Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/1362

 

2015 оны 8 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/1362

Улаанбаатар хот

 

Цийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 331 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Цийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие төрийн албанд 32 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн нягтлан бодогч, аудитор цолтой төрийн албан хаагч юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар 2004 оноос хойш ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу орон тоо, цалингийн фондтойгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр шилжиж очсон. Дээрх тогтоолыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар дотоод аудит хариуцсан мэргэжилтэнээр томилогдон, ажлын байрны тодорхойлолтыг батлуулан ажиллаж байтал хуулийн дагуу урьдчилан мэдэгдэлгүйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэсэн ба тус яамны бүтцэд Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар буюу миний ажлын байр батлагдсан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн байгууллага татан буугдаагүй, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар өөрчлөгдөөгүй болно. Миний ажлын байранд Нг намайг ажлаас чөлөөлсний маргааш шууд ажилд авсан ба ажлыг дарамталсан байдлаар хүлээлцүүлсэн. Өөрөөр хэлбэл миний ажлын байр өөрчлөгдөөгүй, татан буугдаагүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажилд орсоноос хойш Ц нь нэгжийн менежертэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй байсан. Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бүтцийг баталсан тогтоолыг Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор хүчингүй болгож Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны бүтцийг шинэчлэн баталсан. Яамны бүтэц, зохион байгуулалттай холбогдуулан Цийг албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний Б-17 дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 4.064.616 төгрөгийг түүнд олгосон. Уг тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хүчин төгөлдөр хууль тогтоомжийг үндэслэж, хууль зүйн үндэслэлтэй гарсан тул иргэн Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3-т заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Цийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цийн ажилгүй байсан 4 сар 22 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан олгох, мөн хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ...Ц Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар дотоод аудит хариуцсан мэргэжилтэнээр томилогдохдоо ажиллах хугацааны хувьд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор, гэрээт ажилтнаар томилогдон ажиллаж байсан. 2014 оны 382 дугаар тогтоолоор яамны бүтцэд өөрчлөлт орж нэхэмжлэгч Цийн санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтөөр хадгалагдан үлдээгүй. Яамны шинэ бүтцээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, аялал жуулчлалын чиг үүрэг нь тус яаманд шилжин ирсэн. Яамны өмнөх бүтэц уг албан тушаалыг гэрээгээр гүйцэтгүүлж байсан. Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор ажлын байрны чиг үүргийг давхардуулаагүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийг хэмнэх үүрэг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн билээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус яаманд татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас шилжүүлсэн 7 орон тоог шилжүүлсэн. Үүнээс гадна Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий үндэсний хорооны ажлын алба, Усны үндэсний хороо, Газрын шинэтгэлийн хороо, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог тус тус татан буулгаж, Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах алба, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны орон тоог тус тус цөөрүүлж, эрхэлж байсан чиг үүргийг нь тус яаманд шилжүүлсэн. 2012 оны 14 дүгээр тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бүтцийг 108 орон тоогоор баталсан бөгөөд Засгийн газрын шинэ бүтцээр буюу 2014 оны 382 дугаар тогтоолоор яамны шинэ бүтэц 116 тоогоор батлагдсан тул дээрх байгууллагад ажиллаж байсан 40-өөд ажлын байрны чиг үүргийг тус яамны бүтцэд шилжүүлж, бүтэц орон тоог цомхотгосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний Б-17 дугаар тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээрх Засгийн газрын 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн тул хууль тогтоомжийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 331 дүгээр шийдвэрт давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Цийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Дээрхи тушаалыг нэхэмжлэгч Ц эс зөвшөөрч төрийн байгууллага татан буугдаагүй, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдаагүй гэх үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгэж Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор яамны бүтцэд өөрчлөлт орж нэхэмжлэгч Цийн санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдээгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах гэж заасан нь төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг болон Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоолыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д. Цэндийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоолоор Цийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй, харин ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны бүтцэд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрыг баталж өгсөн байх ба үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор орон тоог байгууллага хооронд шилжүүлэн зохин байгуулсан 3, 4 дэхь заалтыг хүчингүй болгосныг хариуцагч буруу тайлбарлан хэрэглэж яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Цийг ажлаас чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн зөрчил бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

Мөн шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-17 дугаар тушаал гарснаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 4 сар 22 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байх ба олговрыг үнийн дүнгээр тооцоогүй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй нь захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН