Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/861

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Мөнхбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808027410937 дугаар  хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ***  тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ш-ийн М/РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ш.М нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байранд үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас иргэн С.Нээс “цахилгаан бараа нийлүүлж, борлуулахад мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч, өсгөж өгнө” гэж итгүүлэн хуурч, дансаар 5.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт  хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цахилгаан бараа орон нутгаар зардаг байсан. Түрээсийн байрны мөнгө нэхэгдээд ийм асуудал болчихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808027410937 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Н ийн: “Би 2012 онд оюутан байхдаа нэг нутгийнх гээд Мөнхдөл гэдэг эрэгтэйтэй танилцсан. Сургуулиа төгсөөд холбоогүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 09-нд Сонгинохайрхан дүүрэг дээр тааралдаад тэрнээс хойш утсаар холбогдох болсон. Надтай ярихдаа “хувиараа цахилгаан бараа зардаг, хүний барааг хөдөөгүүр зарж борлуулдаг” гэж байсан. 2018 оны 3 дугаар сарын эхээр Мөнхдөл нь “би өөрөө цахилгаан бараа оруулж ирээд зарах гэж байгаа, надад 5 сая төгрөгийг 21 хоногийн хугацаатай зээлүүлээч, би эргүүлээд 6 сая болгоод өгье” гэж хэлсэн. ...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын Төрийн банкаар Ш-гийн М гэх хүний 103100351841 дугаарын данс уруу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Уг дансыг тэр эрэгтэй “манай ахын данс” гэж байсан. Тохирсон хугацаа болох 21 хоног дуусахаар нь ярихад “би бараагаа Хаан банкны лизингээр авсан. Тэгээд мөнгийг маань гаргаж өгөхөд 1 сарын хугацаа хэрэгтэй гээд байна, чи 7 хоног хүлээчих” гэхээр нь хүлээсэн. Дахин ярихад Хаан банкнаас мөнгөө авсан боловч манай хүүхэд хүнд өвчин туссан учир тэр мөнгөө би хүүхдэдээ өгчихсөн, эмчилгээ хийлгэсэн гэж хэлсэн. Тэгээд “би 2 хоногийн дараа бүтэн сайн өдөр мөнгийг чинь өгчихье, би хөдөөгүүр явж байгаад утас маань холбогдохгүй байсан юм” гэсэн. Тэгээд би дахин хүлээгээд Мөнхдөлийн утас уруу нь залгахад авахгүй байхаар нь мессеж бичээд “мөнгөө өг” гэхэд “би маргааш өгье” гэж мессеж бичсэн. ...Сүүлдээ манай хүүг М гэдэг гэж хэлсэн. ...2018 оны 5 сарын эхээр очиход Мөнхбаатарын эхнэр нь бололтой эмэгтэй байсан, мөнгөнийх нь асуудлыг мэдээгүй гэсэн. Би дансныхаа баримтыг үзүүлэхэд “манай нөхрийн данс мөн байна, гэхдээ мөнгө зээлсэн эсэхийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Ш.Мминий хохирлыг бүрэн барагдуулж 5.000.000 төгрөгийг өгсөн. Цаашид хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэн зөв хуулийн дагуу шийдэх хэрэгтэй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-19-20, 21-22/,

Гэрч Х.О-гийн: “М нь манай нагац ах. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоот байрны эзэн нь би. ...Надад 2.500.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны үеэр өгсөн. Тэр мөнгийг аваад өөрийн байрны зээлээ төлсөн...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Шүүгдэгч Ш.М-ын яллагдагчаар өгсөн: “Нямгэрэлийг 2012 онд танидаг болсон. Тухайн үед Н бид 2 нийтийн байранд хөрш байсан. 2018 оны 01 дүгээр сард таараад утсаа өгөлцөж авалцсан. Хааяа утсаар ярьдаг байсан. Би 2016 оны 8 сараас эхлэн ...2 өрөө байрыг түрээсэлж амьдардаг болсон, сүүлийн хэдэн сар түрээсийн мөнгөө төлөөгүй, тог цахилгааны мөнгө нэхэгдээд байхаар нь Н-тэй утсаар яриад “би хөдөө орон нутгаар цахилгаан бараа зарах гэж байгаа, цахилгаан бараа авахад мөнгөний хэрэг гараад байна” гэж худлаа хэлээд 5 сая төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 103100**** тоот дансанд авсан. Тухайн үед “5 сая төгрөгийг чинь 21 хоногийн дотор 6 сая төгрөг болгож өгнө” гэж хэлсэн. 2.500.000 төгрөгийг үеэл дүү О-д өгсөн. Би О-аас байрны түрээсийн мөнгө өгөх гээд мөнгө зээлсэн байсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгөөр цахилгааны болон байрны мөнгө гээд хуримтлагдсан өрөө өгсөн. Хоол хүнсний зүйл аваад дуусгасан. Надад мөнгөний хэрэгтэй байсан. Энд тэнд өр нэхэгдээд байхаар нь ийм үйлдэл гаргасан. Би Нямгэрэлийн хохирлыг бүрэн барагдуулсан. Би 3 бага насны хүүхэдтэй учир хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-35-38/,

Хохирогчийн депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-5/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-30-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хх-53, 54/, шүүгдэгчийн иргэний лавлагаа /хх-55/, шүүгдэгчийн депозит харилцагчийн монгол хуулга /хх-59-60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Мнь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Нээс “цахилгаан бараа нийлүүлж, борлуулахад мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч, өсгөж өгнө” гэж итгүүлэн хуурч, дансаар 5.000.000 төгрөг залилан мэхэлж авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Нийн эд хөрөнгөд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохирлыг бүрэн барагдуулж 5.000.000 төгрөгийг өгсөн. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-30-31/ зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Ажилд орсон тул торгох ял оногдуулж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажилгүй болох байх. Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /5.000.000 төгрөгийн хохирол учирч нөхөн төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, ажилд орсон гэх боловч энэ талаар нотлогдоогүй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш-ийн М-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР