Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/909

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Б.Нямбат,

хохирогч Ш.М,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808026511015 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 37 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Бага нарангийн *** тоотод оршин суухй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Ц /РД:***/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өс” нэртэй караокены газарт иргэн Ш.Мийн нүүр лүү караокены өрөөний мөнгө нэхлээ гэх шалтгаанаар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 18-нд танилтайгаа таараад “Өрнөх хас” караоке орсон. Дуулбал 5000 төгрөг өгнө, дуулахгүй бол мөнгө өгөхгүй гэж яриад тусгай өрөөнд орсон. Гарахад удаан суулаа гээд 5000 төгрөг нэхсэн. Надтай цуг явсан хүүхэн согтсон байсан, тэгээд маргалдсан. Тэнд үйлчлүүлж байсан залуу намайг цохиж унаган шал мөргүүлсэн. Миний цүнхийг булааж авсан. Би энэ эгчийг цохисон байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой 17 цагаас хойш 2 эмэгтэй орж ирсэн. Шууд тусгай өрөөнд орсон. Намайг дуудаж байна гэхээр нь очтол 1 цаг, 1 шил архи, 2 ус авъя гэсэн. Өмнө нь манайхаар 1-2 удаа үйлчлүүлж байсан хүмүүс байсан. Тэгээд унтаж байтал текен дээр маргаан болоод байсан. Тооцоогоо хийчихсэн гээд хараагаад байсан. Шүүгдэгч цүнхээ ухаж байснаа “Мөнгө байна, өгөөгүй байсан байна” гээд тооцоо хийхээр болсон. 15.500 төгрөг гарч ирсэн. Нийт тооцоо нь 22.000 төгрөг болсон, нэг хундага хагалсан учраас 3000 төгрөг нэмээд нийт 25.000 төгрөг төлөхөөр болсон. Намайг зөндөө харааж доромжилсон. Дараа өгөөрэй яв гэхэд нөгөө эмэгтэй нь гараад явсан. Шүүгдэгч над руу ариун цэврийн цаас шидсэн чинь нүүр оносон. Уг цаасыг аваад өндийтөл цохисон. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.   

 

Эрүүгийн 1808026511015  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Мийн: “2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр караокедоо охин С, үйлчлэгч Д нарын хамт байхад 16 цагийн орчимд 2 хүүхэн орж ирээд вип өрөөнд орсон. Тус өрөөнд манай охин С оруулсан чинь эзнээ дууд гэж хэлсэн байсан. Би тэгээд өрөөнд нь орсон чинь надтай юм яриагүй 1 шил 0.5 литрийн Хараа архи, 2 ус авъя” гээд караокены 1 цаг хийлгэсэн. Тэр хоёр караокены цаг дуустал өрөөнөөсөө гараагүй дуулаад архиа уугаад байсан. Хүмүүс шаагилдаад хараал, хэрүүл хийгээд байхаар нь би амрах өрөөнд чагнаад хэвтээд байсан чинь вип өрөөнд орсон хоёр хүүхэн тооцоогоо хийсэн хийгээгүй гээд хэрүүл хийгээд байхаар нь би гарч юу болсон юм, яагаад байгаа юмгэсэн чинь тэр 2 хүүхэн манай охиныг элдвээр хэлээд хараагаад байсан. Миний нүд рүү цохидог хүүхэн цүнхээ ухаж байсан энэ лаларууд аваагүй байна шдээ. Мөнгө байна гэхээр нь би охин руугаа мөнгийг нь авчихаад гаргаарай гэж хэлээд амрах өрөө рүү орсон. Тэр 2 хүүхэн шилэн хундага хагалаад нийт 25.500 төгрөгийн тооцоотой болсон. 15.500 өгөөд 9500 төгрөг дутсан гэсэн. Тэгээд хоёр хүүхэн ширээн дээр сууж байгаад хүн дуудаж тооцоо хийнэ гээд байсан. Хажуу ширээний ганцаараа яваа залуутай маргалдсан. Би болиулаад та хоёр хааяа орж ирдэг юм чинь дараа орж ирэхээрээ өгчих, одоо яв гэж хэлсэн чинь бүдүүн хүүхэн нь ашгүй муу лаларын авгай чинь зайл гэж байна, ашгүй гээд гараад явсан. Нэг хүүхэн нь үлдэхээр нь би чи яв аа, дараа орж ирэхээрээ мөнгө өгөөрэй гэж хэлсэн чинь л текэн дээр байсан 00 цаасыг аваад над уруу шидэхээр нь би 00 цаасыг тонгойж аваад боссон чинь миний нүүр рүү гараараа цохиод, дахиад цохих гэсэн чинь 1 номерын ширээнд сууж байсан залуу босож ирээд барьж аваад чи одоо яаж байна, ээж шигээ хүнийг би бол энэ хүнийг ээж шигээ хүндэлж байна гээд юм ярьж байсан чинь дахиад миний нүүрэн дундуур алгадаад авсан. Тэр хүүхнийг яв гээд 1 номерын ширээнд сууж байсан залуу гаргах гэж байсан. Миний нүд хавдсан байхаар нь би тэр хүүхний цүнхийг булааж аваад чи яв. маргааш ирж цүнхээ аваарай гэж хэлсэн. Тэр үед гаднаас нөхөр нь орж ирээд шууд цүнхийг нь авах гээд надаас булаах гэхээр нь би эхнэрийн чинь цүнхнээс юу ч авахгүй, маргааш надтай ирж уулзаарай, миний нүд гэмтсэн байна гэсэн чинь нөхөр нь ойлгоод тэр хүүхнийг авч явах гэсэн чинь уурлаад орилоод агсраад...байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-32/,

Гэрч П.Д-ийн: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд 2 хүүхэн орж ирээд 1 номерын “Вип өрөөнд ороод 1 цаг, 0.5 литрийн “Хараа архи авсан. Тэр хоёр хүүхний цаг нь дуусаад нэлээн удсны дараа өрөөнөөсөө гараад текен дээр очиход С тооцоогоо хий гэсэн чинь тарган хүүхэн нь тооцоогоо хийчихээ биз дээ пиздаа нараа гээд байсан. М өрөөнөөс гараад ирсэн. Бор цувтай хүүхэн нь тооцоогоо хийсэн. Мөнгө нь дутаад зааланд суугаад байсан. М тооцоогоо дараа орж ирэхээрээ өгчих гэж хэлсэн чинь бор цувтай хүүхэн нь текен дээр байсан 00 цаасыг аваад нүүр рүү нь шидээд 00 цаасыг авах гэж байхад нь дахиад нэг удаа гараараа нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Гэрч Ц.С-йн: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны 16 цагийн орчимд 2 хүүхэн орж ирээд 1 номерын өрөөнд цагаа дуусгаад хоорондоо юм яриад нэлээн удаан өрөөндөө суусан. Тэр хоёр явлаа гээд гарахаар нь би “тооцоогоо хий” гэж хэлсэн чинь тооцоогоо өгсөн гэж хэлээд намайг бор шаргал өнгийн цувтай хүүхэн нь ...элдвээр доромжлоод байхаар нь би “та цүнхэн дэх юмаа үзчих, шалгаад үзчих” гэж хэлсэн. Тэр хүүхэн надад 15.500 төгрөг өгөөд “үлдэгдэл тооцоог хүн ирж өгнө” гээд тэр хоёр заалны ширээн дээр суугаад хүлээсэн. Эрээн цамцтай хүүхэн нь “энэ авгайг зодоод гарсан ч араас нэхэх хүн байхгүй юм байна лээ” гээд яриад байсан. Тэгсэн чинь бор шаргал цувтай хүүхэн над уруу хандаж “хөөе гичий, энэ заалны караокегоо асаагаадах, би бүжиглэнэ” гэж хэлсэн. Би заалны микрофон эвдэрсэн, заал ажиллах болоогүй” гэсэн чинь намайг бас л элдвээр хараагаад байсан. Манай ээж амралтын өрөөнд амарч байснаа гарч ирээд “та нарыг ийм хүн гэж бодсонгүй, тооцоогоо дараа ирж хий, одоо ингээд яв” гэж хэлсэн чинь эрээн цамцтай хүүхэн нь “өө ашгүй” гээд түрүүлээд гараад явсан. Бор шаргал үстэй хүүхэн нь манай ээжтэй хэрэлдээд “пизда, авгай намайг тооцоогоо хийхгүй гэж бодоод байгаа юм уу” гээд гарч явснаа эргэж хараад текен дээр байсан 00 цаасыг аваад ээж рүү шидээд, “чамайг алсан ч яадаг юм яршиг л байна” гээд ээжийн нүүр рүү гараараа цохисон. Тэгээд ээжийг заамдаад тавихгүй байсан чинь зааланд сууж байсан манайхаар байнга орж ирдэг нэг залуу залуу босч ирээд салгаад, тэр үед нь нөхөр орж ирээд авсан” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэрч Г.Б-ын: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхнэр караокед ажиллаж байсан. Хадам ээж М нүдээ хүнд цохиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-39/,

Гэрч Ц.Н-йн: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хуучны танил Цтай уулзаад “Ө” кароакед орсон. Ц бид хоёр уг караокены жижигхэн өрөөнд ороод 1 шил 0.5 литрийн архи уусан. Бид хоёр юм ярьж сууж байгаад архиа ууж дуусгаад тооцоо хийсэн чинь 5000 төгрөг дутаад Ц картаа уншуулна гээд үлдсэн. Миний ажлын цаг болоод миний шалгах ёстой автобус Толгойтын эцэс дээр ирээд би гараад явсан. Намайг гарах үед ямар ч хэрүүл маргаан болоогүй байсан. Маргааш өглөө нь Ц намайг цагдаа дээр дуудаж байна өчигдөр кароакед хэрүүл маргаан болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.05.23-ны өдрийн 6470 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ш.Мийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь 2018.05.18-нд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-46/,

Шүүгдэгч Э.Цын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би танил Нарантуяа гэдэг хүүхэнтэй хамт “Өрнөх хас” караокед 17 цагийн орчимд орсон санагдаж байна. Вип өрөөнд 1 цаг аваад 1 шил 0.5 литрийн архи, 2 ус захиалж авсан. Зөөгч хүүхэнд дуулуул караокены өрөөний мөнгийг өгнө, дуулахгүй бол өгөхгүй гэж тохирсон байсан. Бид хоёр дуулаагүй, авсан архиа уучихаад нээх удаагүй гараад тооцоогоо хийх гэсэн чинь вип өрөөний 5000 төгрөг нэмж нэхсэн. Н түрүүлээд гараад явсан байсан. Караокены хүмүүс намайг бариад үлдсэн. Н манай нөхрөөс менгө авах гэж гарсан байсан. Намайг явуулахгүй, тавихгүй элдэвээр хараагаад байхаар нь би караокены эзэн авгайн нүүр рүү гараараа цохисон. Би Мөнгөнчимийг цохисон үйлдлээ буруу гэдгийг ойлгож байна. Мийг надаас өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-59/,

хохирлын баримт /хх-8, 17-18, 45/, гэрэл зураг /хх-19-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-29/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-49/, цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас /хх-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-61/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-63/, хохирол төлсөн баримт /хх-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СД дээр бичигдсэн бичлэгийг үзэж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ц согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” караокены газарт иргэн Ш.Мтэй “өрөөний мөнгө нэхлээ гэх шалтгаанаар маргалдан гараараа нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ш.Мийн “...00 цаасыг аваад над уруу шидэхээр нь би 00 цаасыг тонгойж аваад боссон чинь миний нүүр рүү гараараа цохиод, дахиад цохих гэсэн чинь 1 номерын ширээнд сууж байсан залуу босож ирээд барьж аваад ...байсан чинь миний нүүрэн дундуур алгадаад авсан...” гэх мэдүүлэг /хх-32/, гэрч П.До-ийн “...М тооцоогоо дараа орж ирэхээрээ өгчих гэж хэлсэн чинь бор цувтай хүүхэн нь текен дээр байсан 00 цаасыг аваад нүүр рүү нь шидээд 00 цаасыг авах гэж байхад нь дахиад нэг удаа гараараа нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/, гэрч Ц.С-ийн “...Бор шаргал үстэй хүүхэн нь ээжтэй хэрэлдээд текен дээр байсан 00 цаасыг аваад ээж рүү шидээд, “чамайг алсан ч яадаг юм яршиг л байна” гээд ээжийн нүүр рүү гараараа цохисон. Тэгээд ээжийг заамдаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-38/, гэрч Ц.Н-ийн “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хуучны танил Цтай уулзаад “Өрнөх хас” караокед орсон, 1 шил 0.5 литрийн архи уусан. ...Маргааш өглөө нь Ц намайг цагдаа дээр дуудаж байна өчигдөр караокед хэрүүл маргаан болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 6470 дугаар “1.Ш.Мийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-46/, шүүгдэгч Э.Цын “...Вип өрөөнд 1 цаг аваад 1 шил 0.5 литрийн архи, 2 ус захиалж авсан. Намайг явуулахгүй, тавихгүй элдвээр хараагаад байхаар нь би караокены эзэн авгайн нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-59/, гэрэл зураг /хх-19-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-29/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч 234.700 төгрөгийн төлбөр хэрэгт авагдсан баримтаар /хх-8, 17, 18, 45/ тогтоогдсон бөгөөд шүүгдэгч 235.000 төгрөг төлсөн /хх-75/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч “Гэмтлийн улмаас хэд хоног ажилгүй байсан, мөн эдийн засгийн хувьд хохирсон тул нэхэмжилнэ” гэж байгаа боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, түүнчлэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Ц ажил эрхэлдэг гэх боловч энэ талаар тодорхой баримтгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан баримттай хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохиролд 235.000  төгрөг төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэггүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР