| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0847/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/871 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/871
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808023621094 дүгээр хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хөшигийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ын Э/РД****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1808023621094 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Бийн: “2018 оны 5 дугаар сарын 05-ны 13 цагийн үед ажлаа тараад харих гээд явж байхад дэлгүүрийн үүдэнд нутгийн нэг залуу согтуу зогсож байсан. Би очиж уулзахад тэр залуу дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн архи авсан. Бид 2 архийг хувааж уугаад байж байхад надтай цуг явж байсан залуу тэр манай найз байна гээд Эрдэнэбатыг дуудсан. Бид 3 архиа хувааж ууж дуусаад худаг ороход хаалтттай байсан. Манай ажлаас ус авчихаад Энхээ гэх ахынд очоод бид дөрөв 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд би нилээн согтоод гэрээс гараад харих гэж байхад Энамайг нүүр рүү гараараа цохиод газар хэвтэж байхад өшиглөөд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай охин Нарангоо ирсэн салгаж баййсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.07-ны өдрийн 5907 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б-н биед нүүр, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун мөрөнд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/,
Шүүгдэгч Д.Э-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед гэрийнхээ ойролцоо газраас ус авах гээд морин тэрэгтэй явж байтал замд хөрш Бтэй тааралдсан. ...Дэлгүүрээс нэг шил архи аваад Энхээгийн гэрт очиж архиа ууж байтал Б нилээн согтсон. Энхээ гэртээ хариа гээд хэлтэл Б ах явахгүй гээд байхаар нь би гаргаж өгөх гээд гэрээс нь хамт гарсан чинь намайг хоёр гараараа боосон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдоод газар хамт унах үед би нүүрэнд нь гараараа цохиж хөлөөрөө цээж мөр хэсэгт нь жийж байж салсан. Бөд учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-40-43/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-46/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-50, 51, 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, хохирогчийн хүсэлт /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бийг зодож, түүний биед нүүр, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун мөрөнд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Бийн “2018 оны 5 дугаар сарын 05-ны ...өдөр согтоод гэрээс гараад харих гэж байхад Энамайг нүүр рүү гараараа цохиод газар хэвтэж байхад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5907 дугаар “1.Б.Б-н биед нүүр, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун мөрөнд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30/, шүүгдэгч Д.Э-ын “...Б ах явахгүй гээд байхаар нь би гаргаж өгөх гээд гэрээс хамт гарсан чинь намайг хоёр гараараа боосон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдоод газар хамт унах үед би нүүрэнд нь гараараа цохиж хөлөөрөө цээж мөр хэсэгт жийж байж салсан. Бөд учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-40-43/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирогчийн “Эмчилгээний зардалд 186.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-63/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг болон шүүгдэгч Партизанд амьдардаг, хотод ганцаараа явж чаддаггүй, газар мэдэхгүй байдлыг нь харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулна уу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан шүүгдэгч Д.Э-ыг 460.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Эурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л. БААТАР