Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Ц би нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,813,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О нь  2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000  төгрөгийн зээлийг  жилийн 20,4 хувийн  хүүтэй 48 сарын хугацаатайгаар  цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь  гэрээ ёсоор  төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй уг зээл өнөөдрийн байдлаар 263 хоног  хугацаа хэтрээд байна. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж  зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч  ажлаас халагдаад орлогогүй байгаа нөхөр нь цалингаасаа төлнө гэсэн боловч төлөхгүй удаа дараа  гэрт нь болон ажил дээр нь очиж үндсэн зээлдэгч болон гэр бүлийн  хүнтэй нь уулзсан ч төлөхгүй шүүхдээ өг гэх тайлбар өгсөн. Иймд удаа дараа  гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг  хугацаанаас нь өмнө  цуцалж доорх төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 1,659,421,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 147,464.09 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 6,448.65 төгрөг нийт 1,813,334.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Б.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г  банкны Замын-Үүд тооцооны төвийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлага 1,813,334.59 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар  миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүй орлогогүй байх тул  2018 оны 02 сарын 25-ний өдрөөс эхлэн сард 100,000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,813,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.О нь  нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвтэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ  байгуулан 2,000,000  төгрөгийн цалингийн зээлийг  жилийн 20,4 хувийн  хүүтэй 48 сарын хугацаатайгаар  зээлсэн байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 263 хоног хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 1,659,421,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 147,464.09 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 6,448.65 төгрөг нийт 1,813,334.59 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 1,659,421,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 147,464.09 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 6,448.65 төгрөг нийт 1,813,334.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,813,334  төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43,963.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 21,982 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 21,982 төгрөгийг  хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ        А.Ц