Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/842

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000840107 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн ** дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн М /РД-****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Аргалаг” гэх газар зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 ширхэг эр хүрэн баавгайг агнасан, улмаар уг ховор амьтны гаралтай түүхий эд болох хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, 1 ширхэг гавал яс зэргийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Багануур дүүргийн **дүгээр хороо, ** тоотод байрлах гэрийнхээ амбаарт хадгалж байгаад 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сар гарч байхад самар түүж явсан. Хуурай дүү нартай явж байсан. Гэнэт баавгай дайрч гарч ирсэн. Би амжиж буудсан, тэгээгүй бол бариулах байсан. Тэгээд баавгайг гэртээ авчирсан. Хөлөө гэмтээсэн байсан учраас зарж хөлөө эмчлүүлэх гэж яваад баригдсан. Өөр хүн оролцоогүй, би ганцаараа байсан. Төлбөр хохирлоо барагдуулахыг хүсэж байна” гэв.

 

Эрүүгийн 1802000840107 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Б-ы: “Манай яамны хуулийн хэлтсийн дарга намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор томилсон. Шинжээчийн дүгнэлтээр Б.Мын авч явсан зүйл нь ховор амьтан хүрэн баавгайн 4 ширхэг сарвуутай 1 ширхэг арьс, гавал яс байна гэсэн байна. Иймд Б.Моос ховор амьтан болох 1 эр баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх саналтай байна. Хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дүгээр дансанд төвлөрүүлж өгнө үү.

Ховор амьтан болох 1 эр баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар “Үнэлгээ төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний жагсаалтын 20 дугаарт эр хүрэн баавгайг 6500.000 төгрөгөөр үнэлж тогтоосон байгааг баримталж нэхэмжилсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” мөн Монгол Улсын Амьтны тухай хууль 37.2 дугаар зүйлд “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасныг тус тус баримталж 6500.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 13.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй...” гэх мэдүүлэг /хх-36-37, 174/,

Гэрч С.Б-ын: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед Б залгаж танай гэрийн хаяг хаана вэ, би очих гэсэн юм гэж хэлсэн. Б манай хашаанд өөрийн унаж явсан ** УБД улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Б надад “Би баавгайн бүтэн арьс зарах санаатай аваад ирлээ” гэж хэлж байсан. Би ангийн талаар сайн мэдэхгүй болохоор ойшоогоогүй. Баавгайн арьс авч явах нь хууль бус гэж надад хэлж байсан. Би гэхдээ ийм гэмт хэргийн шинжтэй гэж огт мэдээгүй. Ийм л зүйл болсон. Би ан ав хийх сонирхолгүй. Тэр талаар мэдлэг байхгүй” гэх мэдүүлэг /хх-41/,

Гэрч Г.Орхоны: “...Б 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр утсаар яриад машинаа өгөөч ээ, хэрэг гараад байна, машиныг чинь унаж хот орчихоод ирье гэхээр нь өөрийн ***УБД улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20 маркийн машинаа өгөөд явуулсан. Урьд нь надаас гуйж авдаг байсан, надад машин унах шаардлага гараад байдаггүй болохоор машин гуйхаар нь өгөөд явуулдаг байсан. Тэгтэл машин авч яваад маргааш нь цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь “яахаараа тэгдэг юм, яасан юм бэ гэхэд сүртэй юм болоогүй гэж байсан. Анх энэ машиныг манай хүргэн ах Э.Б банкны лизингээр худалдаж аваад ...надад банкны лизингтэй машинаа үлдээсэн. Би одоо эзэмшдэг...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018.04.03-ны өдрийн шинжээчийн 10 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, амьтны гавал яс 1 ширхэг зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (Ursus arctors Linnaeus, 1758) эд эрхтнүүд мөн болно. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-дүгээр хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, сайтар чанаж цэвэрлэсэн 1 ширхэг гавал яс зэргээс үхсэн болон агнагдсан болохыг тогтоох боломжгүй болно. Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6500.000 төгрөг, эм бодгаль 7500.000 төгрөг байдаг байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, сайтар чанаж цэвэрлэсэн 1 ширхэг гавал яс зэргээс агнагдсан хугацааг тогтоох боломжгүй болно. 1 ширхэг арьс, 1 ширхэг гавал яс зэргийг нэг амьтных мөн эсэхийг тогтоохын тулд тус бүрээс генетикийн дээж авсан. Авсан дээжнээс ДНХ ялган авч полимеразын гинжин урвалаар тодорхойлоход арьс болон гавал яснаас авсан дээж эр амьтных болох нь тогтоогдсон. Иймээс 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, сайтар чанаж цэвэрлэсэн 1 ширхэг гавал яс зэрэг нь нэг бодгаль амьтных болно...” гэжээ /хх-54-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.03.05-ны өдрийн 1573 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7,62x54 мм калибртай Мосин винтов загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон үйлдвэрийн хэлбэр, хийцийг өөрчилсөн гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. 2.Шинжилж буй гар хийцийн галт зэвсэг нь ажиллагаагүй, буудлага үйлдэх боломжгүй. Учир нь уг галт зэвсгийн замагны чих дурангийн сууринд тээглэсэний улмаас замаг сууриндаа бүрэн орох боломжгүй байна. 3.Шинжилж буй гар хийцийн галт зэвсэг нь 7,62x54мм калибртай. 4.Шинжилж буй гар хийцийн галт зэвсгийн сангийн анги болон замагны дугаарт засвар ороогүй. 5.Шинжилж буй галт зэвсэг нь шүүхийн шинжилгээний байгууллагын галт зэвсгийн хонгио, хошууны мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй” гэжээ /хх-60-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.03.05-ны өдрийн 2509 дүгээр дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн замагны ОН2621, гол төмрийн ОД3296 дугаартай гар хийцийн буугаар буудлага үйлдээгүй байна. Хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэжээ /хх-68/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичигт “...Аргалаг гэх газар нь Захарын гол, Ар Өнгөлжийн голын хооронд Улсын тусгай хамгаалалттай газар “Хан Хэнтий” дархан цаазат газарт байрлаж байна” гэжээ /хх-72-73/,   

Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 сарын сүүл үеэр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Аргалаг гэх нэртэй газарт дүү нарын хамт самар түүж 7, 8 хоносон. Нэг өдөр би самар гайгүй ургасан газар хайгаад дүү нараасаа салаад ганцаараа ой модон дотор явж байтал гэнэт нэг баавгай гарч ирээд над уруу дайрахаар нь шууд хүзүү хэсэг рүү нь нэг удаа буудсан чинь унаад өгсөн. Би амжиж буудаагүй бол бариулж ч магадгүй байсан байх. Би тэнд уг баавгайн арьсыг өвчиж аваад отог уруугаа дөхүүлж аваачаад нуучихсан. Тэгээд Багануур дүүрэг рүү хоол, унд авч ирэхээр мотоцикльтэй ганцаараа явахдаа баавгайн арьсаа ганзагалаад явсан. Багануурт авч ирээд түүнийгээ гэрийнхээ амбаарт хадгалж байгаад 2018 оны 02 дугаар сард нөгөө арьсаа аваад Улаанбаатар хотод авах хүн байвал өгчих санаатай авч явж байгаад баригдсан. Би баавгай буудсан буугаа танайд хураалгачихсан. Би баавгай агнах нь хориотой гэдгийг мэдэж байсан болохоор энэ тухай хүмүүст хэлж байгаагүй. Надтай хамт самар түүж явсан хүмүүс ч гэсэн мэдээгүй.

...Тус буу нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Карбин” гэдэг буу, ямар нэг зөвшөөрөл гэрчилгээ, бичиг баримт байхгүй, хуучны, манай гэрт их удаж байгаа” гэх мэдүүлэг /хх-100, 183-184, 191/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хх-7-9, 10-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14, 22, 27-30/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23, 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-135/, гэрч Ч.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-179-180/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-193/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр улсын тусгай хамгаалалттай газар болох Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Аргалаг” гэх газарт ховор амьтан эр хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнасан, улмаар уг ховор амьтны гаралтай түүхий эд хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, 1 ширхэг гавал ясыг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3-6 тоот гэрийнхээ амбаарт хадгалсан, 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл иргэн Э.Б-ын өмчлөлийн ***УБД улсын дугаартай, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Б-ы “...Шинжээчийн дүгнэлтээр Б.Мын авч явсан зүйл нь ховор амьтан хүрэн баавгайн 4 ширхэг сарвуутай 1 ширхэг арьс, гавал яс байна гэсэн байна...” гэх мэдүүлэг /хх-36-37, 174/, гэрч С.Б-ын “...Б надад “Би баавгайн бүтэн арьс зарах санаатай аваад ирлээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-41/, гэрч Г.О-ы “...Б 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр утсаар яриад “машинаа өгөөч ээ, хэрэг гараад байна, машиныг чинь унаж хот орчихоод ирье” гэхээр нь өөрийн ***УБД улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн машинаа өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 10 дугаар “...Шинжилгээнд 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, амьтны гавал яс 1 ширхэг зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (Ursus arctors Linnaeus, 1758) эд эрхтнүүд мөн болно. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-дүгээр хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. ...Авсан дээжнээс ДНХ ялган авч полимеразын гинжин урвалаар тодорхойлоход арьс болон гавал яснаас авсан дээж эр амьтных болох нь тогтоогдсон. Иймээс 4 ширхэг сарвуу бүхий 1 ширхэг арьс, сайтар чанаж цэвэрлэсэн 1 ширхэг гавал яс зэрэг нь нэг бодгаль амьтных болно...” гэх дүгнэлт /хх-54-55/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “...Аргалаг гэх газар нь Захарын гол, Ар Өнгөлжийн голын хооронд Улсын тусгай хамгаалалттай газар “Хан Хэнтий” дархан цаазат газарт байрлаж байна” гэх албан бичиг /хх-72-73/, шүүгдэгч Б.Мын “...Гэнэт нэг баавгай гарч ирээд над уруу дайрахаар нь шууд хүзүү хэсэг рүү нь нэг удаа буудсан чинь унаад өгсөн. Би тэнд уг баавгайн арьсыг өвчиж аваад отог уруугаа дөхүүлж аваачаад нуучихсан. Багануурт авч ирээд гэрийнхээ амбаарт хадгалж байгаад 2018 оны 02 дугаар сард нөгөө арьсаа аваад Улаанбаатар хотод авах хүн байвал өгчих санаатай авч явж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-100, 183-184, 191/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч “...Гэнэт баавгай гарч ирсэн. Би амжиж буудаагүй бол бариулах байсан байх...” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд тухайн нөхцөл байдал болсон талаар нотлогдоогүй болохыг тэмдэглэж байна.     

Гэмт хэргийн улмаас 6500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ы “...Б.Моос ховор амьтан болох 1 эр баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6.500.000 төгрөгийг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасныг баримталж 13.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй” гэх мэдүүлэг /хх-36, 174/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Моос 13.000.000 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулахаар шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр, Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор байх тул Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр хүрэн баавгайг 6.500.000 төгрөгөөр тогтоосныг хоёр дахин өсгөж 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй юм.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гарцаагүй байдалд үйлдсэн гэдгээ хэлж байгаа. Түүнээс биш гэм буруугийн асуудлаар маргаагүй. Мөн хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа болно” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /байгаль экологид 6500.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийж байсан, ам бүл 2, эхийн хамт амьдрах/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоног, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 42 хоног, нийт урьдчилан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгайн /4 сарвуутай/ 1 ширхэг арьс, хүрэн баавгайн гавлын яс 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, ан агнуурын зориулалттай, 7,62х54 мм калибртай Мосин винтов загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон үйлдвэрийн хэлбэр, хийцийг өөрчилсөн гар хийцийн, ажиллагаагүй, буудлага үйлдэх боломжгүй, галт зэвсгийн сангийн анги ОД3296, замаг ОН2621 гэсэн дугаартай 1 ширхэг бууг устгахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын урьдчилан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгайн 4 сарвуутай нэг ширхэг арьс, хүрэн баавгайн гавлын яс 1 ширхгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж,

Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, ан агнуурын зориулалттай, 7,62х54 мм калибртай Мосин винтов загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон үйлдвэрийн хэлбэр, хийцийг өөрчилсөн гар хийцийн, ажиллагаагүй, буудлага үйлдэх боломжгүй, галт зэвсгийн сангийн анги ОД3296, замаг ОН2621 гэсэн дугаартай 1 ширхэг бууг устгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моос 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР