| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0826/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/853 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/853
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Цолмон,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо,
шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1708022631039 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-д зээлийн менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Сургуулийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн ** дугаар гудамж, *** тоотод түр оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ө-ын Э /РД:****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ө.Э нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “С” ХХК-ийн хашаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-тэй тамхи татлаа, шүлсээ хаясан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 400.000 төгрөг төлсөн” гэв.
Эрүүгийн 1708022631039 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л-н: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Niu.Baocheng, Fu.Yong, Qin.Xiang Jun нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн хашаанд ажлын байран дээрээ байж байгаад 2 давхраас шатаар бууж байтал гаднаас танихгүй 7-8 монгол залуу орж ирсэн. Монгол хэлээр юу гэж байгаа нь мэдэгдэхгүй бидэн рүү яриад орилолдоод байсан. Нэг махлагдуу залуу нь миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод хамраас цус гарахад биднийг чирээд хашааны гадаа зогсоосон өөрсдийн машины арын багажны хэсгийг онгойлгоод бид дөрвийг суулгаж хөдөлснөө компанийн хашаа уруу орж зогсоод буцаагаад буулгасан. Намайг цохиж зодсон махлаг залуу нь эхлээд Fu.Yong -ыг гараараа түлхэж унагаад цээж, нуруу орчимд нь өшиглөж байгаа харагдсан. Fu.Yong-ыг босгох гээд тонгойход миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод хамраас цус гаргасан. Би тэдгээр монгол залуу ямар учраас ирж биднийг цохисныг мэдэхгүй... Бид хоёр хоорондоо маргалдаад тэр хүн намайг цохисон. Надад гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-20-21, 87-89/,
Гэрч Ц.Ж-ы: “...Эмээлт рүү очиход Эийн танил гээд О гэх залуу машинаа үзүүлнэ гээд ирсэн байсан болохоор хятадын компанийн хашаа гээд нэг хашаа уруу орж зогсоод дотогш ороход уулзах хятад нь байхгүй байсан. Э тэнд байсан хятадаас асуухад тоохгүй тамхи татаад шүлсээ хаяад зогсоод байхаар нь Э нэг хятдыг нь нүүр рүү гараараа нэг цохиод, өшиглөхөд тэд тараад зугтаахаар араас нь очиж барьж аваад машины багажинд суулгаж байгаад удалгүй буулгасан. Би Эийн хамт хоёулхнаа очсон...” гэх мэдүүлэг /хх-32/,
Гэрч Fu.Y-н: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...бид нар очтол тэр залуу Liu Chun Feng хоёр хоорондоо маргалдаад тэр залуу түүний нүүрэн тус газар цохиод биднийг автомашины багажинд оруулаад нэг цагийн дараа гаргасан. Тэр хүнийг танихгүй, махлагдуу биетэй өндөр халзан толгойтой залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-34/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн 13588 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Л-н биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/,
Шүүгдэгч Ө.Эийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “С” ХХК-ийн захирал Жа-гаас мөнгө авах ёстой байсан тул очтол Жа байхгүй байсан. Хүлээгээд зогсож байтал тэнд байсан хэдэн хятад тамхи татаад нус шүлсээ хамаагүй хаяад байхаар нь “болиоч” гэж шаардлага тавихад хүлээж авахгүй нэг нь хятдаар юм яриад маргалдаад байхаар нь тэр залууг нэг удаа нүүрэн тус газар цохиж, нэг удаа өшиглөсөн. Би найз Ж, О, М нарын хамт байсан. Тэдгээр хүмүүс бусдыг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-106-109/,
Гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-94/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-95-98/, хохирогчийн хүсэлт /хх-99/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Хос дуулга” ХХК-ийн тодорхойлолт, шүүгдэгчийн хүсэлт зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “С” ХХК-ийн хашаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-тэй “тамхи татлаа, шүлсээ хаясан” гэх шалтгаанаар таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...надад гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-88/, “Эмчилгээний зардлыг Ө.Этэй харилцан тохиролцож, хялбар аргаар шийдвэрлүүлэх болсон тул аливаа гомдол саналгүй болно” гэх өргөдөл /хх-99-100/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Хохиролд 400.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Торгох ялыг зөвшөөрч байгаа. 2 сарын хугацаанд төлөх боломжтой...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн нэр дээр тодорхой үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй, бага насны 4 хүүхэдтэй/-г тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний бую 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой” гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.Эийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө-ын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Э бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР