Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/902

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808021320894 дүгээр хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин цахилгаанчин мэргэжилтэй, “Ц” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Г /РД:***/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Чухаг хотхоны гадна иргэн Л.М-ийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 1808021320894 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.М-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим ...өөрийн “Приус-20” маркийн автомашин дотроо ганцаараа архи уугаад сууж байхад манай эсрэг талын байрны орцны эрэгтэй, эмэгтэй хоёр жижүүр байрнаасаа гараад явж байхаар нь дуудаад “цуг ууя” гээд хуваагаад ууж байтал архи дуусчихаар нь би эрэгтэй жижүүрт нь өөрийн Хаан банкийн виза картыг өгөөд кодийг нь хэлээд дэлгүүр лүү архи ус авхуулахаар явуулсан. Тэр эрэгтэй хүн буцаж ирээд надад карт өгсөн санаж байгаа. Тэгээд архи хувааж ууж байгаад би ухаангүй болсон байсан. Хаан банкны виза карт байхгүй болохоор нь интернет банкаар орж шалгахад 1.300 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан. Миний дансанд ойролцоогоор 1.000.000 төгрөг байсан тул өчигдөр цуг уусан жижүүрүүд картнаас мөнгө авсан байна гэж хардаад нөгөө хоёр жижүүр хүмүүсийн байранд нь очиж уулзаад “та нар хүн итгэж байхад яагаад хүний мөнгө авч байгаа юм” гэхэд “бид нар аваагүй” гэж хэлсэн. Орой нь нөгөө хоёр жижүүрийн байранд очиход нүүгээд явсан байсан. Миний картнаас 50.000 төгрөг, 40.000 төгрөг, 500.000  төгрөг, 390.000 төгрөг, нийт 980.000 төгрөг уншуулж авсан байна...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Яллагдагч Г.А-ийн: “...Г, М нар тэндээ үлдсэн. Би гэртээ 2 цаг гаруй байж байгаад эргээд гарахад нөгөө 2 архиа уугаад нилээд согтсон байсан. Манай байрнаас хойш 100 метр орчим яваад нэг байрны гадаа аваачиж тавьсан. Тэндээс Г шууд гэр лүүгээ явсан. М бид хоёр дэлгүүр ороод 1 шил архи, ундаа зэргийг бэлэн мөнгөөр аваад М “миний сэтгэл санаа тавгүй байна, хоёулаа энэ буудалд орж архи ууя” гээд бид 2 орж, архиа ууж байгаад М унтчихаар нь би гэртээ харисан. Гэр цоожтой, Г байгаагүй. Би гэртээ ороод удаагүй байхад Г орж ирээд “хоёулаа АТМ оръё” гэхээр нь 02:00 цагийн үед хамт Цамбагаравын бэлэн мөнгөний машинаас Г нэг карт хийгээд 500.000 төгрөг, дараа нь 380.000 төгрөг, нийт 880.000 төгрөг аваад буцаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-87-89/,

Шүүгдэгч Б.Гн яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шиг санагдаж байна. Хэрэг болдог өдөр саарал өнгийн Приус-30 маркийн автомашинаас нэг хүн дуудахаар нь очсон чинь манай байрны оршин суугч М ах “машинд суучих” гэхээр нь суусан чинь  нэг шил архи талдаа орсон байсан. “Ахын дүү хамт ууя” гээд архиа хуваагаад ууж дуусаад, бид хоёр дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн архи М ах карт уншуулж аваад эргээд бид машин дотор ороод уух гэж байсан чинь манай эхнэр хүрч ирээд гурвуулаа уусан. Тэгээд М надад Хаан банкийн картаа өгөөд кодыг хэлээд “миний дүү яваад нэг цэвэр ус аваад ир” гээд явуулахаар нь би ус авчирч өгөөд мөн картыг буцааж өгсөн. М нилээн муудсан байхаар нь би хэлэлгүй нөгөө картийг нь аваад буусан. Эхнэр А, М хоёр уугаад үлдсэн. Нөгөө авсан картаа уншуулаад дэлгүүрээс архи, ус, ундаа, тамхи аваад тэр хавьд байдаг хүмүүстэй уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ороход эхнэр байхаар нь цуг гараад такси бариад Цамбагаравын автобусны буудал дээр байдаг АТМ буюу бэлэн мөнгөний машинаас эхлээд 590.000 төгрөг, залгуулаад 300.000 төгрөг авсан. М-ийн карт гэдгийг Адъяа мэдээгүй. Адъяа энэ мөнгөнөөс хамт үрэлцээгүй. Эхнэр унтсан хойгуур нь би гарч манай тэр хавиар байдаг архи уудаг танихгүй хүмүүстэй нийлж архи ууж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-76-79/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, хөдөлмөрийн гэрээ /хх-63-66/, хохирлын 300.000 төгрөг төлсөн баримт /хх-68/, “Цагдуултайн ундрага” ХХК-ийн тодорхойлолт /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны гадна иргэн Л.Мийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч  Л.Мийн “...Миний картнаас 50.000 төгрөг, 40.000 төгрөг, 500.000 төгрөг, 390.000 төгрөг, нийт 980.000 төгрөг уншуулж авсан байна...” гэх мэдүүлэг /хх-9-10/, Г.А-ийн яллагдагчаар өгсөн “...Г орж ирээд “хоёулаа АТМ оръё” гэхээр нь 02 цагийн үед хамт Цамбагаравын бэлэн мөнгөний машинаас Г нэг карт хийгээд 500.000 төгрөг, дараа нь 380.000 төгрөгийг, нийт 880.000 төгрөг аваад буцаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-87-89/, шүүгдэгч Б.Гн “...Бэлэн мөнгөний машинаас эхлээд 590.000 төгрөг, залгуулаад 300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-76-79/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мид 980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Өөрт учирсан хохиролд 300.000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлыг гаргуулж авмаар байна” гэж шүүхэд мэдэгдсэн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчээс 680.000 төгрөгийг 1 /нэг/ сарын гаргуулж, хохирогч Л.М /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамж, 36 тоотод оршин суух, РД:ЧИ72032818/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Г гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирлоос 300.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар согтуурсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хохирлоос 300.000 төгрөг төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Б-н Гг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ггаас 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Л.М /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** дүгээр гудамж*** тоотод оршин суух, РД****/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР