| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0866/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/892 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/892
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч М.Сансарсайхан,
хохирогч Ж.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808002961123 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Хайлаастын **дугаар гудамж,***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн А /РД:***/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын задгай тоотод хамтран амьдрагч Ж.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Дахиж ийм явдал гаргахгүй” гэв.
Хохирогч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгчтэй 6 жил хатран амьдарч байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Одоо хамт амьдарч байгаа” гэв.
Эрүүгийн 1808002961123 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ж.Ж-ын: “2014 оны 02 дугаар сарын 20-ны үед Б.А гэдэг залуутай танилцаад ...хамтран амьдарч эхэлсэн. ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Аын найзуудын шинэ жил болж намайг найзтайгаа хардаад нэг удаа алгадсан. Найзууд нь намайг өмөөрсөн чинь найзтайгаа зодоон хийгээд өндөрлөсөн. Бид хоёр тэндээс гараад автобусанд суугаад гэртээ харих замдаа үгээр өдөөд хөл гар уруу өшиглөөд яваад байсан. Гэртээ иртэл хашаанд оруулж байгаад зодсон. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь хөл гар өвдөөд байсан. Нөхөр надаас гуйгаад би цагдаад хандаагүй байсан чинь ээж намайг зодуулсан гэдгийг мэдээд цагдаад өгч намайг тэндээс авч гэртээ авчирсан. Ийм л асуудал болсон. А ер нь их хартай. ...А гуталтай хөлөөрөө хөл гуя уруу өшиглөж байхдаа гэмтэл учруулсан. Хүзүү эрүүний зулгаралтыг би өөрөө “амиа хорлоно” гэж уяагаар хоолойгоо боож байгаад зулгарсан гэмтэл. Надад Ааас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-18-20, 21-22/,
Гэрч Б.Ж-ийн: “...2014 оноос хойш охин Ж Атай танилцаад, хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Жыг найзуудтайгаа хардаж зодож эхлэх үед цагдаа нар ирээд болиулсан. Автобусанд хөлийг нь өшиглөөд явсаар байгаад гэртээ ирээд үргэлжлүүлж зодсон гэж охин надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.05-ны өдрийн 1066 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ж.Ж-н биед хүзүү, эрүү, зүүн тахимд зулгаралт, хоёр гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,
Шинжээч Б.Ганзоригийн: “Хохирогчийн хөлөнд учирсан 2 гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “Би Ж гэх хүүхэнтэй 2013 оноос хойш хамт амьдарч байгаа. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найзуудын шинэ жил болоод бид хоёр оролцсон. Бид хоёр шинэ жилээ тэмдэглээд тэнд хоносон. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өглөө би ганцаараа унтаж байхаар нь эхнэрээ намайг ганцааранг нь өрөөнд унтуулсан байна гээд бид хоёр маргалдсан. 19 цагт Ж дээр ирээд дахиад бид хоёр маргалдсан чинь манай найз Наранбаатар эхнэрийг өмөөрөөд, бид хоёр хоорондоо муудалцаад салцгаасан. Ж бид хоёр автобусанд суугаад гэр рүүгээ явсан. Автобуснаас буугаад явж байхдаа бид хоёр маргалдаад яваад байсан, би хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд гэрт очоод унтаж байсан чинь Ж гэрт байсан 1 шил архийг уусан байсан. Сэрээд харсан чинь Ж тоононы чагтаганаас өөрийгөө боогоод сандал дээр гарсан байхаар нь би болиулсан. Би Жыг зодсон үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-39-41/,
хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-47, 49, 50/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-52/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-53-63/, хохирогчийн хүсэлт /хх-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд хамтран амьдрагч Ж.Жыг зодож, эрүүл мэндэд зүүн тахимд зулгаралт, хоёр гуя, баруун шилбэны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.Жын “2014 оны 02 дугаар сарын 20-ны үед Б.А гэдэг залуутай танилцаад ...хамтран амьдарч эхэлсэн. ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А хардаад нэг удаа алгадсан. ...Хөл гар уруу өшиглөөд яваад байсан. Гэртээ иртэл хашаанд оруулж байгаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-18-20, 21-22/, гэрч Б.Ж-ийн “...2014 оноос хойш охин Ж Атай танилцаад, хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Жыг найзуудтайгаа хардаж зодож эхлэх үед цагдаа нар ирээд болиулсан. Автобусанд хөлийг нь өшиглөөд явсаар байгаад гэртээ ирээд үргэлжлүүлж зодсон гэж охин надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1066 дугаар “1.Ж.Ж-н биед хүзүү, эрүү, зүүн тахимд зулгаралт, хоёр гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27/, шинжээч Б.Ганзоригийн “Хохирогчийн хөлөнд учирсан 2 гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч Б.Аын “Би Ж гэх хүүхэнтэй 2013 оноос хойш хамт амьдарч байгаа. ...Би хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-39-41/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тодорхой орлого олдог нь нотлогдож байх тул торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Ар гэрээ тэжээдэг байдлыг нь харгалзан 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. 3 сарын хугацаанд төлнө гэж байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой” гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Аыг 470.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР