Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/852

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч А.Ганзориг,  

хохирогч Б.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808035400926 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Х” ХХК-д ажилтай, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны *** гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн Э /РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “О” караокед иргэн Б.Аг зодож эрүүл мэндэд нь биед уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, 1 шүдний сулрал, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. 150.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя” гэв.

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нөхөр гэртээ хүүхдээ хардаг байсан. Гэтэл хүүхдээ орхиод караокед энэ хүнтэй архи уугаад байж байсан. Би энэ хүнээс олон удаа гуйж байсан. Гомдолтой байна” гэв.

 

Эрүүгийн 1808035400926 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.А-гийн: “...Нөхөр маань энэ Э-тэй хааяа уулзаад байдаг юм. Бараг 3 жил болсон. Уулзахаараа архи дарс уугаад алга болчихно, хонуут өнжүүдээр гараад явчихна. Нийлэхээрээ над уруу утсаар залгаад хэлэх хэлэхгүйгээр буюу янхан, банзал, гичий, пизда гэх мэтээр доромжилж дайрдаг. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд гэртээ ирсэн чинь 2 настай хүүхдийг маань урд айлд орхиод нөхөр гараад явчихсан байсан. Утас уруу нь залгасан чинь “ойрхон явж байна...хоол хийх гээд дэлгүүрт байна” гэсэн. Дараа нь дахин залгасан чинь “айлд байна” гэсэн. Гурав дахиа залгасан чинь “би архи уугаад сууж байна...чи яах гээд байгаа юм бэ” гэсэн. Цаана нь хөгжим дуугараад байхаар нь би гараад гэрийнхээ ойролцоох бүх караокег үзээд байхгүй байхаар нь урагшаа дүүрэг рүү яваад хайсан чинь дүүргийн буудлын хажуугийн “Од” караокед нөгөө эмэгтэйтэйгээ хоёулаа орохоор нь би цагдаад дуудлага өгөөд хүлээж байгаад цагдаа нарыг ирэхээр нь дотогш орсон. Би нөхөртөө “чи гэртээ байхгүй, одоо ингээд харьлаа гэж хэлчихээд худлаа яриад архи уугаад энэ эмэгтэйтэйгээ уулзаад сууж байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд уурласан чинь нөхөр “чи энд юугаа хийгээд балайраад явж байгаа юм бэ” гэсэн. Би уурандаа нөгөө хамт байсан эмэгтэй рүү өөрийнхөө барьж явсан жижиг гар цүнхээр савсан чинь нөгөө эмэгтэй босож ирээд шууд миний нүүр рүү гартаа байсан микрафоноороо цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад эхэлсэн. Э “чи угаасаа нөхрөө маллаж байж чадахгүй ингэж явахдаа таарсан амьтан” гэх мэтээр дайраад намайг миний гэдэс рүү, зүүн хөл рүү хөлөөрөө жийгээд, дахин цамцнаас зуурах гэхээр нь би зөрүүлээд энгэрээс нь зуурч байгаад шууд гараад нөгөө дуудлагаар ирсэн цагдаа нарт очиж хэлээд “намайг зодчихлоо” гэсэн чинь нөгөө цагдаа нар хамт орцгоосон. Э бид нарыг харчихаад ариун цэврийн өрөөнд ороод хаалга түгжээд нэлээд удаж байгаад гарч ирээд цагдаа нартай маргалдаад байсан. Тэгэж байгаад Эийг аваад явцгаасан. Миний хувьд дээд уруул хавдаж язарсан, дотор талдаа язарсан байдалтай, дээд нэг шүд сонин өвдөөд байна. Гэдэс хөндүүр, цээж бас хөндүүрлээд байна. Миний хувьд энэ хүнд маш их гомдолтой байгаа, хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээ хийлгэж байгаад гарсан зардлаа нэхэмжлэх болно. Би энэ гэмтэл авсандаа эм эмчилгээний мөнгө төгрөг гэж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-13, 14-16/

Гэрч Ц.Г-ын: “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ 14 цагийн орчимд гараад найз Л-тэй тааралдаад кафед ороод нэг шил архи авч уусан. Л “харилаа” гэж салаад би Этэй хамт дахиж юм ууя гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд л ер нь согтчихсон. Түүнээс хойш юу болсон талаар бол ерөөсөө санахгүй байна. Ямар ч байсан нэг сэрэхэд эхнэр ирчихсэн байсан. Яг хаана ирчихсэн гэдийг нь санахгүй байгаа. Манай эхнэр болон Э нар уулзсан талаар ерөөсөө мэдэхгүй. Харин эхнэр 2 хоногийн дараа “Дүүргийн тэнд байдаг бааранд чамайг хайгаад очсон чинь нэг хүүхэнтэй байсан. Тэр хүүхэнтэй чинь муудалцаад намайг тэр хүүхэн нүүр рүү цохисон” гэж хэлсэн. Манай эхнэрийн уруул нь хавдсан байдалтай, үүдэн нэг шүд нь өвчин орсон гэж хэлсэн. Эхнэр маань Э бид хоёрыг л хоёулхнаа уугаад нийлээд яваад байдаг гэж боддог боловч тийм зүйл огт байхгүй. Хэд хэдэн удаа архи дарс нийлж ууж байхад манай эхнэр ирж байсан тохиолдол бол байгаа. Тэгэхдээ цохиж зодсон, хэрэлдэж маргалдсан зүйл огт болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-23-25/,

Гэрч Э.С-ийн: “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчимд шиг санаж байна “О” караокед зодоон болоод байна гэсэн дуудлага мэдээллийг аваад очиж шалгахад 2 эмэгтэй маргалдсан байдалтай байсан. Нэг эмэгтэй нь буюу туранхай жижиг биетэй, өөрийгөө А гэх эмэгтэй нь өөрийгөө зодуулсан гэж байсан. Амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Би цаашид өргөдөл өгч шалгуулж болох талаар хуулийн зөвлөгөө өгсөн. Харин нөгөө ахимагдуу настай Э гэх эмэгтэй нь нэлээн согтуу байсан бөгөөд “та нар юугаа мэдэж ирж байгаа юм бэ” гээд өөдөөс хэрэлдээд байсан учир бид нар Төмөр замын Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Ямар ч байсан дээд уруул нь язарсан байдалтай харагдаж байсан бөгөөд нөхөртэй нь хамт архи уугаад нийлээд яваад айл гэр үймүүлээд байна гэж хэлж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.26-ны өдрийн 9193 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Б.А-гийн биед уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, 1 шүдний сулрал, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-29/,

Шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад 16 цагийн орчимд Г залгаад “уулзъя, би дүүргийн урд талын “21”-ийн буудал орчимд нэг найзтайгаа байна...хүрээд ир” гэхээр нь очсон. Уулзаад кафед ороод пиво ууцгааж байгаад Гантулгын найз Лхагвасүрэн нь явсан. Дүүргийн буудлын арын караоке уруу орцгоогоод хүний нэг, нэг пиво уугаад сууцгаасан. Г эхнэртэйгээ утсаар ярьж байсан. Хэсэг байж байтал гэнэт араас нэг хүн цээж рүү татахаар нь харсан чинь Г-ын эхнэр А ороод ирчихсэн цээж рүү маажсан. Би тэр хооронд гартаа байсан микрофоноор ноцолдож байхдаа л цохисон юм шиг байгаа юм. Санаандгүй цохисон байх гэж бодож байна. Ямар ч байсан амнаас нь цус гарахыг бол харсан...” гэх мэдүүлэг /хх-50-53/,

Өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Ханбогд кашимер” ХХК-ийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “О” караокед иргэн Б.Аг зодож, эрүүл мэндэд нь уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, 1 шүдний сулрал, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Агийн “...Би уурандаа нөгөө хамт байсан эмэгтэй рүү өөрийнхөө барьж явсан жижиг гар цүнхээр савсан чинь нөгөө эмэгтэй босож ирээд шууд миний нүүр рүү гартаа байсан микрофоноороо цохисон. Э “чи угаасаа нөхрөө маллаж байж чадахгүй ингэж явахдаа таарсан амьтан” гэх мэтээр дайраад намайг миний гэдэс рүү, зүүн хөл рүү хөлөөрөө жийгээд...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Ц.Г-ын “...“Дүүргийн тэнд байдаг бааранд чамайг хайгаад очсон чинь нэг хүүхэнтэй байсан. Тэр хүүхэнтэй чинь муудалцаад намайг тэр хүүхэн нүүр рүү цохисон” гэж хэлсэн. Манай эхнэрийн уруул нь хавдсан байдалтай, үүдэн нэг шүд нь өвчин орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-25/, гэрч Э.С-ийн “...Нэг эмэгтэй нь буюу туранхай жижиг биетэй, өөрийгөө А гэх эмэгтэй нь өөрийгөө зодуулсан гэж байсан. Амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Ямар ч байсан дээд уруул нь язарсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9193 дугаар “1.Б.Агийн биед уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, 1 шүдний сулрал, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шүүгдэгч Д.Эийн “...Хэсэг байж байтал гэнэт араас нэг хүн цээж рүү татахаар нь харсан чинь Гантулгын эхнэр А ороод ирчихсэн цээж рүү маажсан. Би тэр хооронд гартаа байсан микрофоноор ноцолдож байхдаа л цохисон юм шиг байгаа юм. Санаандгүй цохисон байх гэж бодож байна. Ямар ч байсан амнаас нь цус гарахыг бол харсан...” гэх мэдүүлэг /хх-50-53/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй ч шүүгдэгч 150.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, түүнчлэн хохирогч “Хохирлын баримт гаргаж өгнө, нэхэмжилнэ” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Э гэмт үйлдэлдээ ямар нэгэн дүгнэлт хийхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч  “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 150.000 төгрөг төлснийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлнө гэдгээ илэрхийлж байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохиролд баримтгүйгээр 150.000 төгрөг төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 7, хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

                 ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР