Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/862

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, З.Л, өмгөөлөгч Э.Амархүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г, өмгөөлөгч Э.Нарангарав,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Пүрэвсүрэн, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт Г.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002560272 дугаар 2 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум, ** дугаар баг, Хараагийн гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын О /РД:***/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.О нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361 дүгээр гармын зам дээр “” ХХК-ийн эзэмшлийн “Nissan Teana” маркийн *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Л.М-ын жолоодож явсан “Toyoto Prius-20” маркийн *** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Ч, Б.Н, Г.Мнарын 3 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Зүүнхараа уруу явж байсан. Зам их эвдрэлтэй байсан, саадыг тойрч гарах гэж байгаад осол гаргасан. Гэм буруугаа болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай, зохих хариуцлагаа хүлээнэ. Уучлалт гуйя” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ээж, зээ дүү нар нас барсан. Манай гэрийнхэн бүгд сэтгэл санааны хямралтай байгаа. Дүү М энэ ослоос болж амиа хорлох гэж оролдсон. Оршуулгын зардалд 19.775.741 төгрөг, машины үнэ 8.167.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 11.500.000 төгрөг авсан. Манай аавын өөдөөс салаавч гаргасан гэсэн, гэмшсэн шинжгүй байгаа. Маш их гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хань их оюунлаг, ухаалаг хүн байсан. Мөн ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулдаг хүн байсан. Шүүгдэгч над уруу салаавч гаргасан болохоор би энэ хүнийг гэмшсэн шинжгүй байна гэж ойлгож байгаа. Гомдохын дээдээр гомдож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О миний нөхөр учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Охиноо алдсандаа харамсаж байна. Оршуулгын зардалд гарсан хохирлоо нэхэмжилж байна. Уг нт нэхэмжлэхгүй гэж бодож байсан ч шүүгдэгч гэмшсэн болох нь харагдахгүй байна. Замын эвдрэл олон жил болсон, хэргээс зугтах гэсэн арга болов уу гэж бодож байна. Гомдолтой байна” гэв.

 

Эрүүгийн 1803002560272 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.Мын: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн мөнгөлөг саарал өнгийн “Тоёото Пирус-20” маркийн -УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замаасаа ...ээж Д.Ч, төрсөн эгчийн охин Б.Н нарыг авч Замтын аманд амьдардаг аав З.Л дээр очих зорилгоор 361 дүгээр гармаас хойшоо 8 орчим километр асфальтан зам дээр буюу Тэмээтэй хөшөөний харалдаа замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 60 орчим километр цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалд явсан цагаан өнгийн “Ниссан Тиана” маркийн тээврийн хэрэгсэл сөрж орж ирэхэд нь баруун гар тал уруугаа дарсан боловч машины зүүн урд хэсэг рүү мөргөж, замын хажуу талын далан уруу унасан. Миний таван хавирга хугарсан, баруун талын өвдөгний зөөлөн эд гэмтсэн, толгой доргисон, зүүн гарны ар хэсэгт мэс заслын оёдол тавиулсан. Өөр гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Миний урд талд ямар нэгэн машин яваагүй. Замын хөдөлгөөн нилээн сэлүүхэн байсан. Маш их гомдолтой байна. Эрүүл мэндийн болон машинд учирсан хохирлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57-58/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-ийн: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд дүү Л.М ярьж “эгчээ би машин барьж яваад өөдөөс нэг машин ирж мөргөж, улмаар ээж, дүү хоёр амьсгалахгүй байна, та хурдан ирээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирсэн. Талийгаач маань миний төрсөн дүү Л.М-ын охин юм. Би маш гомдолтой байна. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Миний дүү Л.М нь талийгаач хүүхдээ бодож улмаар сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байгаа учраас миний зүгээс уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-102-103/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Лгийн: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай дүү Э залгаад 361-н гарамны зам дээр осол болсон ээж, Н хоёр машинаасаа гарч чадахгүй байна гэж хэлсэн. Ослын газар маш хурдан ирэхэд эхнэр Ч, зээ охин Н нар нас барсан байсан. Хүү М хүнд гэмтэл авсан, одоо хэвтэрт байна. Лангуу ажиллуулж гэр орноо тэжээдэг хүүхдүүдийгээ нааш цааш нь болгодог их л ажилсаг хүн байсан. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-113-114/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г-ын: “...2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед ...таны охин Г.МТөв аймгийн Баянчандмань суманд зам тээврийн осолд орсон. Одоо биеийн байдал нь маш муу байна гэж хэлээд яваад өгсөн. Би тэр даруй хүргэнийгээ гуйж машинтай Улаанбаатар хот уруу гарч ойролцоогоор 40-50 километр явж байтал З.Э утсаар холбогдож “таны охин өөд болчихлоо” гэж хэлсэн. 19 цагийн орчимд очиж Гэмтлийн эмнэлгээр орсон боловч З.Б нь тайвшруулах тариа хийлгэчихсэн сууж байсан. Ар гэрийнхнээс нь талийгаач охиныхоо шарилыг харах зорилгоор асуусан янз янзын өрөө зааж өгөх тоолонд нь тэр өрөөнүүдээр орсон боловч байхгүй байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн орсон. Охиныхоо шарилыг харах гэж хайж, хайж олоход Б овогтой М гэж тэмдэглүүлсэн байсан. Охин маань 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төрөх эмнэлэгт төрсөн. Миний охин сэргэлэн цовоо, архаг хууч өвчингүй. Миний бие 2015 онд З.Б-гаас салснаас хойш манайхаар болон З.Б-гийн төрсөн ээж О дээр байх болсон. Уг хэргийг үнэн зөвөөр хуулийнхаа хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байна. Миний зүгээс оршуулгын зардлыг нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-168-169/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бгийн: “...Би Т.Г-тай 2013 онд гэр бүлээ батлуулж, 2014 оны 4 дүгээр сарын 27-нд талийгаач охин Г.Мтөрсөн. 2015 онд Г бид гэр бүл салаад, шүүхээс охиныг минь надад өгсөн. Сүүлд Г.О-тай 2018 оны 1 дүгээр сарын 15-нд гэр бүл батлуулж, Сэлэнгэ аймагтаа бид нар амьдарч байгаад 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 сар хүртэл би Г.Отай Улаанбаатар хотод түр амьдарч байсан. Охин минь манай ээж О-тэй түр амьдарч байсан. Би 2018 оны 01 дүгээр сард Солонгос улс уруу 2 сар явсан. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирээд Сэлэнгэ аймаг уруу хүүхэд рүүгээ явсан. 25-ны өдөр Улаанбаатар хот уруу гэр бүлээрээ явж байгаад осолд орсон. Ослын талаар миний хувьд ямар нэгэн юм ярихгүй. Манай ээж Р.О-ийн гэрт буяны ажлыг хийсэн. Буяны ажлын зардлыг би болон манай гэр бүлийнхэн гаргасан. Т.Г хүүхэдтэйгээ уулздаг байсан. Т.Г надаас гуйгаад байхаар нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Буяны ажил болоход Г-ыг утсаар дуудуулж байж ирүүлсэн. Тэрээр талийгаачийг гаргахаас өмнөх өдөр нь л ирсэн, их мөнгө төгрөг гаргаагүй. Нөхөртөө гомдолгүй, уг хэрэгт санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-184/,

Иргэний хариуцагч О.Ш-ын: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Г.О утсаар холбогдож “Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр машин авах гэсэн юм, чи найздаа туслаад өгөх боломж байна уу” гэж асуухаар нь би очоод 3.6 сая төгрөгөөр түүнийг машин худалдаж авах болсныг мэдэж аваад гэрээ байгуулахад Г.О нь 3.6 сая төгрөгийг бэлнээр өгсөн боловч түүнд 1.5 сая төгрөг хэрэг болоод байна гэж хэлээд тухайн байгууллага дээр эргүүлж тавьсан. Ингээд би гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Тухайн машины зээлийг Г.О төлдөг. Тухайн үед түүнд тус болоод гэрээ байгуулж өгч машиныг нь авч өгсөн. Миний зүгээс Г.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би зөвхөн гэрээ байгуулж өгсөн болохоос биш түүний өөрийнх нь машин...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-173/,

Иргэний хариуцагч “Баянчандмань авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн төлөөлөгч Г.Гансүхийн: “Манай компани А 0401 дугаартай Улаанбаатар хотоос Дархан хот чиглэлийн Улаанбаатарын 19 дэх км шонгоос 176 дэх км шон хүртэл засвар арчлалтыг бүрэн хариуцаж ажилладаг. Улсаас жилийн төсвийг олгохдоо урьдчилгаа 30 хувийг 4 дүгээр сараас 5 сарын хооронд олгодог, үлдсэн зам засвар арчлалтын мөнгийг хийсэн ажлын гүйцэтгэлээр улсаас нөхөж авдаг. Зам тээврийн хөгжлийн яамтай тус гэрээг байгуулан ажилладаг. Би хэргийн газрын гэрэл зураг, схем зурагтай танилцлаа, манай хариуцсан замын Улаанбаатараас 43-аас 44 дэх километрийн зайд болсон осол байна. 2017 онд манайх нийт хариуцсан замын асфальт, бетон хучилтад үүссэн нөхөн эвдрэлийг бүрэн засварласан, уг ослын гэмтлийг харахад 2018 онд 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд авто замын хөлдөлт гэсэлтийн үед үүссэн шинээр үүссэн гэмтэл байна. Мөн 2018 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд улсаас санхүүжилт ороогүй, газар гэсэлтийн үе учраас асфальт бетон нөхөөс хийх боломжгүй үе байдаг. Манайх 2014 оноос хойш уг замыг хүлээж авсан, ер нь бол жил болгон хариуцсан замаа засдаг. Яг тухайн осол болсон замыг 2017 онд засварласан. Улстай гэрээ байгуулсанаар 1 жилийн баталгааг гаргаж засварласан. Гэхдээ тухайн зам нь өөрөө насжилт өндөр учир нөхөөс хийсэн газар эвдрэхгүй яг нөхөөсний хажуугаар дахин шинээр эвдрэл гэмтэл их үүсдэг. Би хохирогч нарын нэхэмжлэлтэй танилцана, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлж ажиллана” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-207/,

Гэрч С.Р-гийн: “Тухайн үед би жижүүртэй, дуудлаганд 103-н эмчийн хамт явж байхад “361-н гарам” 2 автомашин мөргөлдсөн хүн гэмтсэн талаар дуудлагад явж байгаад, дуудлагаас гэмтсэн хүн замын унаагаар эмнэлэг рүү явж байна гэхэд өнчин цагааны хажуугаас нэг эмэгтэй хүнийг хүүхэдтэй нь суулгасан. Замын унаа нь яваад өгсөн. Эмч хүүхдийг үзэхэд нас барсан байна гэж мэдүүлсэн. Би төвдөө холбогдож энэ талаар мэдэгдэхэд 102-д хандаж, шүүх  эмнэлэгт цогцос хүлээлгэж өгөөд ир гэж үүрэг болгосон. Тэгээд би өөрийн утаснаас 102-д хандсан, ослын газарт хүлээж байгаад Шүүх эмнэлгийн машинд цогцсоо өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-213/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.11-ний өдрийн 773 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач /Б.М/-ийн цогцост дагз ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, суурь ясны хөндлөн салсан хугарал, суурийн дунд хонхор ба дагз яс, баруун ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, турк эмээлийн салсан хугарал, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, зүүн уушгины уг ба доод дэлбэнгийн гялтан доорхи цус хуралт, эдийн няцрал, өвчүү яс, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эд, булчингийн цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацар, зүүн шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хууларсан шарх, цус хуралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал машины бүхээгт, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Талийгаач АII бүлгийн цустай байна. 4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 40 минутаас 15 цаг 40 минутын хооронд нас барсан байх боломжтой байна. /жижүүр эмчийн тэмдэглэснээр/ 6. Талийгаач шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаачийн цусанд спирт илрээгүй болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-215-217/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.13-ны өдрийн 774 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.5. Талийгаач /Б.Н/-ийн биед баруун чамархай, зулай ясны дарагдсан хугарал, баруун зулай ясны цөмөрсөн ба үйрч бяцарсан хугарал, зулай ба суурь ясны шугаман хугарал, суурь ясны дунд хэсгийн хөндлөн салсан ба ар хонхрын цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз болон бага тархины баруун тал бөмбөлөгийн аалзан доорхи тархмал, зүүн тал бөмбөлгийн дух, дотор хажуу хэсэг, баруун тал бөмбөлгийн дагз болон бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины хажуу ховдлын цус харвалт, хуйханд цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, элэгний эдийн няцрал, гол судас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн гадна хана дагасан цус хуралт, уушигны гялтан хальсны цус хуралт, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, дух, чамархай, хацар, эрүүнд зулгаралт, мөр, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй олон тооны шинэ гэмтлүүд учирсан байна. 3. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархи болон цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. Талийгаач цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. 7. Талийгаачин цусанд спиртийн агууламж илрээгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-225-228/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.04-ний өдрийн 772 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач Д.Чгийн цогцост хийсэн шинжилгээгээр толгой, цээж, хэвлий, нуруу, нугас, мөчдийн хавсаргасан олон гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Гэмтэл үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчин эмгэг тогтоогдсонгүй. 4. Д.Ч нь толгой, цээж, хэвлий, нуруу, нугас, мөчдийн хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Нас барсан хугацааг цогцост хийсэн анхны үзлэгээр тогтооно. 6. Талийгаач 2 дугаар бүлгийн цустай байна. 7. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ” гэжээ /1 дүгээр хавтас, хх-235-237/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.16-ны өдрийн 4845 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Мын биед олон хавирганы хугарал, баруун өвдөг, зүүн сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул ...журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-244/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.06.26-ны өдрийн 4053 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Nissan Teana” маркийн ****УБС дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй, тоормосны систем битүүмжлэл алдсан, жолооны механизм ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 7.Шинжилгээнд ирүүлсэн Nissan Teana маркийн ****УБС улсын дугаартай автомашин, “Toyota Prius-20” маркийн ***УБЯ улсын дугаартай автомашинууд зүүн талаараа таллан 65 градус өнцөг үүсгэн мөргөлдсөн байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-1-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.06.29-ний өдрийн 4085 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-20” маркийн ***УБЯ улсын дугаартай автомашины урд тал, зүүн хажуу талаар эвдрэл гэмтэлтэй тоормосны систем битүүмжлэл алдсан, жолооны механизм ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 7. Осол хэргийн материал болон шинжилгээнд ирүүлсэн 2 автомашины эвдрэл гэмтэл, хэв гажилтын хүчний чиглэлийг давхцуулж автомашины өргөний хэмжээнд тэнхлэгийн шугам татаж байрлалыг тодорхойлоход хоорондоо 65 градус өнцөг үүсгэж зүүн талаараа өөд өөдөөс харсан байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэжээ /2 дугаар хавтас, хх-18-33/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.06.05-ны өдрийн 526 дугаар дүгнэлтэд: “1.З.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.З.Б нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. З.Б нь гэмт хэргийн үйлдлийн үед өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. 3.З.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 4.З.Б сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Б нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.З.Б нь хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна. 6.З.Б нь сэтгэлийн гэмтлийн дараах  /стрессийн эмгэг/-ээр 2018.04.12-ноос 2018.04.30-ны хооронд хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-41-43/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд: “Техникийн /Toyota Prius 20 тээврийн хэрэгсэл/ эвдрэл, хохирлын үнэлгээгээр нийт 8.167.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-53-54/,

Мөрдөгчийн 2018.06.26-ны өдрийн 143 дугаар магадлагаанд: “1. Nissan Teana  маркийн ****УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Toyota Prius 20 маркийн ***УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 4. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-64-66/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.08.07-ны өдрийн 491 дүгээр дүгнэлтэд: “1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр бэхжүүлэн авагдсан 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэгийн байрлал, фото зургийн үзүүлэлтэд авагдсан 2 тээврийн хэрэгслийн мөргөлдөлтийн улмаас зорчих хэсэгт зурагдсан ул мөр, шороон хөвөөн дээрх шингэний цацагдсан үлдэц, зорчих хэсэгт хагарч үлдсэн эд анги хэсгүүдийн байрлал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, зорчих хэсэг дээрх нүхжилттэй болон хууларсан эвдрэлүүд, мөргөлдсөн 2 тээврийн хэрэгсэлд хйигдсэн ШШҮХ-ийн 2018.06.26-ны өдрийн 8345, 2018.06.29-ний өдрийн 4085 дугаар дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Ниссан Тиана маркийн ****УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж, өөдөөс явсан Тоёото приус маркийн ***УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үндэслэлтэй байна. 2. Тоёото приус маркийн ***УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Хэргийн газрын үзлэгээр зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газрын зорчих хэсэг тодорхой тооны нүхжилттэй болон хууларсан эвдрэлүүдтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт “зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн  зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хамжээ авна” гэж заасан байх тул тухайн зорчих хэсгийн эвдрэлийн байдалд замын хяналтын мэргэжлийн байгууллага, албан тушаалтан /байцаагч/-ы дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. 4. Ниссан Тиана маркийн ****УБС, Тоёото приус маркийн ***УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал зам тээврийн осол хэрэгт нөлөөлсөн эсэхэд шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийж буй техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй ба ШШҮХийн автотехникийн шинжилгээгээр мэргэшсэн шинжээч шинжлэх ухааны арга, аргачлал, хэмжих багаж хэрэгслийг ашиглан шалгах боломжтой систем, механизм, эд анги, хэсгүүдэд үзлэг ба шинжилгээг хийж, 2018.06.26-ны өдрийн 8345, 2018.06.29-ний өдрийн 4085 дугаар дүгнэлтүүдийг гаргасан байна” гэжээ /2 дугаар хавтас, хх-74-75/,

Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Зүүнхараа хотоос Улаанбаатар орохоор 361 дүгээр гарамын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 70 километр цагийн хурдтай явж байгаад замын эвдрэлийг баруун гар тал уруу дарж тойроод зүүн гар тал уруугаа дарсан боловч эсрэг урсгалд явсан хоёр Тоёото приус 20 маркийн машины нэгийг нь өнгөрөөгөөд нөгөө Тоёота приус 20 маркийн машинтай мөргөлдсөн. Тэгээд би үүнээс хойш юу ч санахгүй байна. Жолоочийн хажуу талын суудалд эхнэр З.Б нь охин Г.Мишээлийг тэврээд суусан байсан. Осол болохоос өмнө охин Г.Марын суудалд унтаж явсан. Гөлөг хуцах үед охин Г.Мсэрсэн. Тэгээд эхнэр З.Б охиныг өөр дээрээ авчихсан явсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Цаг агаарын байдал тогтуун, үзэгдэх орчин хэвийн, тэгш шулуун, хуурай, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 2 энгээ асфальтан зам байсан. Зам их хэмжээний эвдрэлтэй. ...Нийт 7.5 сая төгрөгийг барагдуулаад байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-87-88/,

Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-9-21/, тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-22-23/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-27-28/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-29-38/, З.Бгийн хүсэлт /1 дүгээр хавтас, хх-44-46/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.02-ны өдрийн 465 дугаар шийдвэр /1 дүгээр хавтас, хх-47-49/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-59, 115, 146, 185/, хохирогч Л.Мын хохирлын баримт /1 дүгээр хавтас, хх-62-70/, өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-86-92/, хохирогч Л.Мын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-95/, Л.Мын хүсэлт /1 дүгээр хавтас хх-96/, оршуулгын зардлын баримт /1 дүгээр хавтас, хх-121-145, 147-155/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн З.Бгийн хохирлын баримт /1 дүгээр хавтас, хх-186-201/, Замын цагдаагийн албаны албан бичиг /1 дүгээр хавтас, хх-202, 2 дугаар хавтас, хх-124/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-89, 101/, жолоочийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-90/, оршин суугаа газрын тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-99/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /2 дугаар хавтас, хх-102/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-103-104/, Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичиг /2 дугаар хавтас, хх-125/, иргэний хариуцагчтай холбоотой баримтууд /2 дугаар хавтас, хх-126-154/, шүүгдэгчээс хохирол төлсөн баримт /2 дугаар хавтас, хх-164-167/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтууд, Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэн Д.Туяацэцэг, Б.Л нарын тодорхойлолт, хохирол төлсөн баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч  Г.О нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гармын замд “Тайкун” ХХК-ийн эзэмшлийн “Nissan Teana маркийн ****УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж иргэн Л.Мын жолоодож явсан “Toyoto Prius-20” маркийн ***УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Ч, Б.Н, Г.Мнарын амь нас хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.Мын “...Тэмээтэй хөшөөний харалдаа замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 60 орчим километр цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалд явсан цагаан өнгийн Ниссан Тиана маркийн тээврийн хэрэгсэл нь сөрж ирэхэд нь баруун гар тал руугаа дарсан боловч машины зүүн урд хэсэг рүү мөргөж, замын хажуу талын далан руу унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57-58/, шүүхий эмнэлгийн шинжээчийн 773, 774, 772 дугаар дүгнэлтүүд /1 дүгээр хавтас хх-217, 227, 236/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4845 дугаар “1. Л.Мын биед олон хавирганы хугарал, баруун өвдөг, зүүн сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас х-244/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4053 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн “Nissan Teana” маркийн ****УБС дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй, тоормосны систем битүүмжлэл алдсан, жолооны механизм ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...7.Шинжилгээнд ирүүлсэн Nissan Teana маркийн ****УБС улсын дугаартай автомашин, “Toyota Prius-20” маркийн ***УБЯ улсын дугаартай автомашинууд зүүн талаараа таллан 65 градус өнцөг үүсгэн мөргөлдсөн байна” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-1-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4085 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-20” маркийн ***УБЯ улсын дугаартай автомашины урд тал, зүүн хажуу талаар эвдрэл гэмтэлтэй тоормосны систем битүүмжлэл алдсан, жолооны механизм ажиллахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...7. Осол хэргийн материал болон шинжилгээнд ирүүлсэн 2 автомашины эвдрэл гэмтэл, хэв гажилтын хүчний чиглэлийг давхцуулж автомашины өргөний хэмжээнд тэнхлэгийн шугам татаж байрлалыг тодорхойлоход хоорондоо 65 градус өнцөг үүсгэж зүүн талаараа өөд өөдөөс харсан байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-18-33/, шүүгдэгч Г.Оын “...Нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 70 километр цагийн хурдтай явж байгаад замын эвдрэлийг баруун гар тал руу дарж тойроод зүүн гар тал руугаа дарсан боловч эсрэг урсгалд явсан ...Тоёота приус 20 маркийн  машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-87-88/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 3 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, иргэн Д.Ч, Б.Н, Г.М нарын амь нас хохирсон, Л.Мын ***УБЯ улсын дугаатай тээврийн хэрэгсэлд 8.167.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирогч Л.Мын эмчилгээний зардалд 1.246.700 төгрөгийг, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 8.167.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гд оршуулгын зардалд 1.500.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, З.Л нарт  оршуулгын зардалд нийт 11.947.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бд оршуулгын зардалд 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй, төлсөн нь тогтоогдож байна.

Харин хохирогч Л.М цаашид гарах хохирол, хор уршгийн баримтаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, З.Л нар орон сууц, гараж засварлахад гарсан зардал 2.500.000 төгрөг, тэтгэврийн зээл 3.700.000 төгрөгтэй холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г оршуулгын зардалд өгсөн гэх 500.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтуудаа тус тус хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Шүүгдэгч Г.О хохирогч нарт баримтаар тогтоогдсон нотлох баримт бүхий нийт 27.856.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Түүнчлэн иргэний хариуцагч “Баянчандмань авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн хариуцдаг Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын Улаанбаатараас 43-44 километрийн зайд уг осол болж, уг хэрэг гарахад тухайн хэсэг замын асфальт, бетон хучилтад үүссэн нүхжилттэй болон хууларсан эвдрэлүүд нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл замын дээрх байдлын улмаас гарцаагүй зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн “Замын эвдрэлийг баруун тал уруу дарж тойрон гараад зүүн гар тал уруу дарсан боловч эсрэг урсгалд явсан машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-87/, шинжээчийн 4053, 4085 дугаар “...Автомашинууд зүүн талаараа таллан 65 градус өнцөг үүсгэн мөргөлдсөн байна” гэх дүгнэлт, зураг /2 дугаар хавтас, хх-1-16, 18-33/ зэргээр тогтоогдохгүй байх тул иргэний хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Г.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 7 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Амархүү “Хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар дээд хэмжээний хоёрны нэгээс ихгүйгээр ял оногдуулахыг хүсэж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Пүрэвсүрэн “Болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг байгаа. Хохиролд 27.8 сая төгрөг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус  дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эдийн хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /эсрэг урсгал сөрсөн, болгоомжгүй үйлдэл/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /3 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг /оршуулгын зардал болон эмчилгээний зардалтай холбоотой, түүнчлэн тээврийн хэрэгслийн үнийг нөхөн төлсөн/ тус тус харгалзан шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, З.Л нарын өмгөөлөгч Э.Амархүүгийн “Хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой...” гэх дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэг буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Оын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Оын жолоочийн В ангиллын 109*** дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ****УБС улсын дугаартай “Toyota Teana” маркийн тээврийн хэрэгслийн 015*** дугаар гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 3 хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Г.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Оад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Оад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Оын урьдчилан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хохирогч Л.М цаашид гарах хохирол, хор уршгийн баримтаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, З.Л нар барилгын ажлын 2.500.000 төгрөг, тэтгэврийн зээлийн 3.700.000 төгрөгтэй холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г оршуулгын зардалд өгсөн гэх 500.000 төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г, З.Б нарт төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт хураагдан ирсэн Г.Оын жолоочийн В ангиллын 1091081 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ****УБС улсын дугаартай “Toyota Teana” маркийн тээврийн хэрэгслийн 01559320 дугаар гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Оын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Л.БААТАР