Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2020/0021/з |
Дугаар | 02 |
Огноо | 2021-02-09 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОАЗД-д холбогдох
“ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжийн хавсралтын 13 дахь хэсэгт иргэн Д.Г-д 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2020/0021/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, шинжээч Г.Э, З.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.С нь 2014.12.31-ний өдрийн А/696 тоот ОАЗД-ын захирамжаар 170 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших болсон. Эзэмшсэн газартаа амины орон сууцаа 2017 онд барьж дуусгасан ба одоо болон бохирын дулааны шугамын холболт хийгдэх гээд хүлээгдэж байгаа билээ. 2020 оны 09 сарын 02-ны өдөр хэсэг хүмүүс ирээд миний амины орон сууцтай маань тулгаад цагаан гурилаар газар хүрээ татаад эхэлсэн ба ямар учиртайг дээрх хүмүүсээс асуухад ОАЗД-ын захирамжтай амины орон сууцны зориулалтаар газар эзэмшиж байна гэсэн ба хэн гэж хүн уг газрыг эзэмшиж байгааг асуухад огт хэлээгүй ба хүний эрх рүү халдлаа шүүхээр явж хэн болохыг нь мэдэхгүй юу гээд газар дээр хүрээгээ татаж, газар ухаж эхэлсэн. Ингээд Аймгийн захиргаа орж дээрх газрыг хэнд, хэзээ эзэмшүүлсэн талаарх захирамж байгаа эсэх, байгаа бол хуулбарлан авахыг хүсэхэд хувь хүний нууц учир шүүхээр гаргуулж ав гээд өгөөгүй.
Уг газрыг эзэмшиж байгаа гэх этгээд нь амины орон сууцны гараашийн хаалганы орц гарцыг хааж, газарт хүрээ татаж газрыг ухсан ба бохирын болон дулааны шугам холбох газрыг мөн хүрээлж, газрыг ухсан. Бусдад эзэмшүүлсэн гэх уг газар нь анхнаасаа орон сууцнуудын дундуур автомашины хөдөлгөөн болон явган хүний орох, гарах гарц төлөвлөгдсөн бөгөөд уг газарт амины орон сууцны зориулалтаар бусдад эзэмшүүлэх төлөвлөгөө байгаагүй.
Энэ талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргахад хуулийн хугацаа болоогүй гээд хариу өгөөгүй бөгөөд ажилтан уг газарт 270 м2 газрыг бусдад эзэмшүүлэхээр шинээр төлөвлөж өгсөн байна, захирамжийн хувийг таньд өгөх боломжгүй, таны гараашийн хаалгыг хааж орох гарах боломжгүй болгосон байгаа нь үнэн байна. Таны эрх ашигт халдсан байна, гэхдээ та шүүхээр явж шийдүүл бид эзнийг хэлэх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Ингээд дээрх газрыг эзэмшүүлсэн гэх захирамжийн дугаарыг хэлж өгсөн ба уг дугаарын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим мэдээллийн сангаас татаж үзэхэд хавсралт нь байхгүй захирамж тавигдсан байсныг хуулбарлан авсан...” гэв.
Хариуцагч ОАЗД-ын орлогч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ж.С-т ОАЗД-ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/696 дугаар захирамжийн хавсралтын 3 дугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоот амины орон сууцны зориулалтаар 170 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгч иргэн Ж.С-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоот амины орон сууцны зориулалтаар 170 м.кв эзэмшиж буй газрын баруун талд иргэн Д.Г-д ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 захирамжийн хавсралтын 13 дугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 11 дүгээр хорооллын А хэсэгт амины орон сууцны зориулалтаар 270 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Иргэн Ж.С-ын амины орон сууцны 170 м.кв газартай иргэн Д.Г-ын амины орон сууцны зориулалттай 270 м.кв газар нь давхцалгүй, инженерийн шугам сүлжээний тенхикийн нөхцөлийг олгохдоо хангагч байгууллагаас гаднах шугам сүлжээний трасс болон ажлын зургийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай зөвшилцөөгүй болно. Иргэн Ж.С-ын амины орон сууцны эскиз зургийг аймгийн Ерөнхий архитектороор батлуулсан байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Миний бие гаргасан гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.Иргэн Ж.С-ын гаргасан гомдлын 2020.09.02-ны өдөр “Миний амины амины орон сууцтай маань тулгаад цагаан гурилаар газар хүрээ татаад эхэлсэн ба ямар учиртайг дээрх хүмүүсээс асуухад ...” гэдэгт ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжаар олгогдсон 270 м.кв газрыг хэмжилт хийх ажил хийж тухайн кадастрын зургийн 4 цэгийн дагуу хэмжилт хийлгэсэн. Хэмжилт хийлгэхэд 4 цэгийн зүүн талын өмнөх цэгээс зүүн талын хойд цэгийг дайруулан хэмжилтээр үзэхэд иргэн Ж.С-ын хашаа /2 үе угсармал хашаа/ надад олгосон газар дээр барьсан байсан. Кадастрын зургийн нэг цэгийг олоход 35,000 төгрөг байдаг учир тухайн үед замаск авчирч кадастрын зургийн дагуу газарт цацаж тэмдэглэгээ хийсэн. Энэ нь Ж.С-ын хашааны дотор цэгүүд байсан учир хашаанд орж кадастрын цэгийн дагуу тэмдэглэгээ тавьсан. Энэ нь хууль зөрчсөн болон иргэн Ж.С-ын тав тух, эд хөрөнгөд халдсан, тийм үйлдэл болоогүй.
2.Мөн миний бие Д.Г иргэн Ж.С-ыг үгээр доромжилон шүүхээр яв гэсэн үг хэлээгүй ба анх Ж.С-тай уулзсан газар нь аймгийн Газрын албаны даргын өрөөнд уулзсан.
3.Иргэн Ж.С-ын гаргасан гомдлын дагуу дулааны шугам холболтыг хааж олгосон гэдэгт тухайн 52 тоот айл нь дулааны шугамын техникийн нөхцөл аваагүй, Эрдэнэт ус болон холбогдох байгууллагууд дээр бичиг баримтын бүрдүүлэлтийн явцтай байгаа бөгөөд Ж.С-ын 52 тоотод байрлах байшинд одоогоор хүн амьдардаггүй.
4.Мөн иргэн Ж.С-т 2014.12.31-ний өдрийн А/696 тоот захирамжаар олгосон 170 м.кв газарт олгосон газраас илүү гаргаж байшин, хашаа барьсан байдаг. Үүнийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх, байшин болон хашааг буулгах, татуулах хүсэлтэй байна.
5.Мөн манай хадам аав, ээж 2 манай хүргэний газрын хажууд хүмүүс байна хажуугаар нь харья гээд очтол иргэн Ж.С нь үг хэлээр доромжлон, та нарыг байшин барихыг чинь харья, хахууль өгдөг гэр бүл гэж хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжилсон байсан нь настай хүмүүсийг сэтгэл санаагаар хохироож улмаар тухайн газарт байшин барихгүй дэмий, хэлтэй амтай хүн байна гэх мэтээр сэтгэлээр унасан байсан нь надад гомдолтой байна. Үүнээс болж гэр бүлийн уур амьсгал одоо хүртэл муудаж, байнга хэрүүл маргаантай байна.
6.Иргэн Ж.С-т би өөрийн биеэр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дарга Д.Ц-ийн өрөөнд хэлсэн “Би залуу хүн, олон жил энэ хотдоо амьдарна, хэл ам хийж, хэрүүл тэмцэл хийгээд хэрэггүй биздээ эгчээ, гаражийн чинь хаалгыг хаах гээд байгаа юм бол би машин орох гарах хэмжээний газар өөрийн эзэмшлийн газраасаа танд өгье, надад татгалзах зүйл алга, олон жил хөрш саахалт айл явна, цаашлаад хамтраад дулаан, усаа цуг татая эгчээ” гэж хэлсэн. Хариуд нь иргэн Ж.С- “та нар битгий давар, хахууль өгч газар авсан, би Д.Б-ыг УИХ-ын гишүүн болгож байхад та нар яагаад ингээд байгаа юм” гэх мэтчилэн үгээр доромжилж намайг хахууль өгсөн гэж гүтгэн доромжилж эхэлсэн. Ц дарга болон түүний албаны хуулийн мэргэжилтэн, миний бие Д.Г, Ж.С нар тухайн үед байсан бөгөөд ямарч тохиролцоонд хүрээгүй.
7.Иргэн Ж.С-ын гомдолдоо бичсэн дулааны шугам нь надад олгосон газраар явахгүй бөгөөд гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна...
Иймд:
1.Иргэн Ж.С-т 2014.12.31-ний өдрийн А/696 тоот захирамжаар олгосон 170 м.кв газарт олгосон газраас илүү гаргаж байшин, хашаа барьсан байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж байшин болон хашааг буулгах, татуулах хүсэлтэй байна. 170 м.кв газарт тийм том хэмжээний байшин, хашаа барих үндэслэл байхгүй.
2.Иргэн Ж.С-ын гомдолдоо бичсэн дулааны шугам нь надад олгосон газраар явахгүй бөгөөд гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.Мөн хадам аав, ээж болон намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон учир уучлалт гуйлгах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар бол нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан газар байгаа. Тухайн хоосон байгаа газар нь орох, гарах гарц биш. Инженерийн шугам сүлжээ, холбох ч газар биш юм. Г-д 2020 оны 04 сарын 29-ны өдрийн А/286 захирамжаар 270 м2 газрыг амины орон сууц барих зориулалтаар олгосон. Газрын тухай хуульд аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар баримтлах заалт, бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Мөн Газрын тухай хуулийн 29.1 дэх хэсэгт “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасан. Энэ заалтуудыг үндэслэж 2020 оны 04 сарын 29-ны өдөр амины орон сууцны зориулалтаар 270 м2 газрыг Д.Г-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч 11 хорооллын А хэсгийн эскиз зургийг батлуулсан байсан. Тус иргэн 2018 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д техникийн нөхцөл гаргуулахаар хандсан. Техникийн нөхцөл дээр тавигдах шаардлага гэж байдаг. Үүнд инженерийн шугам сүлжээний асуудал бий. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай цэвэр, бохир усны шугамын асуудлаар тохиролцох гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу манай байгууллагатай тохиролцоогүй. Техникийн нөхцөл 2 жилийн хугацаанд хүчинтэй. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-тай дулаан хангамжийн талаар 2018 оны 04 сарын 13-ны өдөр техникийн нөхцөл №ЭУ-18/032-А, “Эрдэнэт Ус” ДТС-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Техникийн нөхцөл №18/А/052 байгуулсан байсан. Эдгээр нь 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдөр хүчинтэй хугацаа дууссан.
Мөн Барилга, хот байгуулалтын яамны барилгын зураг төслийн магадлалын үндсэн дүгнэлтийг 2020 оны 10 сарын 07-ны өдөр 1838/2020 гэсэн дүгнэлтийг мөн гаргуулсан байна. Хавтас хэрэгт авагдсан Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас ирүүлсэн баримт нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил хашааны урд нүүрэн талаар инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхээр төлөвлөгдөж батлагдсан байна. Иргэн Д.Г-д олгогдсон 270 м2 газрын холбогдох хэсэг Ч гэдэг хүний нэр дээр байхгүй гэдгийг би албан ёсоор тус шүүхэд холбогдох материалыг хүргүүлсэн байгаа” гэв.
Гуравдагч этгээд Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд тухайн газрыг хууль ёсоор эзэмшсэн гэж бодож байна. Залуу хүмүүс гал голомтоо бадраахын тулд байшин бариад хөрш болоод байя гэж газрын албаны даргын өрөөнд би өөрийнхөө газраас хасаад өгье гэж ярилцсан боловч эгч зөвшөөрөөгүй. Тэгээд ийм байдалд хүрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй“ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Ж.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хорооллын А хэсгийн 52 тоотын хажууд гаражийн хаалга болон бохир, дулааны шугамын холболтыг хааж олгосон 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судаллаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж харагдаж байна. Шинжээч нарыг оролцуулж, тайлбарыг сонслоо. Шинжээчийн дүгнэлтийн 1-рт: Ж.С-ын 11-р хорооллын А хэсгийн 52 тоотын 170 м2 газар нь иргэн Д.Г-ын А/286 захирамжийн дагуу олгосон 270 м2 газарт кадастрын зургаар ямар нэгэн давхцал байхгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Солбицол давхацсан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага ч гэсэн давхцалын асуудал яриагүй.
Нэхэмжлэлийн шаардлага орох, гарах гарцыг хааснаас энэ хүнд хохирол учирч байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаж байгаа гол асуудал нь энэ байгаа юм. Мөн шинжээчийн дүгнэлтийн 3-рт: иргэн Ж.С-ын гаражийн хаалга ертөнцийн зүгээр баруун хойд талдаа гарц баригдсан байх ба ОАЗД-ын 2020 оны 04 сарын 29-ны өдрийн А286 тоот захирамжаар иргэн Д.Г-д олгогдсон 270 м2 газар иргэн Ж.С-ын баруун талд зэрэгцэн олгогдсон. Иргэн Ж.С-ын гараж руу орох, гарах гарцыг хаасан гэсэн дүгнэлт байгаа. Мөн тус гаражийн хаалгыг хааж газар олгосон иргэн Ж.С гаражаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох эрсдэлтэй гэсэн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтүүдээс үзэхэд иргэн Ж.С-ын эрх, ашиг хөндөгдсөн, энэ нь зөвхөн шинжээчийн дүгнэлтээс гадна бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Д.Г-аас нэхэмжлэгч асуусан. “Танд эзэмшүүлсэн газар нь төлөвлөлтөд орсон уу? Энэ талаар нотлох баримт байна уу” гэж асуухад энэ талаар мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн. Газрын давхцлын талаар маргаагүй. 52 тоот хаана байгааг Д.Г ойлгохгүй байгаад байна. Засаг даргын захирамж бол иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолыг үндэслэж гаргах ёстой. Иргэн Д.Г-д эзэмшүүлсэн газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөлтөнд ороогүй газар гэдгийг шинжээчид тогтоосон. Орох, гарах гарцыг хаасан нь ганцхан Ж.С-т хохирол учраагүй 13 айлын гарцыг хаагаад байгаа юм. Гарц, гарам чинь гаднаас орж ирэх түргэн тусламж, гал командын машин орох гарцыг хаачаад байгаа. Нэхэмжлэгч Ж.С-ын нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Шинжээч Г.Э, З.Б, Б.У нар дүгнэлтэд: “... 1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах ОАЗД-ын А/696 тоот захирамжаар олгогдсон иргэн Ж.С-ын 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоот, 170 м2 газар нь иргэн Д.Г-ын А/286 тоот захирамжаар олгогдсон 270 м2 газартай кадастрын зургаараа /солбицол/ ямар нэгэн давхцал байхгүй.
2. Харин иргэн Ж.С-ын одоо байгаа баригдсан хашааны хувьд захирамжаар олгогдсон газраасаа баруун тийш сунгаж барьсан байгаа бөгөөд энэхүү сунгалт нь иргэн Д.Г-ын захирамжаар олгогдсон 270 м2 газартай баруун талаараа 1.06 м2 орсон ба нийт 8,7 м2 газар давхацсан.
3.Иргэн Ж.С-ын гаражийн хаалга ертөнцийн зүгээр баруун талдаа гарч баригдсан байх ба ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжаар иргэн Д.Г-д олгогдсон 270 м2 газар нь иргэн Ж.С-ын баруун талд зэрэгцэж олгогдсоноор иргэн Ж.С-ын гараж руу орох орц, гарцыг хаасан.
Тус гаражийн хаалгыг хааж олгогдсон нь иргэн Ж.С-ын гаражаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох эрсдэлтэй.
4.Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан 11 дүгээр хорооллын барилгажилтын төсөлд тусгагдаагүй газарт ОАЗД иргэн Д.Г-д 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжаар амины орон сууцны зориулалтаар 270 м2 газар олгосон байна.
5.Хэмжилтийн үр дүнг зургаар үзүүлж хавсаргав” гэжээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь ОАЗД-д холбогдуулан “2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот ОАЗД-ын захирамжийн 1 дэх заалтад заасан амины орон сууц барих зориулалтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоотын хажууд зэрэгцүүлэн гаражийн хаалга болон бохирын, дулааны шугам холболтыг хааж олгосон 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгох”-[1]-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжийн хавсралтын 13 дахь хэсэгт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, А хэсэгт иргэн Д.Г-д амины орон сууц барих зориулалтаар 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-ыг хүсч буй талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул уг шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэгч Ж.С-ын шүүхэд гаргасан “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжийн хавсралтын 13 дахь хэсэгт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, А хэсэгт иргэн Д.Г-д амины орон сууц барих зориулалтаар 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.С нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан, ОАЗД-ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/696 тоот захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, А хэсэг, 52 тоотод /Амины орон сууц барих зориулалтаар/ 170 м2 газар эзэмшсэн болох нь Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, 000564233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] болон хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ж.С нь “ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоотын хажууд иргэн Д.Г-д амины орон сууц барих зориулалтаар олгосон газар нь өөрийн эзэмшлийн газар дээрх гаражийн орох, гарах гарц, цэвэр болон бохир ус, дулааны шугам холболтыг хааж олгосон нь хууль бус тул Д.Г-д 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
Хариуцагч ОАЗД-ын орлогч С.Б нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөөлөлөх тухай” 97 тоот захирамжаар[3] ОАЗД-ын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан, 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд ОАЗД-аар батламжлагдсан тул тус захиргааны хэрэгт хариуцагчаар татагдан оролцсон нь хууль зөрчихгүй гэж үзсэн болно.
Хариуцагч ОАЗД-аас “...Иргэн Ж.С-ын амины орон сууцны 170 м2 газартай иргэн Д.Г-ын амины орон сууцны газар нь давхцалгүй, инженерийн шугам сүлжээний тенхикийн нөхцөлийг олгохдоо хангагч байгууллагаас гаднах шугам сүлжээний трасс болон ажлын зургийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай зөвшилцөөгүй болно. Иргэн Ж.С-ын амины орон сууцны эскиз зургийг аймгийн Ерөнхий архитектороор батлуулсан”[4] гэж тайлбарласан.
ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/286 тоот захирамж, хавсралтын 13 дахь хэсэгт амины орон сууц барих зориулалтаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, А хэсэгт иргэн Д.Г-д 270 м2 газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн шударгаар эзэмшиж буй газраа /гаражийн орох, гарах гарцыг хаасан/ зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн болох нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Барилгажилтын төсөл батлах тухай” 05 дугаар тогтоол[5], Орхон аймгийн ”Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 87 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн “Орон сууцны 11-р хорооллын амины орон сууцны зориулалттай газрын зураг”[6], шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогддог.
Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Барилгажилтын төсөл батлах тухай” 05 дугаар тогтоолыг харгалзан үзэлгүй, тус тогтоолд зааснаас өөр газарт, өөрөөр хэлбэл 05 тоот тогтоолд тусгагдаагүй /Орон сууцны 11 дүгээр хорооллын амины орон сууцны зориулалттай газар/[7] газарт иргэн Д.Г-д 270 м2 газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/ дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Ж.С нь өөрийн эзэмшлийн газар дээр Амины орон сууц барих эскиз зургийг “Асгат өргөө” ХХК-аар зуруулж, Орхон аймгийн Онцгой байдлын газар /дарга Г.Г/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /мэргэжилтэн Г.Б/-аар тус тус хянуулан зөвшөөрөл авч, аймгийн Ерөнхий архитектор /Б.М/-оор 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлуулан[8] тус зургийн хүрээнд амины орон сууцаа барьсан, уг сууцын 1 давхарт гараж барьсан байх ба орох, гарах гарц /хаалга/ нь ертөнцийн зүгээр баруун хойш гарахаар баригдсаныг буруутгах үндэслэлгүй ба энэ нь шинжээчдийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар тус тус нотлогдсон болно.
Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Ж.С-ын эзэмшлийн газар дээрх гаражийн орох гарах гарц нь баруун хойш байхаар эрх бүхий байгууллагаар баталгаажсан, газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэйг нотлож байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл/ эс үйлдэхүй/-ийн улмаас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин гуравдагч этгээд Д.Г-аас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан[9] байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосоноор түүний уг хүсэлтийг орхигдуулах үндэслэл болохгүй.
Эрх бүхий төрийн захиргааны байгууллага иргэн Д.Г-ын “Газар эзэмших тухай” хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/, 4.1.4 /газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх/, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан шийдвэрлэвэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/286 тоот захирамжийн хавсралтын 13 дахь хэсэгт иргэн Д.Г-д 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАЗД-ын Тамгын газрын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчид нь зардлаа гаргаж ирүүлээгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 1-2 дахь тал.
[2] ХХ-ийн 29-42 дугаар тал.
[3] ХХ-ийн 62 дугаар тал
[4]ХХ-ийн 27 дугаар тал
[5] ХХ-ийн 216-217 дугаар тал
[6] ХХ-ийн 209-212 дугаар тал
[7] ХХ-ийн 210 дугаар тал
[8] Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Асгат өргөө” ХХК-аар зуруулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаар батлуулсан эскиз зураг / 18 хуудас баримт хэрэгт хавсаргасан/