| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0035/И |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух, Цагдаагийн Ерөнхий Газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын Үүд цагдаагийн хэсэгт цагдаа ажилтай Б овогт Э.Г-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2013 онд Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс ажилд орсон бөгөөд цагдаагийн алба хаагчаар ажиллах тушаал 2013 оны 02 сарын 04-ны өдөр гарч, цолоо авсан. Ингээд Төмөр замын Цагдаагийн Газрын Замын-Үүд дэх цагдаагийн хэсэгт цагдаагаар ирж ажилласан. 2016 оны 11 сараас өмнө аймаг, сумын төмөр замын цагдаагийн хэсэгт очиж ажиллахад албан ёсоор томилсон тушаал гардаггүй, даргын ам шийдвэрээр явж ажиллаж байсан юм. Замын-Үүд цагдаагийн хэсэг нь одоогийн байдлаар нэг хэсгийн төлөөлөгч, нэг байцаагч, 6 цагдаагийн орон тоотойгоор ажилладаг бөгөөд бид 7 хоногтой 1 удаа онлайнаар цагдаагийн газрын хуралд оролцдог, рапортыг ажил хүлээлцэх дэвтэрт бичдэг. Бидний цалин хөлсийг төвөөс нэгдсэн журмаар бодож, картаар олгодог. Төмөр замын Удирдах газар нь манай цагдаагийн газартай аль хэсэгтээ хэдэн цагдаа авч ажиллуулах талаар гэрээ хийж ажилладаг юм билээ. Миний хувьд Замын-Үүдийн цагдаагийн хэсэгт 5 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд төрөөс олгох урамшуулал авах гэхээр Төмөр замын Цагдаагийн хэлтэст ажилласан тушаалаас өөр орон нутагт ажиллуулахаар томилсон тушаал, шийдвэр байхгүй болохоор заавал шүүхээр тогтоолгох шаардлага гарч байгаа юм. Иймд намайг Цагдаагийн Ерөнхий газрын төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд хэсгийн цагдаагаар 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл ажилласныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Э.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд дэх цагдаагийн хэсэгт 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Э.Г нь 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд дэх цагдаагийн хэсэгт цагдаагаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох Э.Г-н 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 02 сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа авсан цалин хөлсийг олгосон талаарх цагдаагийн газрын дарга, нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий цалингийн карт,
Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн “ Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст ажиллах хүсэлт гаргасан Э.Г-г 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс хэв журмын гэрээт цагдаагаар томилж, цагдаагийн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулан дэд ахлагч цол олгосугай ” гэсэн 14 тоот тушаалын хуулбар,
Цагдаагийн ерөнхий газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн “ Тус газрын Замын-Үүд зангилаан дахь гэрээт цагдаа, цагдаагийн ахлагч Э.Г нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Замын-Үүд зангилаан дахь гэрээт цагдаагаар ажиллаж байна. Тухайн үед ахлагч Э.Г нь Замын-Үүд зангилаанд томилсон албан ёсны тушаалгүйгээр байгууллагын даргын аман шийдвэрээр 2016 он хүртэл ажилласан. Тус газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын Б/646 дугаар тушаалаар Төмөр зам дахь цагдаагийн газар болсонтой холбогдуулан цагдаагийн ахлагч Э.Г-г Замын-Үүд зангилаан дахь гэрээт цагдаагаар ажиллуулах албан ёсны тушаал гарсан болно” гэсэн 35/260 тоот албан бичиг,
2013 оны 02 сарын 22-ны өдөр Урд чиглэл Замын-Үүд дэд ахлагч Э.Г нь 20 цаг 50 минут холбогдож 2 хүн эрүүлжүүлж, нөхцөл байдал хэвийн гэж төмөр замын цагдаагийн газар мэдээ өгсөн бүртгэлийн хуулбар,
гэрч Ж.Д шүүхэд өгсөн “Би 2009 оноос Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхад Э.Г нь 2013 оны 02 сарын 01-ний өдөр цагдаагаар томилогдон ирээд Замын-Үүд дэх төмөр замын цагдаагаар ажиллаж байсныг мэднэ. Би өөрөө 2013 оны 05 сарын 08-ны өдөр Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс төмөр замын цагдаа руу томилогдож Замын-Үүд дэх төмөр замын цагдааг хариуцсан төлөөлөгчөөр томилогдож өнөөдрийг хүртэл Э.Г-тай хамтран ажиллаж байгаа. Э.Г нь Замын-Үүд сум дахь төмөр замын цагдаагийн хэсэгт тасралтгүй ажиллаж байна” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Г шүүхэд өгсөн “Би 2004 оноос хойш Замын-Үүд дэх төмөр замын цагдаагийн хэсэгт цагдаагаар одоог хүртэл ажиллаж байна. Э.Г Замын-Үүд өртөөний гэрээт цагдаагаар 2013 оны 02 сарын 01-нээс хойш томилогдон ирээд одоог хүртэл Замын-Үүд өртөөний цагдаагаар ажиллаж байна. Э.Г-н цалин хөлсийг Замын-Үүд өртөөнөөс гэрээний дагуу шилжүүлж, тэгээд төмөр замын цагдаагийн санхүүгийн албанаас цалинг нь шилжүүлдэг байгаа. Ер нь бол Төмөр замын цагдаа албан хаагчдаа яг тэнд энд гэж томилсон тушаал бичгээр гардаггүй аман томилгоогоор томилогдон ажилладаг. “ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Гэрч Ж.Б шүүхэд өгсөн “Би 2013 оны 01 сард Замын-Үүд өртөөнд нягтлан бодогчоор ажилд орж байсан. Мөн энэ үеэр Э.Г нь Төмөр замын цагдаагийн газрын харъяа Замын-Үүд дэх төмөр замын хэсэгт өртөө хариуцсан цагдаагаар ирж байсан. Үүнээс хойш тасралтгүй Замын-Үүдийн төмөр цагдаагийн хэсэгт одоог хүртэл ажиллаж байна. Замын-Үүд дэх төмөр цагдаагийн хэсэг нь нэг хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч 6 цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай байгууллагаас Замын-Үүд дэх төмөр замын цагдаагийн хэсгийн алба хаагчдын цалинг тогтсон дүнгээр бодоод Төмөр замын цагдаагийн газар руу явуулдаг. Манай байгууллагаас төмөр замын цагдаагийн албан хаагчидтай гэрээ нэг бүрчлэн гэрээ байгуулдаггүй юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Э.Г-г Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд дэх цагдаагийн хэсэгт 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б овогт Э.Г-г Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд дэх цагдаагийн хэсэгт 2013 оны 02 сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц