдрийн 384 тоот барьцааны гэрээгээр буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах үндэслэлгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3, 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О-с үндсэн зээл 77,505,886.30 төгрөг, зээлийн хүүд 4,941,611.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,345.16 төгрөг нийт 82,450,843.08 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо 6-р хороолол хаягт орших 67 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 570,201 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч Д.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийвдэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ          А.Ц