Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 28

 

Зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Ц би нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б, М.Ч нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэг 70,927,710 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн байдаг. Tyc cyмын иргэн Ц.Б, М.Ч нар нь хиам үйлдвэрлэх мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх төсөл Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу Ц.Б-н “Борхойн амт” төсөлд Сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 104-ний өдрийн А/29 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 50.000.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Ц.Б “Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2013 оны 02 сарын 06-ны өдрийн 52 тоот” гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Ц.Б, М.Ч нар нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Ц.Б, М.Ч нар нийт зээлийн үлдэгдэл 47.285.140 төгрөг, төлөгдөөгүй дүнгээс тооцсон алданги 23.642.570 буюу нийт 70.927.710  төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А “Хариуцагч Ц.Б, хамтран хариуцагч М.Ч нар нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор зээл авч 50,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч дээрх хугацаанд зээл төлөх хуваарийн дагуу 5,028,410 төгрөгийг төлөөд үлдэгдэл 47,285,140 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу зээлийг төлөх үүрэгтэй. Гэрээнд үндсэн зээл, хүүгээс гадна сарын 1 хувийн алданги тооцохоор тусгасны дагуу төлөгдөөгүй үлдсэн зээл, хүүгээс алданги тооцоход 23,642,570 төгрөг болж, дээрх алдангийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Ц.Б, хамтран хариуцагч М.Ч нараас алданги 23,642,570 төгрөгийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, харин төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл зээл, хүү болох 47,285,140,00 төгрөгийг зээлийн гэрээнд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух Б овогт Ц.Б, С овогт М.Ч нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Замын-Үүд сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлөгдөөгүй үндсэн зээл, хүү болох 47,285,140 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ц.Б, М.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 70,927,710 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Б, М.Ч нар нь  Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, сум хөгжүүлэх сангаас 50,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх бөгөөд хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөөгүй, үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нэхэмжлэлийн шаардлагаас 23,642,570 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Б, М.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлага 47,285,140 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б, М.Ч нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэг 70,927,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь 23,642,570 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Б, М.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 47,285,140 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамж 512,589 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  хариуцагч нараас 47,285,410 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь  болох 197,188 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ          А.Ц